Ким III хэмээх гуч хүрээгүй жаахан залуу дэлхийн сүүлчийн сталинч, гэр бүлийн удирдлагатай “ардчилсан” социалист улсыг толгойлох болсон нь бүс нутгийн оны “онцлох” үйл явдал боллоо. Зүүн хойд Ази нь дэлхийн хүйтэн дайны харилцаа бүхий сүүлчийн бүс нутаг төдийгүй гол хөндүүр газар нь Хойд Солонгос учраас онцлохоос өөр аргагүй юм. Энэ бүс нутагт Монгол улс ч бас хамаарах тул болж буй үйл явдал бидний хувь заяанд ч эерэг сөрөг ямар нэг байдлаар нөлөөлөх нь мэдээж. Тиймээс Зүүн хойд Азийн геополитикийн тоглолтод Монгол шиг жижиг улс том үүрэгтэй оролцохгүй боловч өрнөлийг нь зөв ойлгож, өөрийн хэмжээнд идэвхи гаргаж гэмээнэ үндэсний эрх ашгаа хамгаалж чадах юм.
ХХ зуун Зүүн Хойд Азийн бүс нутагт үлдээсэн өвөөс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Өнөө болтол маргаантай байгаа нутгуудыг дайруулан шугам татаад үзвэл их л сонин дүр зураг гарч ирнэ. Хоккайдо болон Курилын арлууд, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлууд эцэст нь Тайванийн арлыг дайруулан хагас дугуй хэлбэрийг зурж болно. Энэ санааг анх сэдэгчийн нэг буюу идэвхтэй дэмжигч нь Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтан О.Машбат байв. Тэр үүнийг үл хувирах газар зүйн хүчин зүйл учраас энд их гүрнүүдийн зөрчил үргэлж байна гэжээ. Энэ хагас дугуйд сүүлчийн зуун жил их гүрнүүд нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэж ирсэн бөгөөд энэ тэмцэл өнөө ч ач холбогдлоо алдаагүйгээр барахгүй идэвхжих шинжтэй болж ирлээ. Хагас дугуйд хэн ноёрхоно, тэр Rimlаndэд ноёрхох илүү боломжтой. Энэ нь Rimlаnd-ийг байнга хянаж байх төдийгүй түүнийг тойруулан бүслэх БҮСЛҮҮР юм.
Солонгосын хойгийн геостраги
Солонгосын хойг нь геостратегийн хувьд далайгаас Евро-Азийн эх газар уруу нэвтрэх гудам хэлбэрийн байрлалтай учир өрнөдийн геополитикчид Rimland буюу эх газрын эрэг хэмээн онцгой ач холбогдол өгдөг. АНУ-ын геполитикч Н.Спикмен “Хэн Rimlаndэд давамгайлж чадна, тэр дэлхийн хувь заяаг атгана” хэмээсэн онол дэвшүүлсэн. Харин япончууд “Хятадыг эзлэн авахаас юуны өмнө Манжуур-Монголыг эзлэн авах хэрэгтэй, дэлхийг эзлэн авах гэвээс юуны өмнө Хятадыг эзлэн авах хэрэгтэй гэсэн төдийгүй “Манжуур Монголын талаарх идэвхтэй бодлого”, “Эх газрын бодлого ба Манжуур Монголын төмөр зам” гэсэн дэд гарчгууд бүхий меморандумыг гаргаж байлаа. Харин Манжуурыг эзлэхийн тулд Солонгосын хойгоор нэвтрэх хэрэгтэй билээ. Эдгээр үзэл баримтлалын дагуу Дэлхийн II дайны Японы түрэмгийлэл, дайны дараах АНУ-ын Зүүн Хойд Азид цөмийн зэвсэг бүхий цэргийн баазаа байрлуулсан, Япон, Өмнөд Солонгосын хурдтай хөгжил тодорхойлогдоно. Цаашдаа ч барууныхны Евро-Азид хяналтаа тогтоох, эдийн засаг, эрчим хүч, байгалийн баялгийн асар их нөөц уруу нэвтрэх сонирхол хэзээ ч өөрчлөгдөхгүй.
Дэлхийн II дайны төгсгөлөөр Ялтын гэрээгээр ялагч гүрнүүд ашиг сонирхлын бүсээ тохироход хамгийн том олзыг Иосиф Сталин авч чаджээ. Тэрээр Дорнод Европод нөлөөгөө тогтоохоос гадна гол сонирхол нь Ази тив байлаа. Учир нь, жолоодогчийн төлөвлөж байсан дэлхийн хувьсгалын төв ЗХУ-аас Хятадаар дамжин Солонгос, Япон, Латин Америк хүрэх тухай түүний хувьсгалт романтизм нь үнэн хэрэг дээрээ дараагийн дэлхийн III дайны тухай, мөн өөрийн гол өрсөлдөгч АНУ-ыг унагах алсын стратеги бүхий агуу төлөвлөгөө байв.
Тийм ч учраас Гадаад Монголын статус-квогийн талаар дэлхийн их гүрнүүдийн төлөөлөгчидтэй уулзахдаа "стратегийн үүднээс авч үзэхэд аль нэг цэрэгжсэн их гүрэн Гадаад Монголоос ЗХУ-ыг довтолж Сибирийн төмөр замыг таслах юм бол ЗХУ өнгөрөх нь тэр " гэж хэлээд Япон, Хятад аль аль нь Монголыг эзлэх хүчгүй учир эл санаагаа АНУ-тай холбон тайлбарласан байна. Дэлхийн хувьсгалыг ялуулахын тулд Японы Квантуны армийг бут цохих нэрийн доор АНУ-аас өрсөн Хятадаар дамжин Азид аль болох гүн нэвтэрч тэнд аль болох олон буфер социалист БНУ-уудыг байгуулах хэрэгтэй гэж үзэж байв.
Чухам энэ сонирхлын хүрээнд Сталин Нармай Монголоос БНМАУ, Солонгосын хойгоос БНАСАУ гэсэн хоёр буферийг бий болгосон бөгөөд эдгээрийн үүрэг нь Евро-Азиас Өрнөдийн эсрэг тулсан тэнхлэгийн хүрээнд Япон, Тайванийн хоолой, Солонгосын хойгтой эсрэгцсэн түшиц газрын үүргийг давхар үүрэх болжээ.
1950-1953 оны Солонгосын дайны үед БНМАУ нь НҮБ-д гишүүнээр элсэхээр идэвхтэй хөөцөлдөж байлаа. Хачирхалтай нь НҮБ-д элсэх гурав дахь өргөдөл гаргахдаа Солонгосын дайнд оролцож буй НҮБ-ын цэргийг гарахыг шаардаж, Хойд Солонгосоос өмнөд уруу хийсэн цэргийн интервенцийг Солонгосын ард түмний баатарлаг тэмцэл хэмээн нэрлэж байжээ. Тэр ч бүү хэл монголчууд Хойд Солонгост төрийн өндөр албаны хүнээ айлчлуулж, 18.476.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний зүйлс, хувцас хунар, 43.900 агт морь, 173.000 бог мал бэлэг болгон өгсөн төдийгүй солонгос хүүхдүүдийг нутагтаа авчирч өсгөж байсан юм. 1953 онд Солонгосын цэргийн 288 хүнийг Монголын одон медалиар шагнасны дотор Сүхбаатарын одонгоор 16 хүнийг шагнажээ. Мөн зарим эх сурвалжийн мэдээнд итгэх юм бол ЗХУ‑аас Умард Солонгост нийлүүлсэнг танк, нисэг онгоц, их буунуудыг Монгол мэргэжилтэн ажиллуулж байсан тухай ч бичсэн байх юм.
Ийнхүү өнөөгийн Солонгосын хойгийн хуваагдал хийгээд, хурцадмал харилцаа нь хүйтэн дайны өв төдийгүй АНУ, Хятад, Япон, Орос гэх их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс үүссэн “статускво” юм. Тиймээс Умард Солонгосыг сая гаруй цэрэгтэй, цөмийн хошуутай болохоор АНУ, Өмнөд Солонгос довтлохгүй байгаа юм биш. Харин Хятад, Оросын эрх ашиг хөндөгдөж том дайн гарч болох учраас л энэ ядуу, жижиг, солиотой дэгдэм одоог хүртэл оршин тогтнож байна. Товчхондоо, монголчууд шиг их гүрнүүдийн хүчний тэнцвэр дээр л аюулгүй байдал, статусаа хангаж байдаг ажээ.
Ким III-ын шинэ династи бүс нутагт юуг өөрчлөх вэ
Сөрөг төсөөлөл
Бодитоор харвал юуг ч өөрчлөхгүй. Учир нь, Солонгосын коммунизм бол гэр бүлийн хамтын удирдлагатай коммунизм бөгөөд дарангуйлагч үхлээ гэхэд гэр бүлийн бусад гишүүн засаглалд хангалттай хүчтэй байсаар байдаг. Мөн Кимүүд үеэс үед дамжин өөрийн засаглалыг хүүдээ аажмаар системтэйгээр шилжүүлдэг уламжлалтай. Өнөөдөр олон судлаач, улстөрчдийн найдаж байгаа шиг залуу, баруунд боловсрол эзэмшсэн гэх Ким III гэнэт улс орноо өөрчлөхөөр шийдлээ гэхэд бусад нь түүнийг дор нь өөрчилж дараагийн гэр бүлийн гишүүнийг сонгох чадвартай бүтэц юм. Ким Чин Ирийг амьд байхад түүний ууган хүү Ким Чен Нам бэлтгэгдэж байсан боловч барууны чөлөөт амьдрал, соёлыг шүтсэн хэргээр 2001 хөөгдөж Макаод амьдрах болсон түүхтэй. Тэр ч бүү хэл түүнийг хөнөөх төлөвлөгөөг эцэг нь боловсруулсан байсан боловч гадаадад нэр хүнд нь унахаас сэрэмжлэн больсон гэдэг.
Олонх мэргэжилтэн, дипломатчдын хүлээн зөвшөөрч байгаагаар өнөөдөр залуу удирдагч Ким Чен Ун өөрийн засаглалаа бэхжүүлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй тул бүс нутгийн хэмжээний дайн дэгдээхгүй. Хойд Солонгосын 27 сая иргэнийг 600.000 орчим цэрэг улс төр, бизнесийн элитүүд удирддаг тул Ким III эхний ажил нь тэдэнтэй ойлголцох явдал юм. Энэ улс төр, цэрэг, эдийн засгийн олигархи бүтэц нь төрийн хахууль дээр өөрийн суурийг олж авдаг бөгөөд иргэдийгээ бодвол гар утас, интернэт, чөлөөт радиогоор хангагдсан байна.
Ким III энэ ажлаа аль хэдийнэ эхэлсэн бөгөөд хуурай замын цэрэг, армийн гол хүчинд өөртөө үнэнч офицерүүдийг томилж эхэлсэн байна. Харин усан флот, агаарын хүчний хувьд сэлгээ их хийгээгүй нь боловсон хүчний хомсдол, эх газрын армийг бодвол харьцангуй хүч султайг тооцсон гэж “Дипломат” сэтгүүлд бичжээ.
Харин иргэдийн хувьд ямар нэгэн бослого хөдөлгөөн өрнүүлэх бараг боломжгүй гэнэ. Учир нь зохион байгуулалттай хүчин байхгүйн дээр хүний эрх, эрх чөлөө, ардчиллын тухай системтэй ойлголт байхгүй тул ямар нэгэн “хувьсгал”-ын тухай яриа одоохондоо бодит байдал биш хүсэл мөрөөдөл төдий юм.
Гадаад орчин нөхцөлийн хувьд Умард Солонгосын гол түшиц болсон Хятад улсын уламжлалт бодлого үргэлжилж тэднийг АНУ болон холбоотнуудынх нь эсрэг бамбай бүс болгох сонирхолтой хэвээрээ байгаа болохоор Ким III-ыг ч эцэг шиг нь дэмжих бололтой.
Өөдрөг төсөөлөл
Зүүн Хойд Азийн хэлэлцээрт оролцогч улсуудын нийтлэг сонирхол Солонгосын хойгт дайн, үймээн самууныг хүсэхгүй байгаа нь Умард Солонгосын талаарх өөдрөг төсөөлөл бий болоход хүргэж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн дайн, Умардын дотор засгийн эрхийн төлөө тэмцэл, хувсгал гарлаа гэхэд Япон, АНУ цөмийн аюулаас, Өмнөд Солонгос дүрвэгчид, эмх замбараагүй байдлаас, Хятад улс хилийн дагуух солонгос гаралтай иргэдийн үймээн, дүрвэгсдээс илүү болгоомжилж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг дагаж үүсэх дэлхийн эдийн засгийн хямралыг хүсэхгүй байна.
Өнөөдөр Умард Солонгосийн иргэд дарамт шахалттай ч гэсэн жам ёсоор капиталист харилцаанд шилжиж байна. Ялангуяа Хятадтай залгаа дүүргүүдээр хар захууд олноороо ажиллаж эхэлсэн бөгөөд манай 1990-ээд оных шиг ганзагын наймаачид нууцаар бараа зөөдөг ажээ. Ингэж хөлжсөн наймаачид төрийн албан тушаалтнуудыг хахуульдах замаар алт, мөнгөний уурхайн эзэд болон хувирч байна.
Хойд Солонгосын дүрвэгчийн гэрчилж буйгаар “Бөөний худалдаа эрхэлж, зах дээр наймаа хийхээс гадна гэр бүлээрээ гутал, унадаг дугуйны хаймер үйлдвэрлэж байна. Бас хувийн үсчний газар, эмийн сан, иллэг хийдэг газрууд бий. Албан ёсны бус ч хувийн шатахуун түгээгүүрүүд бас байдаг. Хүмүүс Хятадаас нууцаар шатахуун оруулж ирээд гэрт байрлуулсан торхноосоо бусаддаа зардаг учраас албан ёсны бус гээд байгаа юм. Мөн хувиараа барилга барьдаг, ачаа тээвэрлэдэг хүмүүс бий” ажээ.
Эдгээр өөрчлөлт нь яваандаа Хойд Солонгосыг Хятад маягийн улс төр, эдийн засгийн хоёр системтэй улс болгон өөрчлөх боломжтойг харуулж буй бөгөөд барууны боловсролтой гэгдэх Ким III-ын хувьд хийж чадах түүхэн гавъяа нь энэ ч байж болох. Эхний ээлжинд Хятадтай хиллэдэг дүүргүүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хамтарсан уул уурхайн, үйлдвэрлэлүүд хөгжүүлэх гэсэн төлөвлөгөөнөөс эхэлж болох юм.
Монголчуудын хувьд Умард Солонгостой харьцангуй боломжийн харилцаагаа ашиглаад боомтуудад хөрөнгө оруулалт хийн газар худалдаж авбал бусад улстай Умард Солонгосын бүтээгдэхүүнийг худалдаалах, яваандаа өөрийн болон Сибирийн их баялгийг далайгаар зөөх шинэ хонгилыг үүсгэж болох юм. Хэдийгээр бүтэх хүртлээ түмэн бэрхшээл тохиолдох боловч бүтээж чадвал бидэнд гадаад далайтай холбогдох хамгийн чухал геоэдийн засгийн гарц байх болно. Харин гэр бүлийн засаглалын хувьд цааш тогтвортой үргэлжилж ахиад хэдэн жилийг үдэж Зүүн Хойд Азийн бүс нутгийн хэлэлцээрт эргэн нэгдэх, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах зэрэг бусад оронтой тоглох гол хөзөр нь байсаар байх болов уу.
No comments:
Post a Comment