-Өнөөдрийн Ардчилсан нам стратегич С.Баярын “үхлийн тэврэлт”-эд байна. Тэр Ардчилсан намтай биш намын дотоод фракц бүлэглэлүүдтэй тохирч сайдын суудлыг хувааж өгсөнөөр энэ намын удирдлагыг задалж, жалгын нэг болгож чадсан юм-
Орчин үеийн улс төрийн менежментийн ухаанд орон зайн тухай ойлголт илүү чухал болж намууд ямар стратеги барихаас шалтгаалж тэд шахагдаж эсвэл тэлж байдаг амьд үйл явц болсон тухай Монголын жишээн дээр бичсэнээс хойш найман сар өнгөрсөн байна. Монголын парламентийн ээлжит сонгууль дөхөж сонгуулийн хуулийн шинэчлэл хэлэлцэгдэж дуусч байгаа боловч хэчнээн цаг хугацаа, орон зайг туулан ямар үр дүнд хүрэхийг Балхжав гуай мэт би таашгүй.
Харин мэргэжлийн хүний хувьд тааж, шинжилж чадах зүйл бол өнөөгийн намуудын стратеги ямар түвшинд өөрийн орон зайгаа бүрдүүлж буй тухай хоёр дахь ажиглалтаа залуусдаа хүргэж байна. Авах нэг санааг нь аваад хаях нэгийг нь хаяна биз дээ.
МАН-ын стратеги
Орон зайгаа алгуурхан алдсаар хоёрдугаар байр луу эрчимтэй явж байгаа хэмээсэн өмнөх дүгнэлт маань харин ч хожимдсон байсныг МАН-ны өөрийнх нь Нийгмийн ардчилал судалгааны дүн задарснаар илэрч аль хэдийнээ хоёрт жагссан байсан аж. Өнөөдөр энэ намын менежмент төрийн албанд тухалсан саятан түшмэдүүдээс уул уурхайн баялаг дээр суурилсан тэрбумтан олигархиудын гарт маш хурдтай шилжиж байна. Яг үнэндээ цөөн гэр бүлийн олигархиуд Монголын хамгийн ууган бас тусгаар тогтнолын баталгаа болсон гэх түүхэн бахархалтай энэ намыг худалдан авч байна.
Олигархиудын зорилго тун энгийн бөгөөд шулуухан гэж би судлаачийн хувьд харддаг. МАН-д санхүүгийн туслалцаа үзүүлснээр энэ нам сонгуульд оролцохдоо төрийн халамжийн мөнгө болон олигархиудын мөнгөөр сонгогчиддоо нөлөөлж ялалт байгуулна. Харин олигархиуд засаг барьсан намаас уул уурхай тэргүүтэй бизнесдээ монополь эрх тогтоолгож хамгийн их хожлыг авна. Газрын баялаг ихтэй дэлхийн ихэнх улсуудын олгирхиуд ингэж л улс төр хийдэг учраас би МАН-ын олигархи гэр бүлүүдийг өөрөөр байна гэж итгэхгүй байна. Залуус бид ядаж л хөрш Оросын бизнесийн орчинг бодитоор харчихад л ийм жишээг заавал Латин Америк, Африкийн олон сонгодог жишээг дурдах шаардлагагүй болно.
Саяхан дэлхийн социал демократуудын хурал Монголд яагаад болсон тухай УИХ-ын гишүүн С.Баяр сэтгүүлчдэд тайлбарлахдаа “Социал демократ хөдөлгөөн Ази, Африк, Латин Америкт хүчээ авч байна. Бас Монголыг үнэлж байна” гэжээ.
Хэдийгээр рейтинг нь байнга уруудаж байгаа боловч МАН Монголын хамгийн том, нөлөө бүхий нам хэвээрээ л байна. Хүссэн ч эс хүссэн ч энэ нам ардчилсан Монголын Улс төрийн түүхийг бичилцэж сайн муу үр дагаваруудыг Монголын нийгэмд цаашид “бүтээснээсээ ч ихийг бүтээсээр” байх болно. Чадалтай, эрдэм боловсролтой залуусын хангалттай хүний нөөцтэй нам.
Харин 2012 оны сонгуулийн хувьд Сү.Батболд хэрвээ сонгуулийн дээрх стратегиа өөрчлөхгүй бол ялалт байгуулах ямар ч боломжгүй. Учир нь өнөөдрийн Монголын нийгмийн баялгийн хуваарилалт шударга бусаар явагдаж, хэдхэн тооны олигархиуд бүхнийг сорж яг л анхны хуримтлалын үеийн зэрлэг капитализм мэт байгааг шийдэж чадахгүй эрх баригч хүчин байгаа төдийгүй дэмжиж оролцоод байгаа учраас л намынх нь рейтинг бүх түүхэндээ хамгийн доор ортлоо унаж байгаа билээ. Ядаж л шударга бус нь илэрсээр буй шударга нэг сайдаасаа ерөнхийлөгчийн сонгуулиар гуравдах ерөнхийлөгчид хэрэглэсэн “С.Баярын унагах арга”-ыг дахин ашиглаад ч болов салчихвал нэр хүндээ эргүүлэн өсгөх боломж байгаа.
Ардчилсан намын стратеги
Судалгааны дүнгүүдээр Ардчилсан нам өнөөдөр түүхэндээ анх удаа МАН-ын өмнө гарч ирсэн тухай намын даргынх нь тайлбар бол үнээн. Гэхдээ хоёр хувиар. Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг алдалгүй таадгаараа домог болсон Алдарт Галлапийн захиж хэлсэнээр долоо хүртэл хувийн дотор байгаа өрсөлдөгчид бол ямар ч ялгаагүй гэсэн байдаг. 2008 оны парламентийн сонгуулиас өмнө 25 хувьтай байсан Ардчилсан нам өнөөдөр 15 хувьтай болсоныг ч өсөлт гэж хэлэхэд бас хэцүү. Тиймээс өнөөдөр Ардчилсан намын статус МАН-тай яг адилхан нөхцөлд уруудаж орон зайгаа алдаж байна.
Ардчилсан намын өнөөдрийн баримталж буй стратеги бол …ямар ч стратеги байхгүй байх явдал юм болов уу л гэж судлаачийн хувьд таахаас хэтэрч чадахгүй байна. Учир нь намын даргаас гарч буй бодлогын чанартай байж магад мессежэд мониторинг хийхэд улс төрийн намын дарга бус Зам Тээвэр барилга хот байгуулалтын яамны хэвлэлийн төлөөлөгч гэж андуурахаар хэмжээний төмөр зам, орон сууцжуулалт, Сайншандын аж үйлдвэр гэсэн хэдхэн сэдэвт эргэлдэж байна. Ядаж байхад эдгээр нь бүтэлгүй болж байгаа тухай Ардчилсан намын гишүүн, салбарын сайдынх нь ярилцлага өнгөрсөн долоо хоногт хэвлэлд гарчихлаа.
Өнөөдрийн Ардчилсан нам үе үеийн гишүүдийнхээ мөрөөдөлд ч байгаагүй ялах боломж дээр байгаа. Өрсөлдөгч гол нам нь түүхэндээ байгаагүй нийгмийн дэмжлэггүй болж, дотроо хагарч хуваагдаж байна. Тэдний алдсан орон зайг нөхөж хамж авсанаар Монголын хамгийн том нам болох боломж магадгүй ганц энэ цаг үед л байгаа.
Улс төрийн технологид “үхлийн тэврэлт” гэдэг нэр томъёог зарим судлаачид ашигладаг. Уг гарвал нь Америкийн Аноконда хэмээх геополитикийн уламжлалт ойлголт бөгөөд улс төрийн менежментэд зээлдэж хэрэглэсэн юм. Америкчууд аливаа улсыг унагахдаа түүнийг тойруулан Анокандо могой ороох мэт төмөр цагиргийг үүсгэж бусад дэмжигчид, дэлхийн зах зээл, түүхий эд зэргээс тасдаж муужруулахын сацуу өдөж зэвсэглэлээр хэт хөөцөлдөх мэтийн тухайн улсын чадлаас хэтэрсэн том хэрүүлд татан оруулж бүрэн дампууруулдаг. Ийм сонгодог жишээ нь Зөвлөлтийг унагасан түүхийг гэлцэх юм билээ.
Харин өнөөдрийн Ардчилсан нам стратегич С.Баярын “үхлийн тэврэлт”-эд байна. Тэр Ардчилсан намтай биш намын дотоод фракц бүлэглэлүүдтэй тохирч сайдын суудлыг хувааж өгсөнөөр энэ намын удирдлагыг задалж, жалгын нэг болгож чадсан юм. Үр дүнд нь Ардчилсан нам Засгийн газрын ажилд намын нэгдсэн бодлогогүй оролцож томилогдсон сайдуудынх нь санаачилсан ажил кабинет дээрээ унаж, үгүй бол үлдсэн зарим нь МАН-ын сурталчилгааны ажлыг хариуцдаг болсон байна.
Тиймээс одоо Ардчилсан намын даргын хийх ёстой хамгийн чухал ажил бол ирэх сонгуульд оролцох намын стратегийг боловсруулж түүн дээрээ сайд нар, бүлгийн гишүүдээ нэгтгэх ёстой. Энэ бол Н.Алтанхуяг гэдэг шадар сайдын ажил биш, Ардчилсан намын даргын хийх ёстой ажил юм. Сүүлийн үед эдийн засгийн хувьсгал хэмээн сурталчлах болсоныг харвал Н.Алтанхуяг дарга ирэх сонгуульд энэ томъёогоо дахин гол мөрийн хөтөлбөрөө болгон тавьж, дотор нь нөгөө улигт төмөр зам, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо ярьсаар л гүйж явах эрсдэл харагдаад эхэллээ. Эрсдэл гэхийн учир нь хэрвээ ийм стратегитэй орвол 100 хувь ялагдана. Иргэдэд энэ сэдэв чухал, улс орон залйшгүй хийх бүтээн байгуулалт боловч намд үл итгэх итгэгчдийн савлагаа 60 хувьд хүрчихсэн байхад хуучин сэдэв төдийгүй нэгэнт эхэлчихсэн бүтэл муутай байгаа сэдвийг гол болгож ярих нь шууд мөхөл.
Хэрвээ сайн сонгуулийн стратеги боловсруулж намын хүний нөөцөө зөв ашиглаж чадвал ирэх сонгуульд Ардчилсан нам ялах магадлал бий. Ядаж л сонгуулийн булхай луйвар илт гарах нь автомат тооллогын систем, хүн амын бүртгэлтэй холбоотой багасч байна. Ийм боломжийг ашиглахгүй бол тэр хамгийн сайн нөхцөлд хамгийн муу ажилласан намын дарга болж үлдэнэ. Гэвч тэгээсэй гэж хэн хүсэх билээ, ажиллах л хэрэгтэй.
Харин дараагийн удаа залуустайгаа намуудын харилцааны элемент буюу мессеж ямар байгаа талаар саналаа солилцохоор төлөвлөчихсөн байгаа шүү.
No comments:
Post a Comment