Тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсад маань сонгуулийн мөчлөг бүхий шинэ он гарах гэж байна. Хэдийгээр юм бүхэн улс төртэй холбогдох боломжгүй бөгөөд огтхон ч шаардлагагүй боловч ардчилсан улсад онц байдал, дайны цагаас бусад үед иргэн бүрт хамааралтай хамгийн том кампанит ажил бол төрийн эрх барих байгууллагад өөрийн төлөөлөгчөө сонгох сонголтонд оролцох сонгууль байдаг.
Иргэдийн сонгуулийн оролцоог нэмэгдүүлэх, хяналт хийлгүүлэх, мэдээллээр тэгш хангагдах эрхийг нь эдлүүлэхийн тулд улс төрийн сонгуулийн технологийг олон нийтийн өмнө нээлттэй байлгаж мэдээлдэг төдийгүй тогтмол анализ судалгаануудыг танилцуулж байдаг. Энэ нь сонгуулийн луйвраас сэргийлэх, таслан зогсоох механизм болохын зэрэгцээ сонгуулийн кампанит ажил тунгалаг байхын хэрээр сонгуулийн үр дүнг олон нийт хүлээн зөвшөөрч, ардчилал баталгааждаг гэж үздэг. Харин Монголд намуудын сонгуулийн технологи хэр ойлгомжтой, логиктой байдаг вэ?
Саяхан үндэсний олон нийтийн телевизийн “Та хариулахгүй ч байж болно” гэдэг нэвтрүүлгээр орсон Монголын мундаг PR-чин, “Боролдойн” гэгдэх Мягмар гуай “Сонгуулийн технологи нууц байдаг учир би энд ярихгүй” гэв. Утга нь бол надтай хамтарч ажиллавал би хэлж өгнө, хамтрахгүй бол хэлэхгүй гэсэн далд сурталчилгаа юмуу даа. Нэг талаар “Боролдой” ахын хувьд мэргэжлийн бус хүн, улс төрийн нам төлөөлөхгүй хувь бизнесмен учраас улс төрийн технологийн талаар юу ч гэж өгүүлж болно. Харин нөгөө талаар түүн шиг олон сонгуульд ажилласан (2008 онд бүр хоёр намын удирдлагад нэгэн зэрэг зөвлөсөн) туршлагатай хүний үг Монголын улс төрийн намуудын сонгуулийн технологийн талаарх Орос маягийн ойлголтыг төлөөлж чадах юм.
Гэвч сонгуулийн технологи нь олон нийтийн мэдэх ёсгүй, харин ч тэдний тархийг угаахад зориулсан хэдхэн тооны шийдвэр гаргагчдад л зориулагдсан зүйл гэж бодсоор байх нь маш аюултай. Учир нь ийм бодлын ард л сонгуулийн луйвар, гүжирдлэг, шударга бус байдал, тойргийн наймаа, санал худалдан авалт гээд муу бүхэн нуугдаж орон зайгаа олж авч байдаг. Тиймээс орчин үеийн Монголын залуус бид улс төрийн намуудын сонгуулийн технологид эрүүл шүүмжлэлтэй хандаж байх, байнга ажиглаж хяналт тавих, хоорондоо мэдээлэл солилцох нь эцсийн дүндээ өөрийн сонголтоо дээрэмдүүлэхгүй байх сайн аргуудын нэг юм.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, онлайн нийгмийн сүлжээнүүдээс харж байхад залуус маань жил ирэх бүр идэвхитэй, оролцоотой болж байгаа нь эх оронд маань ардчилал улс төрийн дэглэм гэхээсээ иргэний зан үйл болон төлөвшиж буй сайн жишээнүүдийн нэг гэж би итгэдэг. Тиймээс би ч гэсэн хувьдаа Монголын улс төрийн хоёр том намын хэрэглэж буй сонгуулийн технологийн талаар өөрийн ажиглаж байгаа хэсгээ бичихийг оролдсоор байгаа билээ. Энэ удаа харин гол хоёр намын улс төрийн мессежний талаар ярилцахыг хүссэн юм.
Улс төрийн нам нь сонгогчдод мэдээллээ хүргэж байхын тулд шинэ нөхцөл байдал бүрт тохирсон харилцааны стратеги төлөвлөгөөг боловсруулж байдаг. Сонгуулийн үед ч гэсэн харилцааны стратегээ олон нийтэд хүргэх арга хэрэгслүүдээ харилцааны элемент гэж тусад нь тодорхойлоод ямар мэдээллийн хэрэгслээр хэрхэн яаж хүргэх дээр улс төрийн зөвлөхүүд буюу манайхаар PR-чдыг хөлсөлж ажилуулдаг билээ. Миний сайн мэдэхээр Монголд мэргэшлийн байж чаддаг сайн мэргэжилтнүүд бол А.Ганбаатар, Р.Батсайхан, Д.Болдхуяг нар төдийгүй энэ салбарыг анх үндэслэсэн хүмүүсийн тоонд лав орох байх.
Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах, мессеж гаргах, нийгмийн аль хэсэгт хүргэх бодлого тал дээр нам өөрөө ажилладаг бол Монголын намуудын гол алдаа нь бодлого, мессеж зэрэг нь PR-чныхаа уран үгэнд хэт хөтлөгдөөд явдгийн сонгодог жишээ 2008 оны сонгуулийн нэг сая, 1,5 сая төгрөгийн түүх юм.
МАНАН мессежний стратеги боловсруулж байна
Хэрвээ бид одоо Орост өрнөж буй улс төрийн идэвхжил, эрх баригч намынх нь явуулж буй үйл ажиллагаа, мессежийг нь харьцуулж харвал С.Баярын бүтээсэн стандарт бус гэгдэх МАНАН нь Оросын Единая Россия намын монгол хуулбар юм гэдгийг төвөггүй мэдэж болно. Манай хоёр том нам хоёулаа эрх баригч хүчин учраас нэг завин дээр хөвж байна. Нөхцөл байдал нь нэг учраас өөр хоорондоо ялгаралтай мессеж стратеги боловсруулж чадахгүй хэрхэн зовж буйг бид ажиглаж байна. Улс төрийн намуудын сонгуулийн мессеж стратеги нь итгэл үнэмшилтэй хэсэг буюу намын гишүүд, асуудал ярьдаг хэсэг буюу нийгмийн олонхи, улс төрждөг хэсэг буюу савалгаатай сонгогчид гэсэн гурван түвшинд боловсрогддог.
Яг өнөөдрийн хувьд улс төрийн гол хоёр нам итгэл үнэлэмшилтэй хэсэг буюу өөрийн дотоод гишүүддээ хандсан улс төрийн мессежүүдийг цацаж байна.Энэ тухай товч ярьцгаая.
МАН-ын “хөгжлийн мод” ба Ардчилсан намын “Эдийн засгийн хувьсгал” хөтөлбөрүүд
МАН, Ардчилсан нам хоёр зэрэгцээд л бүтэн жил Монгол орноо тойрч ард түмнийхээ юу хүсч байгааг “сонсов”. Ард түмэн буюу масс улс төрийн бодлогын талаар ерөнхий шүүмжлэл, санал бодол илэрхийлдэг боловч нарийн тодорхой бодлогыг илэрхийлж чаддаггүй учраас зөвхөн хандлагыг нь мэдрэх зорилгоор л ийм ажлуудыг зохион байгуулдаг гэж үздэг. Тэгэхээр эдгээр “сонсголууд”-ын эцсийн зорилго нь үнэт зүйлс дээрээ нэгдсэн хэсэг буюу намын гишүүдээ л орон нутагт эргэж тойрч, уулзаж идэвхжүүлж буйн нэг хэлбэр билээ. Хэрвээ эргэлзэж байвал эдгээр уулзалтуудын тухай видео мэдээг хараарай. Хөтөлбөр бүр дээр намын гишүүд нь л цуглачихсан бужигнаж байгаа. Энэ нь хатуу гишүүнчлэлтэй намуудын хувьд зөв арга хэмжээ юм.
“Эдийн засгийн хувьсгал” хэмээх мессеж
Гишүүд, дэмжигчдээ сонссоны дараа Ардчилсан Нам “Эдийн Засгийн хувьсгал“ хэмээх мессежийг өөрийн гишүүддээ цацаж ардчилсан хувьсгалын хорин хоёр жилийн ойн байрыг нүсэр тэмдэглэж байна. Иргэдэд санхүүгийн эрх чөлөө олгох, эдийн засгийн эрх чөлөөний төлөө гэх түлхүүр мессежийг нь үнэхээр үнэлүүштэй. Гэхдээ гол өрсөлдөгч нь бас хөтөлбөртөө эдгээрийг нь хуулаад оруулчихсан тууж яваа нөхцөлд өөрийн ялгарлаа яаж сонгогчдод харуулах вэ гэдэг нь энэ намын даргын цаашдын толгойны өвчин болохоор байна. Түлхүүр мессеж нь ялгарч чадахгүй бол сонгуулийн сурталчилгааны үеэр нөгөө Тавантолгой, Оюутолгойгоо ярих сэдэв дотор сонгогчид нь шингээж мартах болно.
Миний бодлоор судалгааны дүнгээс харж байхад Ардчилсан нам шударга ёс, хуулийн шинэчлэл, иргэний өрсөлдөх чадварын тухайд л цаашид түлхүү ярьж байж ялалтад хүрэх магадлалтай. Учир нь шударга ёс, олигарх, луйвар бол нөгөө намын хамгийн эмзэг тал нь учраас үүнийг яривал илүү ялгаралтай харагдах болно. Үгүй ядаж л нөгөө намтайгаа адилхан нэг уриагаа солих хэрэгтэй. Ихэнх залуучууд маань ажигласан байх, хоёр намын дүрэмд байдаг уриа нь адилхан шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө гэсэн социал демократуудын уриа байдаг. Уул нь Ардчилсан нам бол барууны консерватив нам шүү дээ.
“Хөгжлийн мод” хэмээх мессеж
Ардын намынхан ард түмнээ сонсоод үр дүнгээр нь сонгуулийн хөтөлбөр боловсруулж “Хөгжлийн мод” гэж нэрлэж буйгаа сүртэй зарлав. Мөрийн хөтөлбөр нь хэр түвшинд боловсрогдсон талаар манайдаа л толгой цохих системийн шинжээч Д.Ганхуягийн бичсэн “Уруугаа ургасан мод” нийтлэлийг блогоос нь олж уншвал илүү сайн ойлгоно. Түүнийхээр бол “МАН сүүлийн 10 гаруй жил дандаа хөгжлийн онол дэвшүүлдэг боловч биелж байсан нь ганц ч үгүй. Учир нь нэг шинэ дарга гарч ирээд 2-5 “онол” дэвшүүлж, өмнөх онолуудаа мартчихдаг хууч өвчтэй” болоод байгаа ажээ. Гэхдээ л энэ цаг үе нь мессежээ гаргах үе нь мөн тул тэд ийм мессеж бодож олсон нь сайн хэрэг. Энэ бол харьцангуй нээлттэй, зөв хандлагад чиглэж байгаагийн илрэл юм.
МАН-ын мессеж стратегид хоёр төрлийн алдаа бий. Эхнийх нь 2008 оноос хойш Ардилсан намын гаргасан мессежнээс хуулж үр нөлөөг нь гажуудуулдаг арга. 2001 онд “Ард түмнээ сонсох аян”-ыг Ардчилсан намынхан хийснийг 2011 онд МАН давтаж хийсэн бол 2008 онд өрсөлдөгчийнхөө амласан иргэн бүрт хувьцаа өгөх амлалтийг бэлэн мөнгө болгож амласан, орон нутгийн сонгуулиар ч мөн л “Шинэ Улаанбаатар” гэдэг мессежийг нь хуулжээ. Одоо Ардчилсан намын иргэн бүрт санхүүгийн эрх чөлөө олгох мессежийг мөрийн хөтөлбөртөө оруулж зарласнаар зогссонгүй “Нэг Ардчилал”-ын залуусын хийж буйг “Айл бүрт ардчилал” нэрээр хуулан хөтөлбөр боловсруулжээ.
Нөгөө алдаа нь өнгөрсөн бүх түүхийг өмчлөөд зогсохгүй түүнийг гажуудуулдаг ужиг өвчин. Хэд хоногийн өмнө Монголд анхны үндсэн хуулийг баталж монголчууд бүгд найрамдах засаглалд шилжиж дундад зуунаас орчин үеийн орон болж чадсаны том баяр болж өнгөрөв. Энэ том нийгмийн дэвшлийг яалт ч үгүй МАХН хийсэн юм. Түүнийгээ сурталчлах эрх нь ч МАН-ын удирдлагуудад бий. Харамсалтай нь сурталчилгааны мессеж нь удахгүй 100 жилийн ой нь болох тусгаар тогтнолын түүхийг 87 жил болгож өөрсдөдөө наахад чиглэгдэв. Ядаж л 90 жилийн өмнө нам нь тусгаар тогтнолын төлөө байгуулагдаж байсныгаа баахан үгүйсгэв. 1911, 1921, 1990 онууд бүгд тусгаар тогтнолтой холбоотой болохоор улс төрийн намууд тэр тусмаа нэг нам өмчлөх ямар ч боломжгүй юм.
Мөн ардчилал нь нийгмийн ардчилал, либериал ардчилал гэж хоёр байдгаас нийгмийнх нь хамгийн сайн гэх болхи мессеж аман хэлбэрээр явсаар л. Ардчилал гэдэг үгийг өөрсдөдөө наах зорилготой олон мессеж явуулж байгаа нь зөв технологи боловч ардчиллын тухай ойлголтыг гажуудуулах нь хэрээс хэтэрч байна. Тиймээс энэ нийгмийн боловсролтой дундаж давхаргад гологдох “сэлэм эргүүлж морин дэл дээр хийссэн” Чапаев маягийн Зөвлөлт оросын болхи технологио засахгүй бол цаашаа улам бүр мухардалд орж сөрөг хандлагыг өөрийнхөө өмнө бий болгох эрсдэлтэй юм.
За ямартай ч хоёр гол намууд сонгуулийн мессеж стратегээ танилцуулаад эхэлжээ. Дараагийн удаа эдгээр мессежүүдээ илүү бодлогын судалгаа талаас нь боловсруулж нийгэм эдийн засгийн тооцоо, аргачлалыг боловсруулах, шинжлэх ухааны талаас нь тооцохын тулд намын бодлого боловсруулагчид, судлаачдын хийх ажил эхэлж байна. Онолын хувьд тэдний ажлын үр дүн 2012 оны хавар сонгуулийн үед намын мөрийн хөтөлбөр болж гарах ёстой. Ёстой гэхийн учир нь өмнөх сонгууль шиг эрүүл ухаан, бодлогын судалгааг тархи угаалт уруу чирж одох эрсдэл одоо ч байгаа. Харин Та нар юу гэж бодож байна даа.
No comments:
Post a Comment