Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа. Тэр Жорж Вашингтоны их сургуульд улс төрийн менежмэнтээр суралцаж байгаа.
-Сүүлд бичсэн “Тэмүүжин, Батзандан, Хүрэлсүх гурав” гэж нийтлэлийг тань уншсан. Тэгээд “Ардчилсан нам залуучуудаа дэмжихгүй, тэдэнд орон зай олгохгүй байна” гэдэг дүгнэлт хийсэн л дээ. У.Хүрэлсүх болохоор зөв ч бай, буруу ч бай шинэ үеийг бөөн бөөнөөр нь нам руугаа цутгаж байна, карьерийг нь дэмжиж байна. Харин Ардчилсан намд яг одоо харагдаж байгаа залуусын төлөөлөл гэвэл Л.Гантөмөр, Х.Тэмүүжин хоёр. Огт хоёр өөр менежмэнт явж байна, тийм үү?
-Ер нь тийм шүү дээ. Аль ч улс төрийн хүчний хувьд, тэр нь Монголд байна уу, хаана байна гэдгээсээ үл хамаараад хүний нөөцийн асуудлаа хамгийн чухалд тооцдог. Улс төрийн нам гэдэг хуучнаар хагас төр байлаа. Одоогийн ардчилсан нийгэмд нам гэдэг улс төрийн зах зээл дээр байгаа нэг л эд эс. Маш олон намууд байна, тэдэн дунд өрсөлдөх чадвартай байх ёстой. Зах зээл дээр байгаа компаниуд, Google, Microsoft хүний нөөцөө сайжруулснаар гарч ирсэн шиг улс төрийн намууд ч гэсэн 20, 40, 60 жилийн дараа ямар байх вэ гэдэг дээр хүний нөөцөөрөө л өрсөлддөг болоод байна. Нам бол үзэл санаа, цаашаа оршин тогтнож, үйл хэргээ үргэлжлүүлэх ёстой. Тэгэхээр хүний нөөцийн хувьд хэр “лаг” байна гэдгээс хэр удаан оршин тогтнох нь хамаарах болоод байна. Хүний нөөцөө баталгаатай болгож, сайн залуусыг “face”-ээ болгон гаргаж ирж чадаж байна гэдгээрээ нийгмээс оноо авдаг тийм менежмэнт рүү орж байна. Харамсалтай нь үүнийг манайд хэн ойлгож байгаа юм. Уг нь Ардчилсан нам аливаа шинэчлэлийн түрүүнд явдаг уу гэвэл явдаг. Яг намын дотоод зохион байгуулалт, менежмэнтийн асуудал дээрээ харин маш муу ажиллаж байгаа.
-Нийгмээ шинэчлэх тухай л яриад байдаг. Гэтэл намынхаа дотоод зохион байгуулалтыг хийж чадахгүй байна гэж үү?
-Улс төрийн намын тухай ойлголтоо Ардчилсан намын лидерүүд шинэчлэх ёстой л гэж бодож байна. 1990 оны талбайн улс төрийн менежмэнт одоо биш болсон, өөр менежмэнт хийх ёстой. Талбай дээр гараад орилдог, хүмүүсийг дагуулаад жагсдаг менежмэнт хоцрогдож, сонгогчид ч их өөрчлөгдөж. Одоо улс төр илүү мэргэшсэн, нийгмийн тодорхой сигментүүд рүү илүү хандсан, тэднийг багцалсан байдлаар явж байна. Гэтэл тийшээгээ чиглэхгүй, ерэн онд ямар улс төр хийж байсан яг тэр менежмэнтээ хийгээд байгаа учраас нэгдүгээрт хүмүүс тэр менежмэнтээс нь залхаж байна. Хоёрдугаарт намд тулгамдаж байгаа, хүний нөөц, намын санхүүжилт зэрэг асуудлыг тэр менежмэнт чинь шийдэж чадахгүй байна. Тэгэхээр үүнийгээ хүлээн зөвшөөрч шинэчлэл хийх ёстой л гэж бодож байна.
Ардын намын хувьд үүнийг аймааар сайн ойлгоод хийгээд байгаа юм биш л дээ. Тэдний явж ирсэн нэг хуучин уламжлал, дотоод сургалтын систем, хүний нөөцөө бүрдүүлдэг, гадагшаа багцалж чаддаг арга барил нь одоохондоо бариад байна. Дахиад хэдэн жилийн дараа МАН яг Ардчилсан нам шиг хүний нөөцийн асуудалтай тулгарна.
-Яагаад?
-Яагаад гэвэл миний харж байгаагаар МАН өөрөө үнэт зүйлсийн зөрчилтэй. Үнэт зүйлс нь энэ шинэ цаг үед их сонин байдалд орчихсон. Нийгмийн ардчилал гэж юу юм, тийм ардчилал байдаг ч юм уу. Социалист үзэл санааг л ардчилсан нөхцөлд тохируулаад хэрэглэж байгаа хэлбэр шүү дээ. Тийм учраас тэд хүний нөөцөө бүрдүүлэхдээ үнэт зүйл, үзэл санаагаараа биш, зүгээр л залуучуудыг худалдаж авч байна. Албан тушаал, мөнгө, тендер амлаж байна. Чадалтай залуучуудыг нийгмийн салбарт дэмжихээ амлаж байна. Энэ нь нэг талаар зөв. Гэхдээ нөгөө талаар намын гол лидерүүд, гол цөм нь үнэт зүйл, итгэл үнэмшил дээр л бүрдэж байх ёстой шүү дээ. Энэ процесс нь өөрөө МАН-ыг маш хурдан либералчилж байна. Залуучуудынх нь дотоод үзэл бодол нь либерал мөртлөө мөнгө төгрөг, тендер авмаар, албан тушаал ахимаар санагдаад л орчихсон. Тийм хүмүүс өөрийн эрхгүй итгэл үнэмшлээ дагаад илүү либерал зүйл хийгээд ирэхээр одоогийн МАН-ын хүч хэдэн жилийн дараа задрана. Нийгмийн ардчилал гэдэг нь ямар ч утгагүй болж хувираад, ахиад л “бидний үнэт зүйл юу байх вэ” гэдэг эрэлд гарна. Энэ задрал нь харин Ардчилсан намд түрүүлээд явж байна, үүнийгээ хурдан шийдчих хэрэгтэй. МАН-ын хувьд бол миний харж байгаагаар 2016 оноос ч юм уу, тэр хавьцаа задрах л байх. Итгэл үнэмшил нь өөр юм чинь яах юм бэ. Төр мундаг, төр агуу гэж ярих хэрэгтэй болдог, гэтэл өөрсдөө амьдрал дээр дандаа бизнесмэнүүд. Тэгэхээр энэ намын үнэт зүйл дахиад өөрчлөгдөнө. Тэр үед нь харин намын дарга нь хэн байхыг бүү мэд.
-Яг энэ асуудлаар ултөрчидтэй ч юм уу, залуучуудтай, намынхантайгаа санал солилцож үзсэн үү? Ер нь энэ тухай ярьдаг хүн байна уу?
-Судлаачид л хөндлөнгөөс харж байгаа учраас “тийм” гэдгийг хэлж байна. Судалгаа нотолгоо, шинжлэх ухаанд итгэх итгэл үнэмшил манай улстөрчдөд харин хэр байгаа юм. Өмнө нь болоод байсан, болох л байлгүй гэдэг зарчмаар л явж байгаа шүү дээ. Залуучуудын хувьд ч тийм проблем байх шиг байна. Болохгүй, бүтэхгүй байна гэдгийг нь бол хараад байна. Ядаж өөрийнх нь ирээдүйн карьертай холбоотой шүү дээ. Гэхдээ яаж шийдэх вэ гэдэг шийдэл, менежмэнтийн хувьд л гацаанд ороод байх шиг. Энэ процесс ганцхан манайд тохиолдож байгаа юм биш. Америкийн хамгийн агуу нам гэдэг БНН бас яг манайх шиг ийм проблемд орчихсон байна. 100 жилийн түүх, хамгийн агуу нам гээд яваад байдаг. Ярьж байгаа юм нь яг л манайх шиг хуучнаараа. Цэрэг зэвсэг, эх орон, Америкийн хүчирхэгжил. Тэр нь тэгээд Америкийн залуучуудад ажлын байр бий болгох юм уу. Гэтэл нөгөө соиалист чиг баримжаатай гэдэг Ардчилсан нам нь залуучууд дээр тусгай хөтөлбөр боловсруулаад, дэмжээд гаргаад ирчихсэн. Ерөнхийдөө барууны чиг баримжаатай намуудын бас нэг дутагдал байна л даа. Хүн өөрийнхөөрөө амьдрах ёстой, биеэ даах ёстой гэдэг байсан нь одоо бас тийм биш болоод эхэлж байна. Хэт туйлшраад байгаа учраас. Үүн дээрээ л шийдлээ олох ёстой.
-Eparty-г хийнэ, интернэтийг улс төрийг хөгжүүлнэ гэж ярьж байсан. Энэ ажил эхэлсэн үү, ямархуу явж байна?
-Яах вэ, эхлээд л явж байна. Би ч жаахан дэврүүн сэтгэлээр эхэлсэн л дээ. Гол нь хүмүүст ойлгуулах хэрэгтэй байна, гэхдээ залуучуудад биш. Зах зээл бол хангалттай байгаа, гол нь шийдвэр гаргах төвшний хүмүүстэй ойлголцох хэрэгтэй байна. Яагаад гэвэл энэ чинь өөрөө улс төр. Ерөн оныхоо улс төрөөс татгалзах цаг болсон байна, сонгогчид ч их завгүй болсон байна. Талбай дээр жагсаал болоход хүмүүс дэмжээд байгаа мөртлөө очихгүй байна гэдэг чинь нэг залуу тэнд бизнес хийх гээд, нөгөө энд бас нэг компанид ажиллаад байна. Улс төрийн оролцоогоо нэмнэ гээд талбай дээр очоод орилоод байж болохгүй байна шүү дээ, маргааш нь ажилүй болохоос өгсүүлээд. Уг нь хувь хүнийхээ хувьд дэмжээд, “нээрээ ч болохгүй, бүтэхгүй байна” гэдэг. Манайхан харахдаа “залуучууд улс төржихгүй байна, амиа бодож байна” гэдэг. Үгүй ш дээ, аргаа л олохгүй байгаа байхгүй юу. Шинэ орчин, шинэ үе гарч ирж байгаа учраас. Энэ үе маань интернэтийн орчин, интернэтийн улс төр лүү орж байна. Америкийн улс төр гэхэд тэдний судлаачдын ярьж байгаагаар 75 хувь нь онлайн хэлбэр лүү орчихсон. Чи юу хийж байна, ажиллаж байна уу, амарч байна уу гэдгээсээ үл хамаараад 24 цаг онлайнд байна. Түүгээрээ үзэл бодлоо илэрхийл, нэгд, интернэтийн улс төрөө хий, үгээ хэл, жагс, хажуугаар нь ажлаа хий. Тэр нь Social network шүү дээ. Facebook-ийн хувьсгал Арабад гарлаа л гэнэ. Facebook мундагтаа биш, Social network тэр боломжийг нь бүрдүүлээд өгчихөж байна. Манайх ч гэсэн тэр чиг рүү хүссэн хүсээгүй хэдэн жилийн дараа орно. Тийм учраас залуучуудад тэр боломжийг нь бүрдүүлж өгөхийн тулд Eparty гэж Social network маягийн юм хийх гээд байна л даа. Зардал их өндөртэй юм байна. Би ч өөрөө эхлээд их дэврүүнээр бодож, facebook шиг л хийчих юм бодоод байсан чинь Facebook-эд хэдэн мянган хүн ажилладаг билээ, би хэдэн админтайгаа хэр удаан ноцолдох билээ, хэдэн төгрөгтэй билээ. Хол ялгаа байна аа. Хүмүүст хэлж ойлгуулаад, хувьцаа босгох хэрэгтэй юм шиг байна. Үр дүнд нь залуучууд илүү соёлтой улс төр лүү орно. Уг нь бол хэрэгцээ нь байна, залуучууд онлайнд байна, харамсалтай тэднийг нь нэг зүгт чиглүүлээд, багцалж өгөх юм байхгүй болохоор сэтгэгдлийн дор байлддаг л ажилтай байна шүү дээ.
-Харьцангуй манайд facebook, twitter-ийн хэрэглээ ихэссэн шүү дээ, гэхдээ тодорхой хүрээнд...
-Ялангуяа facebook илүү өндөр юм билээ, би судалгаа хийж үзсэн. Twitter-т бол нийгмийн хамгийн идэвхитэй хэсэг болох 2500 орчим хүн л байгаа юм. Хоорондоо маш гоё идэвхитэй ярилцдаг, гэхдээ хязгаарлагдмал. Хэдхэн лидер, тэднийг дагадаг, бичдэг хэсэг залуус, компанийн менежерүүд, оюутнууд л байгаа байхгүй юу. Тэд нь маш идэвхитэй, тэгсэн хэрнээ тэр хэсэгтээ л багцлагдаад, задарч чадахгүй байна. Facebook хэрэглэгч бол аймаар хурдтай өсч байгаа. Эхэндээ фото альбом маягаар л ашигладаг байсан шүү дээ, охидууд нь гоё гоё зургаа оруулаад, хөвгүүд нь захиа бичээд л энэ тэр. Одоо бол facebook дээр байгуулагдаж байгаа бүлгүүд арай өөр болж байна. Өчигдөр Best them гэж бүлгийнхэн Боловсролын сайдад асуулга тавимаар байна гэхээр нь би бас саналаа хэлсэн л дээ. Ирэх даваа гаригаас албан ёсоор яваад, хариугаа хэлээд эхлэх байх. “Форум Монголиа” бол их мундаг юм билээ, “Гадаадад сурцгаая” бол бараг 5000 гишүүнтэй юм биш үү.
-Гэтэл масс хаана байна аа, яаж тэдэнд хүргэх вэ?
-Манайд заадгаар бол хамгийн гол нь эхлээд ойлголц гэж байгаа юм л даа. Дараа нь зохион байгуулалтад ор, зохион байгуулалтад орсон хэсэг нь нөгөө “соёлын үрийг тарина” гэдэг шиг массаа чирж яв. Гэхдээ массаа чирэхдээ манайх шиг манипуляц хийх биш, соён гэгээрүүл гэж байгаа юм. Жишээ нь, Үндсэн хуулиар санал асуулга явуулна гэхэд л “Ард түмэн ойлгохгүй” ч гэх шиг. Мэдээж тийм биш шүү дээ, ойлголгүй л яах вэ. Хамгийн гол нь иргэддээ зөв мэдээлэл өгч, улс төрийн боловсролтой болгох ёстой. Манайхан болохоор хэлэлцүүлэг хийгээд, санал бодлоо солилцоод байгаа мөртлөө зохион байгуулалтын асуудал нь орхигдчихоод байна. Зүгээр л ярьдаг. Ер нь манай улс төр тийм болчихоод байгаа. Ярилцдаг, санаа зовдог, үзэл бодлоо илэрхийлдэг, шүүмжилдэг. Тэгээд шийдэл нь юу юм гэхээр байхгүй. Улс төрийн менежмэнт дутагдаж байгаагийн л илрэл байх л даа. Хий дэмий ярьдаг, маргадаг, шүүмжилдэг, тэгсэн хэрнээ шийдэл нь байдаггүй. Тийм учраас масс түүнийг нь хараад залхаж байна. Больё, энэ улс төр чинь бүтэхгүй, улстөрчид худлаа юм байна гэдэг. Аргагүй шүү дээ. Шийдлийг яаж хийх вэ гэхээр шинэ менежмэнт хэрэгтэй, мэргэжлийн улс төр лүү орох хэрэгтэй л гэж харагдаж байна.
Өмнө нь талбай дээр гараад, ард түмнийг сэтгэл санаагаар дэмжээд, лидер болж харагддаг байсан. Одоо бол асуудал шийдэхийн тулд танхимд суугаад, тодорхой асуудлаар мэргэшээд түүнийхээ шийдэл дээр манлайлаад явах мэргэшсэн улстөрчид хэрэгтэй байна. Одоо манайд тийм манлайлал үзүүлж байгаа улстөрч байна уу. Том лидерүүдийг бол мэдэхгүй, Х.Тэмүүжин гишүүн л илүү дөхөж очих байх. Гэхдээ зөвхөн хуулийн чиглэлээр. Түүн шиг эдийн засгаар, нийгмийн асуудал, боловсролоор мэргэших, тийм мэргэшсэн улс төрчдийн манлайлал, салбарын манлайлагч нар хэрэгтэй байна. Тэр мэргэшсэн улстөрчдийн манлайллыг гаргаж ирэхийн тулд улс төрийн нам л менежмент хийх хэрэгтэй гэдэг юм билээ. Манай намууд болохоор нэг л их мөнгөтэй, гоё залуу оруулж ирээд тавьчихдаг, CV-г нь харахаар бүгд л баруунд төгсөн, мундаг боловсролтой хүмүүс. Тэгсэн хэрнээ тухайн асуудлаараа мэргэшиж чадаагүй. Тэгээд л ах нарынхаа хуучин аргаар мөнгө тараагаад, том том ярилцлага өгч, гоё гоё юм яриад явдаг, шийдэл гаргаж чаддаггүй. Шийдэл харж байгаа хэсэг нь болохоор ийм улс төрийг гайхаж хараад л сууж байгаа шүү дээ.
-Улс төрийн менежмэнтээр судалгаа хийдэг, сурч байгаа хүмүүс манайд бий юу?
-Мэдэхгүй. Ер нь улс төрийн менежмэнт гэдэг ойлголт, мэргэжил чинь өөрөө Америкт бий болоод 10-хан жил л болж байгаа. Өмнө нь тэд яг л манайх шиг явж байсан. Улс төрийн менежмэнт, “пиар”-ыг сэтгүүлзүйн том том компани, пүүсүүд л хийдэг, түүний өмнө алдартай хүмүүс хийдэг байсан. Саяхнаас л арай нэг шинжлэх ухаанжих хэрэгтэй юм байна, менежмэнт гэдэг өөр юм байна гээд 10 жилийн өмнөөс бэлтгэж эхэлсэн. АНУ-д жишээ нь жилдээ 50 мянга орчим хүн сонгогддог юм байна, тэнд ажиллах менежерүүд нь дутагдалтай. Яг нэг учраа олоод бие даачихсан салбар ч бас биш л юм билээ.
-Та хаанахын нэр дээр сурч байгаа вэ, яг одоо юу хийж байна?
-Шинжлэх ухааны академийн нэр дээр сурч байгаа. Би ямар улстөрч болоод манлайлаад явна гэх биш, иймэрхүү юм байдаг юм байна лээ шүү гэдгийг л хэлж ярих байх даа. Төгсч ирээд. Одоо бол Eparty.mn-ээ хийж байна. Япон, Орост төгссөн хоёр залуутай нийлж, “Улс төрийн менежмэнтийн холбоо” гэж ТББ байгуулсан, “Улс төрийн технологи” гэж сэтгүүл гаргаж байгаа. Улс төрийн менежмэнт гэдэг чинь илүү мэргэжлийн, ёс зүйтэй байдаг юм байна гэдгийг ойлгуулах гээд л. Одоо бол намын генсекүүд л энэ ажлыг хийж байгаа шүү дээ. Америкт бол улс төрийн менежерийн ёс зүйн код хүртэл байдаг, түүнийг нь орчуулаад гаргах жишээтэй.
-Тухайлбал, манайд үгүйлэгддэг ёс зүйн ямар шалгуурыг тавьдаг гэж?
-Хамгийн наад зах нь “Нэг сонгуулиар нэг л намд ажиллана” гэж байгаа шүү дээ. Гэтэл манайд 2008 оны сонгуулиар нэг хүн хоёр талд ажилласан. Сүүлдээ өөрөө өөртэйгөө өрсөлдөөд байгаа ч юм уу.
-Хэн, “Боролдой”-н Мягмар уу?
-Тийм. Манай намын гол “пиарчин” байгаад сүүлдээ МАХН-ын “пиарчин” болсон шүү дээ./инээв/ Мэргэжлийн бус хүн орж ирэхээрээ гялс мөнгө цохичихоод л гараад явчихаж байхгүй юу. Хувьцаа гаргана гэдэг бол Ардчилсан намын гол санаа. Тэгэнгүүт нөгөө мундаг “пиарчин” нь гарч ирээд “Ард нь тоо тавихгүй бол ард түмэн наад хувьцааг чинь ойлгохгүй” гэдэг. Тэгээд тоо тавингуут нөгөө нам дахиад өөр тоо тавих жишээтэй. Үр дүнд нь хоёр нам хоёулаа бэлэн мөнгөний амлалтад унаж л байгаа байхгүй юу. Нөгөө мундаг “пиарчин” нь алга болчихсон. Уг нь бол хувьцаа олгоно гэдэг ямар гоё санаа билээ. Хичнээн хоёр нам нэр хүнд муутай ч гэсэн ард түмнээ хорлочихьё, бэлэн мөнгө тараая гээд шууд амлаж эхлэхгүй шүү дээ. Том “пиарчид”-ын зөвлөгөөгөөр л будаа болоод үлдэж байгаа юм. Тийм учраас улстөрчдийг өөрчлөх гэхээсээ илүү менежерүүдийг бэлтгэх, мэргэшүүлэх тал руу ажиллах ёстой юм байна. Улстөрчид бол үнэндээ нийгмийн талаар ойлголтгүй шүү дээ, массаасаа тасарчихсан. Эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ хэр хэмжээгээр л мэдээлэл авч байгаа. Хоёр зүйлийг л чанд баримтал. Нэгдүгээрт нийгмийнхээ сэтгэлзүйг мэдэж бай, хоёрдугаарт нийгмийн дэвшил, өөрчлөлт, цаашид юу хэрэгтэй байна гэдгийг сайн мэдэрч тэр хоёр зүйл рүү л шахмаар юм шиг байна лээ.
Манайд болохоор улс төрийг мэргэшил гэж хардаггүй учраас гуанзан маягийн улс төр яваад байгаа. “Ард түмнээ бодно” гэхээр тойрогтоо очоод хамгийн ядарсан иргэн юу хүсч байна, тэдэнд зориулаад олонхийн бодлогыг гаргаад байдаг. Гэтэл улс төр гуанз биш. Гуанз байлаа гэхэд 7 буудалд байгаа ядарсан иргэн бол бууз л захиална. Гэтэл буузнаас гоё зүйл байдаг юм, гуляш ч юм уу захиалж болдог гэдгийг тэдэнд санал болгож, хүлээн зөвшөөрүүлээд, нийгмээ чирж явах ёстой байхгүй юу. Манай улстөрчид тэгж нийгмээ чирж явахын оронд “Чамд нүүрс хэрэгтэй юу, май” гээд дунд нь ороод холилдоод яваад байна. Нөгөө талаар илүү боловсролтой сонгогчдод болохоор тэдний хийж байгаа энэ ажил гологдоод “улстөрчид бүтэхгүй” гээд, яах учраа олохгүй яваад байна.
-Сүүлийн үед улс төрд харьцангуй залуус орж ирж байна. Тэр залуучуудаас яагаад тийм ялгарал, манлайлал харагдахгүй байгаа юм бэ?
-Тэд нар өөрсдөө нийгмээ манлайлаад явахын оронд яг хууччуул шигээ ажиллаж байна. Д.Зоригт сайд гэхэд боловсролтой залуу хүн. Тэгсэн хэрнээ Эрчим хүчний сайд хийгээд тойрогтоо нүүрс тараагаад явж байна. Өмнөх 10 жилд улстөрчид ямар байсан, яг давтаад явж байгаа. Улс төрийг илүү мэргэшсэн, цэвэр байдал руу оруулахын тулд менежерүүдийн оролцоо их. Тиймээс би зарим нэг их, дээд сургуултай ярьж байна, ийм анги нээж болох уу гэдэг ч юм уу.
-Америкт бий болоод дөнгөж 10 жил болж байгаа зүйлийг Монгол авчирч тулгаад хүлээж авах уу гэдэг бас сонин байна?
-Дэлхий хавтгай болж, даяарчлалын үр шимийг бид ч гэсэн хүртэж байгаа үед тэнд байгаа бэлэн зүйлийг заавал хэдэн жилээр хүлээж яах юм. Зарим талаараа бид Америкаас ч хурдан өөрчлөгдөж байгаа шүү дээ. Жижиг нийгмийн гоё зүйл нь маш хурдан шинэчлэгддэг, болж байгаа болохгүй байгаа нь ч гэсэн маш хурдан мэдрэгдэж, үр дүн нь хурдан гардаг. Тийм учраас би их өөдрөгөөр харж байгаа. Дуугуй байгаад байж л болохгүй юм байна. Аль болохоор өөрчилмөөр байна, шинэчилмээр байна гэж дуугарч л байх хэрэгтэй. Хоёрдугаарт сонгогчдын боловсролыг ч гэсэн дээшлүүлж, улс төрийн зөв мэдлэг, итгэл найдвар өгөх хэрэгтэй.
-Харамсалтай нь, улстөрчдийн зүгээс сонгогчдыг мэдээлэлтэй, мэдлэгтэй болгох эрмэлзэл огт харагддаггүй, тэр нь өөрсдөд нь санал худалдаж авахад хялбар байдаг юм шиг билээ?
-Мажоритари тогтолцоотой учраас тэгээд байгаа юм. Тойргоо л малладаг манай улстөрчдийн одоогийн имиж яг л хуучин нэгдлийн дарга нарын имиж шүү дээ. Өвсийг нь аваачиж өгдөг, эргэж тойрдог, тэгэхдээ заавал ч үгүй нэг ууттай юм өгнө, “хаваржаандаа төдийд буугаарай, өвөлжөөндөө өвс буулгаарай. За, би машин чирээд ирлээ шүү, маргааш нүүгээрэй” гэдэг. Жижиг тойрог учраас яг нэг тийм улс төр яваад байгаа. Уг нь бол залуу улстөрчид нь нийлж шахаж байгаад том тойрог руу ормоор байгаа юм. Мажоритари тойрог чинь өөрөө холбооны улсын тойрог шүү дээ. Англи ч, АНУ ч холбооны улс, тийм учраас штатуудынхаа төлөөллийг хангахын тулд яах аргагүй тойргуудад хуваадаг. Манайх чинь өөрөө нэгдмэл улс шүү дээ. Америк тэгдэг учраас, Англи ийм учраас бид ингэж байгаа юм гэж манайхан яриад байдаг, уг нь бол биш л дээ. Хэрвээ манайд тойргоо томсгоод, пропорциональ руу шилжвэл улстөрчид чинь ч бас улстөрчид шүү дээ. Том улстөрд орохын тулд том л улс төр хийнэ, нийгмийнхээ хөгжлийг чирсэн том бодлого ярина.
-Eparty.mn хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Залуучууд улстөрөөс залхаж эхэлж байна, ямар ч шийдэл харагдахгүй байгаа учраас. Тэр хүн шийдэж чадахгүй байгаа бол чи оронд нь оч, “76 ямаа” гэхийн оронд чи өөрөө хий, яагаад тэнэг хүнээр удирдуулаад байгаа юм бэ, чи ч чадна шүү дээ. Ийм юм хийгээсэй гэхээр эд тоохгүй байна гэж байгаа бол түүн дээр нь бүгдээрээ нэгдээд шахъя. Хийхгүй бол харин дараагийн алхам руу орьё. Гомдохоосоо илүү өөрсдөө санаачлага гаргаад шахдаг, бүр болохгүй бол өөрсдөө оронд нь очдог тийм боломжийг хангаж өгөх механизм руу нь явья гэж байгаа юм. Түүний эхний ажил нь Eparty.mn. Нэг нууц задлахад хамгийн түрүүнд Ерөнхий сайдын E-mail рүү 20.000 mail явуулья л гэж байгаа юм. 200 хүн жагссанаас 20.000 mail явуулсан нь дээр биз дээ. Эхлээд блоклоно л биз, дахиад явуулна шүү дээ. Тэгж байж бид үзэл бодлоо хүчтэй илэрхийлэхгүй бол үг хүрэхгүй байна.
-Яг ямар асуудлаар?
-Шийдэгдэхгүй маш олон асуудал байна. Хамгийн наад зах нь хотын газрын асуудал. Шийдэж чадахгүй юм бол битгий ширээн дээрээ бариад бай, эрх мэдэл, төсвийг нь хотод нь өгчих. Чадаад хийж байгаа юм бол яг одоо хий, хотын даргатай яриад яах юм. Иймэрхүү асуудал харж байна. Залуустай зөвлөлдөхөөр их гоё санаанууд гардаг юм шүү дээ, яг улс төр сонирхдог хэсгээс нь. Нийт хүмүүст бол улс төрийн боловсрол олгохын төлөө л ажиллах хэрэгтэй байх.
Б.СЭМҮҮН
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин