“Сонгуулийн ялалтын стратеги” номын зохиогч, Ардчилсан намын олон нийт хариуцсан Нарийн бичгийн дарга О.Чулуунбилэгийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. Тэрбээр Жорж Вашингтоны их сургуульд улс төрийн менежер мэргэжлээр суралцаж буй бөгөөд бидний ярилцлага энэ сэдвээр өрнөсөн юм.
-Улстөрчид олонд танигдахын тулд дор бүрнээ л байгаа, байгаагаараа ялгарахыг оролдох болж. Энэ дундаас менежмент талаасаа хамгийн амжилттай яваа улстөрчөөр та хэнийг нэрлэх вэ. Нэгэнт ярилцлагын сэдвээ өөрийн тань мэргэжилд тулгуурлаж тодорхойлсон учраас энэ өнцгөөс эхлүүлбэл сонирхолтой болж болох юм?
-Манайд улстөрчийн эцсийн зорилго нь албан тушаал дээр очих гэсэн коммунист маягийн ойлголтоор хэрэгжиж ирсэн. Гэтэл орчин үед улс төр гэдэг ойлголт өөрчлөгдөж байна.Нийгэмд тулгарч буй тодорхой асуудлуудыг шийдэх төслөө бэлдээд олон нийтэд танилцуулж, албан тушаалд хүрээд төслөө ажил хэрэг болгож, үр дүнг нь үзэх буюу илүү мэргэших хэлбэрээр улс төрийн амьдралыг эхлүүлэх хэлбэр рүү явж байна. Тэгэхээр өөрийгөө олонд таниулахдаа “Би ийм юм хийнэ” гэдэг бэлэн төслийг олонд дэлгэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг амжилттай яваа улстөрчөөр нэрлэж болох юм. Бүх зүйл нь төлөвлөгөөнийх нь дагуу явж байгаа учраас амжилтад хүрэх нь хүмүүст мэдрэгдэж, тэр хэрээр олны дэмжлэг авч чадсан. Түүнчлэн өнөөдөр хэн залуу үетэй ойлголцож чадна, тэр л нэр хүндтэй байна. Хууль зүйн сайд гэхэд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дарга З.Энхболдтой бараг нэг үеийнхэн. Гэтэл УИХ-ын даргыг хөгшин гэж хараад байгаа хэрнээ иргэд Х.Тэмүүжинг Ардчилсан намын залуу улстөрч гэж хардаг. Учир нь тэр залуучуудтай ойлголцож чадаад байгаа байхгүй юу. Магадгүй давуу тал нь багш байсантай нь холбоотой байх.
-Тэгвэл Ардын намд хэн нэр хүндтэй байна вэ?
-Өдөр тутам харьцдаггүй болохоор юу хийж, хэлж байгааг нь мэдэхгүй юм. Гэхдээ Ардын намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг би хувьдаа мэргэшсэн улс төр рүү илүү явах чадвартай гэж хардаг.
-УИХ-ын дарга З.Энхболд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёрын харьцуулалтын тухайд тодруулахгүй юу. З.Энхболд даргатай жишиж, нэр цохвол Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тэргүүтэй олон хүн хамрагдаж таараа. Энэ хүмүүс улс төрд 20 жилийн турш явсан учраас үеэсээ илүү настай харагдаад байна уу. Аль эсвэл тэднээс шинэчлэл харагдахаа байчихав уу?
-Олон талтай. Улс төрд 20 жил болчихоор хүмүүсийн хүлээж авах сэтгэхүй бодит насаар нь биш улс төрд амьдарч байгаа амьдралаар нь харж байгаа юм. Х.Тэмүүжин сайд мэдээж сүүлд орж ирсэн. Харин З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэх мэт лидерүүд дөнгөж хорь гаруйхан наснаасаа улс төрд хөл тавьсан болохоор олон сонгогчид аль хэзээний л байсан “хөгшин улстөрч” гэж боддог тал байна. Үүнийг улс төрийн менежментэд “сонгогчдын уйдалт” гэж нэрлэдэг. Харин шинэчлэлийн тухайд улстөрч гэхээр л хүний адаг, бөгс долоогч, намгүйгээр амьдарч чадахгүй хамгийн арчаагүй нь намд элсдэг гэсэн ойлголт нийгмийн дундаж ангийн сэтгэхүйд тогтчихлоо. Үүний шалтгаан нь 50-иас дээш насны улстөрчид хийх ёстой ажлаа хийж, асуудлыг шийдэж, нийгмийн менежментийг хийж чадахгүй байгаатай холбоотой. Тэд шинэ чөлөөт нийгмийн асуудлыг хуучин нийгмийн захиргааны аргаар шийдэх гээд байдаг сул талтай.
-Тэгвэл Ардчилсан нам яг өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад менежментийн шинэчлэл хийх хэрэгтэй юу?
-Улс төрийн нам үргэлж шинэчлэгдэж байх ёстой. Ямар онцлогтой шинэчлэл вэ гэдэг нь тухайн цаг үеийн шаардлагаар тавигддаг. Өнөөдрийн Ардчилсан намын гол шинэчлэл бол миний хувийн бодлоор хүний нөөцийн хүчирхэг армитай болох. Нөгөөтэйгүүр шинэ үе гарч ирэх хэрэгцээ ч бий. Засгийн эрхийг бүх төвшинд барьж үзээгүй учраас боловсон хүчин талаасаа бэлтгэгдсэн хүмүүс ховор. Дараагийн дөрвөн жилдээ бид үүнийгээ хийх ёстой.
-Тэднийг хаанаас олох уу. Гишүүд нэмж элсүүлэх, аль эсвэл олон фракцийнхаа хүчийг ашиглаж ”Хүн олж ир” гэдэг тушаал буулгах уу?
-Боловсон хүчний бодлогоо хүний нөөцийн бодлого руу шилжүүлэх ёстой. Зөвхөн манай Ардчилсан нам ч бус, бүх нам зөвхөн боловсон хүчний бодлоготой. Боловсон хүчний бодлого, хүний нөөцийн бодлого гэдэг хоёр тусдаа өөр ойлголт. Боловсон хүчний бодлогыг дарга томилдог. “Энэ гайгүй залуу байна. Үүнийг тэнд тавья. Энэ хүн арван жилийн дараа улс төрд чанагдсан боловсон хүчин болох боломжтой юм байна” гэсэн стратеги. Жишээ нь Ардын нам залуусаа янз бүрийн албан тушаал дээр тавих замаар тэднийгээ туршлагажуулдаг. Ийм боловсон хүчний бодлого нэг талаараа сайн ч цаашаа хөгжихгүй.
-Яагаад?
-Энэ бол даргын үзэмжээс л хамаардаг стратеги. Хүний нөөцийн бодлого гэхээр чиний давуу тал, авъяасыг зүлгүүрдэж байгаад ажил хийлгэх бодлого юм. Тийм учраас бид энэ талаар байнга ярилцлага, уулзалт хийж байгаа. Эхний ээлжинд массын намаас бодлогын намын хэлбэрт шилжих ёстой юм байна гэдэг ойлголтод нэгдэж чадсан. Харин бодлогын нам руу шилжүүлэхэд ямар ч намын хажууд бодлогын хүрээлэн гэж байх ёстой. Намын одоогийн дүрэмд бодлогын хүрээлэнгийн бүтцийг хүлээн зөвшөөрөх бололцоо байхгүй. Иймд үүнийгээ намынхаа шинэчлэлийн хүрээнд намын дүрмийн өөрчлөлтийн төсөлд суулгах хэрэгтэй. Хэрвээ тэгж батлагдвал мөнгөгүй мөртлөө боловсролтой, тодорхой салбаруудаар мэргэшсэн залуу хүмүүс гараад ирэх боломж бүрдэнэ.
-УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хамаараад агентлагийн дарга, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын албанд залуус гарч чадлаа. Үүний зэрэгцээ УИХ-ын гишүүн байсан, дэд сайд байсан хүмүүс ч дээрх албадад томилогдсон. Энэ нь шинэ үеийнхний сонирхол, сэтгэл ханамжид саад болсон тал байна уу?
-Тэгж харах хүмүүс байгаа байх. Гэхдээ туршлагыг худалдаж авдаггүй учраас тэр хүмүүсийн туршлага зайлшгүй хэрэгтэй болох байх. Үе солигдоно гэдэг цаг хугацааны л асуудал. Тэртээ тэргүй “X generation” буюу 20-48 насныхан хүч түрээд гараад ирэх цаг ойрхон байгаа. Үүнийг механикаар гаргаж ирэх хэрэггүй юм шиг санагддаг. Харин үе нь ирэхэд бэлтгэгдсэн хүний нөөц хэр байна вэ гэдэг нь л бидний өнөөдрийн хийх ажил.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Ардчилсан намын тэргүүлж байгаа засгийн үйл ажиллагааг харахад “Хаана, бооно” гэх нь их болж. Энэ нь танай намын нэр хүндэд нөлөөлж байгааг үгүйсгэх хэрэггүй болов уу. Ийм эгзэгтэй үед шүү дээ?
-Намын нэр хүнд унаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Нэр хүнд унахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт маш их хүлээлт байсан. Ийм өндөр хүлээлтийн дараа унадаг нь жам. Яагаад гэхээр өндөр хүлээлтээс бодит ажил нь их өөр. Цаг хугацаа, мөнгө төгрөг гээд олон зүйлд шахагдана. Тэгэхээр энэ удаагийн уналтыг жам ёсны уналт гэж ойлгож болно. Хоёрдугаарт “Хаана, бооно” гэж ярьсан нь одоо мөрдөгдөж буй хууль, дүрмийн хүрээнд яригдаж байгаа зүйл. Сайт, телевизүүдийг хаана гэж яриагүй. Зөвхөн стандартын тухай асуудал юм. Замбараагүй байсан нийгэмд стандартыг мөрдүүлэх гээд ирэхээр эсэргүүцэлтэй тулгарах нь зөв. Энэ бас жам ёсны зүйл. Тэгэхдээ нэг дутагдал байгаа. Энэ нь ч бидний буруу. Аливаа нэг шийдвэр гаргахынхаа өмнө танин мэдүүлэхгүйгээр гэнэт нэг өдөр огцом шийдэх арга хэлбэрт хүмүүс дургүйцдэг.
-Энэ өөрийн тань үүрэг биш үү. Холбогчийн үүрэг гэсэн үг л дээ?
-Тийм. Намын Хэрэг эрхлэх газар болон засаг, нийслэлийн удирдлагын хооронд мэдээллийн уялдаа холбоо сул байгаа. Жишээ нь буруу талдаа рультэй машиныг хориглох тухай мэдээллийг би хувьдаа сайтаас л анх олж уншсан.
-Хэдийгээр улстөрчдийн дунд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгчөө дэмжинэ” гэж зарласан ч гэлээ “Засаглал хооронд зөрчил гарчихлаа” гэх яриа газар авах болж. Магадгүй өөрийн тань “Уялдаа холбоогүй” гэдэг үг ч үүнийг гэрчилж болох юм?
-Ажил ярьж байгаа учраас маргаж мэтгэлцэх, загнах зандрах явдал байх ёстой. Зарим хүнд улстөржиж байгаа юм шиг харагдаж байгаа ч эцсийн үр дүн нь иргэдэд хэрэгтэй. Өмнө нь хөшигний цаана тохирчихоод нэг дуугаар, нэг хоолойгоор ганцхан шийдвэр л танилцуулсан “сурталчилгаа” хийдэг байсан. Нөгөөтэйгүүр аливаа асуудлыг нийтээрээ хэлэлцэж шийдвэрлэдэг соёл манайд суугаагүй байна. Жишээ нь буруу талдаа рультэй машинийг яах вэ гэсэн санал асуулга явуулахад олон хүн шууд тийм шийдвэр гарсан байна гэж ойлгоод жадлан эсэргүүцсэн шүү дээ. Хотын удирлага болохоороо иргэдийн өгсөн санал асуулгын дүнд итгэхгүй дахин асуух гэж оролдоод Ерөнхийлөгчид зэмлүүллээ.
-Дараагийн асуултыг тавихаас өмнө Ардчилсан намд өнөөдрийн нөхцөлд намынх нь нэр хүнд чухал уу. Аль эсвэл Ерөнхийлөгчийн карьер илүү юу гэдгийг тодруулах хэ-рэг байна?
-Аль, аль нь чухал.
-Тэгвэл Ерөнхийлөгч Засгийн газрын нээлттэй хуралд орж, сайдуудыг загнаснаараа гүйцэтгэх засаглалаа нэлээд эвгүй байдалд оруулчих шиг болсон. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтуулан хувь хүний карьерийг өсгөх хүлцэнгүй тохиролцоо гэх маягаар ойлгогдсон тал байгаа?
-Би үүнийг харин ч Засгийн газарт хэрэгтэй гэж харж байгаа.
-Иргэд “Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг загначихсан. Өнгөрсөн Засгийн газарт бүх алдаагаа наачихаад өөрсдөө зүгээр суугаад байгаа нь үнэн. Ерөнхийлөгч маш зөв хэллээ” гэсэн яриа одоо ч дуусахгүй үргэлжилж байхад уу?
-Засгийн газар иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Үүнд нь Ерөнхийлөгч харин ч хэрэг болсон. Засгийн газар хэзээ ингэж Ерөнхийлөгчтэйгээ нээлттэй хуралдаж, иргэдэд өөрсдийгөө шүүмжлэх эрх олгодог байлаа. Энэ утгаар нь хараад үзээрэй.
-Ярилцлагын эхэнд улстөрчийн хүлээн зөвшөөрөгдөх чадварын талаар дурьдсан. Тэгвэл өнөөгийн нөхцөлд Ардчилсан намд жинхэнэ утгаараа тэр хүн нь байна уу. Ер нь танай намын гол лидер нь өөрийн тань харж байгаагаар хэн бэ?
-Ардчилсан нам нэг лидерийн нам биш. Аливаа зүйл хувь хүн буюу лидерт тулахаараа сүйрдэг. Н.Энхбаярыг харж байгаа биз дээ.
-МАХН харин ч сэргээд байгаа юм биш үү. Ер нь МАХН-ын энэ сэргэлт зүй ёсны сэргэлт мөн үү?
-Мөн. Гэхдээ Монголын түүхэнд 4-5 жилийн мөчлөгтэй шинэ намууд гарч ирдэг. Үүний өмнө “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон буюу МАШСН гэж байсан. Нэг хэсэг мандаад л хэдхэн жилийн дараа эрч хүч нь суларчихсан. Ямар нам урт наслах вэ гэхээр үнэт зүйл ярьж, бодлого барьж байгаа нам л явдаг. Түүнээс биш хэн нэгэн лидер хүнийг түшиглэсэн нам цаашаа явахгүй. Харин салбар, салбартаа лидер төрүүлж чаддаг нам л цааш явна.
-Өөрийн тань хүндэлдэг улстөрчийг сонирхвол Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гэх мэтээр нэрлэнэ байх. Харин сонирхоод асуухад тэр хүмүүс дунд тань Н.Энхбаяр гэдэг нэр багтах уу?
-Авах гээхийн ухаанаар хандана. Менежмент талаас нь харахаар Монголын улс төрд маш том хоёр менежер байдаг. Нэг нь Н.Энхбаяр, нөгөө нь М.Энхсайхан. Та нар анзаардаг бол энэ хоёр хүн жижигхэн зүйлийг маш том асуудал болгон гаргаж ирж чаддаг. Байгалиас заяасан менежментийн авъяас энэ хоёр хүнд байдаг. Харин хувь хүнийх нь итгэл үнэмшил, гаргаж байгаа ёс суртахуун нь ерөөсөө таалагддаггүй. Нэг нь авлигын сүлжээг торлож, нөгөөх нь гадаадын нэг орны төлөөлөгч шиг л байдаг.
-Улс төрд “Мөнгөтэй болон улстөрчдийн хүүхдүүд орж ирлээ” гэсэн шүүмжлэл гарах болж. Энэ тийм буруу үзэгдэл үү?
-Байж болшгүй зүйл биш. Дэлхийн улс төрийн намууд ингэж л явдаг. Гэхдээ манайд байгаа сөрөг тал нь ижилхэн гараанаас эхэлдэггүйд байгаа юм. Дээрээс нь тэд их давуу талуудтай. Тэднийг судлаад үзэхээр 1980-аад оны эхэн болон дунд үеийнхэн байгаа юм. Тэдэнд АНУ-д болон баруунд төгссөн боловсрол, эцэг эхийн өв хөрөнгө байна. Дээрээс нь мөнгө төгрөгтэй, царайлаг байна. Эхнэрүүд нь ч мөн адил гэсэн биз дээ (инээв).
-Эхнэрүүд нь мөн адил гэхээр. Ямар гэсэн үг вэ?
-Хар л даа. Бүгд л мисс эхнэртэй байгаа биз дээ. Найз нөхдийн асар хүчтэй сүлжээг бий болгож байна. Дээрээс нь хоорондоо гэр бүл болцгоох болсон. Энэ нь нийгмийн элит давхаргыг бий болгох нэг арга зам. Нийгмийн хуулиар л явж байгаа хэрэг. Иймд доод, дунд давхаргаас гарч ирж байгаа залуус улс төрд тэднийг ирээдүйн өрсөлдөгч гэж харах хэрэгтэй.
-Таны бичсэн “С.Баяр эргэж ирэх хэрэгтэй” гэсэн нийтлэлийг уншиж байсан. С.Баяр эргэн ирж байж энэ намын карьерийг өсгөхөөс өөрөөр өсөхгүй гэх маягийн утгатай санагдаж байна. Энэ гаргалгаа хэвээрээ юу?
-Би С.Баяр гээгүй. С.Баяр шиг гэсэн. Тэр хүнд авах маш том чанар бий. Тэр нь стратегич чанар. Үүнийг менежмент талаас нь харахад тэр бүр олон байдаггүй. Ардын нам энэ хэвээрээ шинэ стратегиа тодорхойлж чадахгүй бол дахиж гарч ирэхэд хэцүү болно. Өнгөрсөн хугацаанд тус нам хуучин коммунист арга барил, нөлөөллөө авч хаяж чадаагүй. Энэ хүртэл засгийн эрхэнд байхдаа хүчээр чирж ирсэн. Одоо засгаас буусан тохиолдолд хэцүү. Тэгэхээр үүнээс гарахын тулд стратегич хүн хэрэгтэй гэсэн үг. Тэр нь С.Баяр биш. Шинээр төрөх ёстой.
-Одоо шинээр төрнө гэж байх уу. Бүгд л хууччуул. Эс бол тэдний замналаар замнагчид байгаа шүү дээ?
-Би Ардын намыг хэзээ ч үгүйсгэдэггүй. Маш том нам. Гайтай зүйл ч их хийсэн. Гавьяатай зүйл ч их хийсэн. Ардын нам муу байх нь Монголын ардчилал, тусгаар тогтнолд муу. Дээрээс нь бидний өрсөлдөгч муу байвал бидэнд бас муу. Ерөнхийдөө өрсөлдөөн байж гэмээнэ сайжирч цааш явна.
-Ярилцлагын эхэнд та “Улс төрд орж ирэхдээ бэлэн төсөл бариад ирэх хэрэгтэй” гэсэн. Та тэгвэл ямар төсөл барьж улс төрд орж байна вэ. Судлаачийнхаа хувиар өөрийнхөө ирээдүйг тодорхойлж суугаа нь гарцаагүй?
-Надад сонгуулийн дараа олон санал ирсэн. Хүн болгон засаг руу явж байхад би нам руу явсан шалтгаан нь тодорхой төсөлтэй холбоотой. Үүнийгээ ч хийе гэж зорьж байна. Намуудын шинэчлэл эрчимтэй яригдаж байгаа энэ үед нэг их нөлөөлж чаддаггүй юм гэхэд “Дуугүй байхгүй байя” гэсэн зарчим баримталж байгаа.
-Би өөрийн тань талаар “Засгийн газарт ажиллах нь олонд танигдахгүй. Ирээдүйгээ бодвол намд ажиллаж олонд танигдсан нь дээр” гэсэн тухай яриа сонссон юм байна?
-Олонд гэдэг нь иргэдэд биш тухайн салбартаа л гэсэн үг. Миний ажиллаж байгаа салбар нь улс төрийн нам. Би энд ажилласнаар хүмүүстэй танилцаж ойлголцоод баг болоод явна гэсэн үг. Нам дотроо “Энд чинь нэг ийм залуу яваад байна шүү” гэж ярихаас биш ард түмэнд танигдаад дарга болно гэсэн үг биш. Угаасаа тийм шаардлага ч байхгүй.
-Өөрийг тань УИХ-ын дарга З.Энхболдын хүн гэх яриа байдаг?
-Би тэр хүнээс маш их зүйлийг сурсан.
-Яг юуг нь хийж байсан бэ. Туслах уу, зөвлөх үү?
-Бүгдийг нь хийсэн. Би бүр орон тооны бусаас нь эхлээд л.
-Цалингүй гэсэн үг үү?
-Тийм ээ.
-З.Энхболд гэдэг хүнд цалингүй зүтгэхийн ашиг нь юу байв?
-Хамтарч судалгаа хийдэг байсан. Гэхдээ судалгаа гэхээсээ илүүтэйгээр хажууд нь байж юм сурах нь чухал. Шөнийн 04:00 цагийн үед утасдаад “Одоо ийм юм хиймээр байна” гэнэ. Босоод л хийнэ. Тухайн үедээ өөрт хэцүү санагддаг байсан. Харин өнөөдөр бол би хүмүүсээ тэгж ачаалалтай ажиллахыг шаарддаг, “ааштай” болсон байна. Өнөөдөр намын нарийн бичгийн даргын хувиар намын дарга Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ажиллаж байна. Энэ хүнээс би хүнтэй яаж ойлголцох, асуудлыг эв зүйгээр шийдэх, нэгэнт гаргасан шийдвэрээ бусдаар яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гээд надад дутагдаж байсан олон зүйлийг мөн л суралцаад явж байгаа.
-Үндсэндээ З.Энхболд гэдэг хүний сул талыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас нөхөж сураад байгаа юм аа даа?
-Ямар ч хүнд авах ч юм бий. Хаях ч юм бий. Би аль алинаас нь сурах ёстой юм аа сураад явж байгаа. Муу юмыг бол аваад яах вэ дээ. Хувь хүнийхээ хувьд надад хангалттай олон сул тал бий.
Г.Отгонжаргал
No comments:
Post a Comment