Popular Posts

Tuesday, April 3, 2012

Митт Ромнигийн сонгуулийн сурталчилгааны “ухаалаг” тактик


2012 он нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн хувьд ч сонгуулийн жил юм. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгогчид уруу довтлох  улс төрчдийн үй олон сурталчилгаа, залхмаар хэрүүл мэтгэлцээний их довтолгоонд энэ жил Монгол, Орос, Франц, Египет, Америк, Венесуэл, Мексик, Хятад, Кени зэрэг арваад орны  сонгогчид орж байна.
Даяаршлын үр шимээр улс төрөөс хамааралгүй амьдарч чадах чадвартай иргэд нийгмийн олонхийг бүрдүүлэх болсон энэ цагт сонгогчдод таалагдах сонгуулийн шинэ стратегийг олж хэрэгжүүлэх гэж улс төрчид, тэдний сонгуулийн штабынхан толгойгоо шааж суугаа талаар судлаачид бичих боллоо. Тэгвэл сонгуулийн менежментийн талаар тэргүүлэх технологитой гэгдэг Америкийн улс төрчид ямархуу сонгуулийн стратеги боловсруулсан талаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнигийн кампанит ажлаар жишээ аван товч сонирхуулж байна.
Америкчууд 45 дахь ерөнхийлөгчөөрөө хэнийг сонгох хүсэлтэй байгаа талаар алдарт Галлапийн судалгааны агентлагаас санал асуулга явуулжээ. Тэдний судалгаагаар америкчуудын 46 хувь нь л ерөнхийлөгч Обамаг дэмжинэ гэсэн бол өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Митт Ромниг 50 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Галлапийн судалгаа бол мэргэжлийн хувьд хамгийн нэр хүндтэй судалгаа бөгөөд 1948 онд Харри Трумен дээр алдсаныг эс тооцвол 1936 оноос хойш өнөөг хүртэл Америкийн бүх ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг урьдчилан зөв тооцож ирснээрээ алдартай юм.
Ингэж Митт Ромни амжилттай ажиллаж чадаж байгаагийн үндсэн шалтгаан нь түүний сонгуулийн менежерүүд бүх сонгогчдод таалагдах сурталчилгаа хийх биш Америкийн нийгмийн гол давхраануудад тус бүрт нь чиглэсэн стратегийг сайн хэрэгжүүлж, сонгогчдын хүлээлтийг буй болгож чадсанд ажээ. Менежерүүд нь түүний сонгуулийн стратегийг боловсруулахдаа хоёр нийгмийн давхарга уруу чиглэнэ гэж тооцсон байна.
Эмэгтэй Бүгд найрамдахчуудын “хайрыг татах”  стратеги
Өнөөдөр Ромни Обаматай өрсөлдөхийн тулд эхлээд намынхаа сунгаандаа Бүгд найрамдах намынхантайгаа хүч үзэж байна. Бүгд найрамдахчуудын олонхын санал авахын тулд гэртээ байдаг төдийгүй гэр бүлийн үнэт зүйлс болох ариун хайр, олон хүүхэд, шашинлаг байдал, жинхэнэ эр хүн зэргийг түлхүү шалгуураа болгодог гэртээ суудаг эмэгтэйчүүдийн саналыг авахаар төлөвлөж ажилласан гэнэ. Ийм эмэгтэй сонгогчдын 70 хувь нь Митт Ромниг гоё үстэй, гэр бүлдээ үнэнч, халамжтай гэсэн зан чанартай учраас сонгож байгаагаа илэрхийлжээ. Холливудын кинонууд дээр л секс имижтэй гардаг болохоос Америкийн эмэгтэй сонгогчид гэр бүлийн уламжлалт зан харилцаа, шашны итгэл үнэмшил, үнэнч байдлыг хамгийн өндөр хувьтай улс төрийн шалгуур болгож хардаг юм. 
Эдийн засгийн чиг баримжаатай сонгогчдод таалагдах стратеги
Социологичдын бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрснөөр Америкийн сонгогчид бол эдийн засгийн чиг баримжаатай сонгогчид юм. Олонх америк сонгогчдын улс төрийг харах эхний өнцөг нь өөрийнх нь эдийн засгийн амьдралд сайнаар болон муугаар нөлөөлж байгаа эсэх дээр л сонголтоо хийдэг. Жорж Вашингтоны их сургуулийн профессор Давид Канторын хийсэн статистик судалгаагаар Америкийн нийт хар арьст сонгогчдын 95 хувь, испани гаралтай сонгогчдын 67 хувь нь Обамагийн төлөө саналаа “дугуйлжээ”. Одоо болж буй их хямралаар ажилгүй болж байгаа америкчуудын олонх нь цагаанууд биш харууд, испаниуд байгаа болохоор тэдэнтэй тулж ажиллах ёстойгоо хашир Ромни сайн мэднэ.
Ромнигийн Обамагийн эсрэг хийсэн дайралтуудын 80 хувь нь ажилгүйдэл нэмэгдсэн, элдэв төрлийн халамж, тэтгэлэг нь эдийн засгийг сулруулахын хэрээр тэд сая саяараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна гэж хүчтэй шүүмжилж байна.  Ингэснээр богино хугацаанд нийгмийн дундаж давхаргаас доош ажилчин анги буюу blue collar гэх хөх захтнуудын дэмжлэгийг ихээр аваад байна.
Улс төр үл сонирхогчдыг өөртөө татах стратеги
Коммунизмын дараах дэлхийн эдийн засгийн хямрал нь ардчилсан орнуудын улс төрчдөд шинэ шалгуурыг авчирч байгаа нь энэхүү хямралыг шийдэх менежментийн шийдэл нь юу вэ гэдгийг олон нийтэд санал болгох ёстой гэсэн сонгогчдын тулгалт юм. Харамсалтай нь одоогоор аль ч орны улс төрчид ийм мэргэн шийдлийг гаргаж чадаагүй байгааг нотлох  Обамагийн нэр хүндийн уналт төдийгүй Европын холбооны мухардал, Итали, Орос, Грекийн хямрал гээд хангалттай баримтууд бий. Монголын улс төрчдийн хувьд энэ шийдлээ сонгогч бүрт бэлэн мөнгө өгөх муйхар аргаар худалдан авах технологи хэрэглэж байгаа билээ.
Чухам сонгогчдын ийм шалгуур дээр Ромни өөрийгөө асуудлыг шийддэг улс төрч хэмээн сурталчилж байгаа бөгөөд түүнийхээ баримт хэмээн 2002 оны Солт лейкийн өвлийн олимпийг маш амжилттай зохион байгуулж чадсанаа Америкийн сонгогчдод эргэн дурсахыг санал болгосоор байна. Түүний энэ сурталчилгаа улс төрчдийн унхиагүй байдлаас болж улс төрд итгэл алдарсан, сонгуулийн идэвхгүй болсон хэсгийн итгэлийг эргэн олж, сонгуулийн кампанит ажлаа ялалтанд хүргэх стратеги юм. Мэдээж энэ хэсгийнхэн Обамад дургүй болсон бөгөөд нийт сонгогчдын 72 хувь нь Обама change хийж чадахгүй хэмээн Галлапийн судалгаанд хариулсан гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт улс төр сонирхогчдод зориулан нэгэн реклам хийхээр штабын ажилтнууд хэсэг сонгогчдод үзүүлжээ. Реклам эхлэхдээ “Танилц, АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч “ухаалаг ”  Митт Ромни” гэсэн үгтэй байсан бөгөөд реклам үзсэн сонгогчдын 20 хувь нь Ромниг өмнө нь Америкийн ерөнхийлөгч байсныг санаж байна гэсэн сонирхолтой хариултыг өгчээ. Сонгуулийн зөв менежментийн сонгодог жишээ биш гэж үү.
О.Чулуунбилэг

No comments:

Post a Comment