Popular Posts

Tuesday, April 12, 2011

Аноми Монгол /Хөх Монгол биш шүү/

Би өөрийгөө монголын түүхийн онц сонирхолтой үед амьдарч байна гэж боддог. Учир нь одоогийн монголчуудын хийж буй хуучин коммунист нийгмээс ардчилсан нийгэм уруу шилжих шилжилт нь улс төр, нийгэм эдийн засаг, үнэт зүйлсийн давхар давхар шилжилт хийгдсэнээр үйл явдлууд маш хурдтай өрнөж буй. Бидэнтэй хамт коммунист лагерт харъяалагдаж байсан Зүүн европын улсууд ардчилалыг сэргээн тогтоосон бол монголчуудад түүхэн туршлага байхгүй, ардчилсан нийгмийг шинээр тогтоож байна. 
Тийм ч учраас 1990 оны ардчилсан хувьсгалын дараа иргэд, олон нийтийн хувьд ардчилсан нийгмийн тухай зөв ойлголт, системтэй мэдлэг байхгүй улмаас улс төрийн намуудад итгэл алдрах, хуучин нийгмээ эргэн хүсэх, ардчиллыг үгүйсгэх үзэл монголын нийгэмд сүүлийн жилүүдэд асар хурдтай тархаж байна. Гэтэл унаж байгаа нэр хүндээ аврах, сонгогчдын итгэлийг авахын тулд улс төрийн намууд баруун, зүүн гэж ялгаварлалгүй сонгогчдод бэлэн мөнгө амлах аргыг сонгож сонгуульд өрсөлдөцгөөж байгаа нь монголын шинэ ардчилалд маш том аюулыг дагуулж байгаа юм. Тиймээс энэ бүх асуудлыг “түгээлтийн улс төр” болох одоогийн арга замаар бус системийн шинэ түвшинд бодлогын өөр хэлбэрээр шийдэх ёстой гэж би боддог.


Нэрт социологич Э.Дюркгейм нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих үед хуучин хууль тогтоомжууд үйлчилж чадахаа больж шинээр гарсан хуулийн зохицуулалт эхлэл төдий байгаа тэр үеийг аноми гэж нэрлэжээ. Мөн судлаачдын үзэж буйгаар аноми гэдэг нь нэг системээс нөгөөд шилжих трансформацитай давхцан эрх зүй, ёс суртахууны нэгэнт тогтсон хэм хэмжээ нь дүйцэхээ болин түүний оронд шинээр гарч ирж буй харилцаануудыг зохицуулах бодит хэм хэмжээ хараахан үгүйн улмаас бий болсон, зохицуулалтгүй хоосон орон зай юм. Ийнхүү аноми төлөв гэсэн ойлголтыг дурдахын учир нь судлаачдын болон миний өөрийн хийсэн судалгаануудаас харахад өнөөгийн шилжилтийн үед амьдарч буй монголын иргэдийн хууль, шударга ёсонд итгэх итгэл өдрөөс өдөрт алдагдаж, ёс суртахууны хэм хэмжээг өөрийнхөөрөө тогтоохыг дэмжиж байгаа нь илт ажиглагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод, Булган, Ховд аймгуудын дунд хийсэн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 64 хувь нь “Тэртэй тэргүй дээгүүрээ хууль биелүүлдэггүй юм чинь би хуулийг хааяа зөрчих нь ичмээр зүйл биш” хэмээн хариулсан бол 59 хувь нь “Хууль тогтоогчид нь сайн хууль гаргаж чадахгүй байгаа учраас энэ хуулийг заавал мөрдөх албагүй” хэмээн хариулсан юм. Тэр ч бүү хэл сүүлийн үед зарим улстөрчид хувьсгал хийх, эрх мэдлийн хуваарилалтийг хүчээр өөрчлөхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уриалах болсон нь дээрх дүгнэлтийг бататгаж байгаа хэрэг билээ. 

Нийгмийн энэхүү аюултай сэтгэхүй нь Монголын нийгэм дэх үнэт зүйлс болоод хэм хэмжээ, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь сулруулан, бүх нийтийг хамарсан “хаос” төлөв байдлыг үүсгэхийн сацуу гэмт хэрэг, гаж үзэгдэл огцом өсдөг зүй тогтлын дагуу үндэсний аюулгүй байдал, төрийн тогтвортой, тасралтгүй байдалд шууд эрсдэл үүсгэж болзошгүй харагдаж байгаа юм.

Харамсалтай нь Сү.Батболдын засгийн газар аноми төлөвийг арилгахын тулд яаралтай нийгмийн суурь өөрчлөлтүүд болох боловсролын шинэчлэл, хуулийн тогтолцооны өөрчлөлтөд онцгой их анхаарахын оронд уул уурхайн яамны хэмжээнд л үйл ажиллагаагаа чиглүүлж нэг тийшээ далбийгаад нийгмийн тэнцвэрийг алдагдуулахад бэлэн байдалд авчирч байх шиг байна. 
Үнэндээ ерөнхий сайд хүн юу хийх ёстой, ямар зарчим дээо тулгуурлаж ажиллах ёстой талаар одоогийн ерөнхий сайдад ямар ч зөв ойлголт алга. Магадгүй мэргэжлийн улс төрчийн гэхээсээ бизенесмен хүний тархиар л энэ төрийг удирдаж, алсыг харах менежментийн онолоо намынхаа үзэл сурталаар орлуулж болно хэмээн сэтгэж байгаа нь монголын нийгмийн аноми төлвийг улам бүр дэвэргэж байгаа нь харамсалтай байна. 

Ийм буруу төрийн бодлого, хаос байдалд байгаа нийгэмд уул уурхайгаас цутгах асар их мөнгө орж ирэх юм бол хоёр мянган жилийн түүхтэй энэ улсыг хэдхэн жилийн дотор сүйрүүлэх болно. Шударга ёс гэсэн үг уул уурхай, улс төрийн нам гэдэг нь лиценз зөвшөөрөл, хууль гэдэг нь олгигарх, эрх чөлөө гэдэг үг бэлэн мөнгө гэсэн үгүүдэд зайгаа тавьж өгнө. Магадгүй ХХ зууны хамгийн агуу ерөнхий сайд ч байж болох А.Амар нэгэнтээ “улс гэрийг буруу байгуулах нь өвлийн хүйтэнд мөсөн дээр дан гэр барьж суух мэт” гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Монголын нийгмин аноми төлөвийг уул уурхайн их мөнгө орж ирэхээс өмнө засахгүй бол монголчууд өөрөө өөрийгөө дахин дахин хувилахаас биш хөгжилгүй болсон “маркезийн 100 жилийн ганцаардал” шиг сөнөж буй нийгэм болоход хэдхэн жил дутуу байна. 


No comments:

Post a Comment