Орчин үеийн улс төрийн менежментийн ухаанд /урлагт/ сонгогчдын зорилтот бүлгийг тооцохдоо нэг үеийнхэн буюу generation гэх ойлголтыг заавал авч үзэх тухай заадаг болоод эхэлжээ. Үе үеийнхэн өөрийн зовлон жаргалтай бас өөрийн хэл яриатай хамгийн гол нь өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг ажээ. Өнөөдөр америк залуучуудын дийлэнхийн хувьд америкийн ардчилсан намыг хамгийн ихээр дэмждэг. Уул нь логикийн хувьд америкийн “улаантанууд” болсон зүүний үзэлтэй Ардчилсан Намыг биш эрх чөлөөг тунхаглагч барууны либерал үзлийн туг болсон Бүгд Найрамдахчуудыг илүүтэй дэмжих ёстой биш гэж үү.
Монголд ч гэсэн нийгмийн идэвхтэй залуучууд “хөхөмдөг” Ардчилсан Намыг биш “час ягаан” МАН-ын батлахыг баяр ёслолын байдалтайгаар авч буй тухай хэвлэлийн захиалгат мэдээ тасардаггүйн шалтгаан нь юундаа байна вэ. Нийгмийн Ардчилсан Залуучуудын Холбоонд энэ үеийн ихэнх залуучууд дургүй мөртлөө бүгд тэдний хөөрцөг лидерүүдийг танидаг харин тэд Ардчилсан Залуучуудын Холбоо гэж байдаг гэдгийг төдийлөн мэддэггүй, жаран лидерүүдийг нь нийгэм анзаардаггүйн нууц нь юу вэ. Энэ бүхний хариулт нь X үеийнхний улс төрийг харах өнцөгт байгаа юм.
1950 иад оны дундуур барууны судлаачид дэлхийн II дайны төсгөл үеийнхнээс өөр сэтгэлгээтэй, асуудлыг өөрийнхөөрөө шийдэхийг эрмэлздэг, аливаад тодорхой бус хандлагатай, эх орон, нийтийн үйлс гэхээсээ хувь хүний үзэл бодлоо чухалчилдаг хүүхдүүд олноор төрж байгааг олж тогтоож Х үеийнхэн буюу тодорхой бус үеийнхэн хэмээжээ. Өнөөдөр Х үеийнхэн буюу 13 дахь үеийнхнийг ерөнхийд нь 1965-1982 гэсэн хүрээнд хамааруулж байгаа бөгөөд гол нь уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм уруу шилжих шилжилтийг Х үеийнхэн туулах ёстой гэнэ Дэлхийн дайн, эдийн засгийн их хямрал гэгчийг туулсан өмнөх үеийнхнийгээ бодвол аж үйлдвэржилт, сансар судлал, мэдээллийн асар хурдацтай хөгжлийн ачаар дэлхийг хавтгай болгож чадсан энэ үеийнхэн соёл урлаг, спорт, бизнес санхүүгийн салбарт олноороо тодорч байгаа бол эдүгээ улс төрд бөөнөөрөө “төрөх нас нь ирлээ” гэдгийг америкийн профессорууд ид хэлэлцэж бас сурталдаж байна.
Тэд аливаа хатуу үзэл сурталд баригдах дургүй байдаг бөгөөд юуны өмнө өөрт ашигтай гэж үзсэн хувилбарыг хамгийн түрүүнд шүүрч ашигладаг прагматик сэтгэхүйтэй. Америкийн Х үеийнхний бодлоор улс төрийн нам баруун зүүн гэдгээрээ ялгарахаасаа илүүтэйгээр залуучуудыг хэрхэн дэмжиж тэдэнд ажиллах таатай орчин нөхцөл, өсөж хөгжих боломжийг хэрхэн хангаж өгч байна вэ гэдэг нь чухал гэдгийг ч тэд ил илэрхийлдэг. Америкийн “социалист нам” болох Ардчилсан нам нь залуучуудыг илүү дэмжиж байгаа учраас саналаа өгдөг гэдгээ ч нуугаад байдаггүй.
Монголын нөхцөлд ч энэ тайлбар үнэний хувьтай. Монголын Х үеийнхэн улс төрийн сонголт хийхдээ намуудыг пракматикаар харж байна. Намуудын ялгаа нь хөхөмдөг, ягаан өнгөөр эсвэл туйлширсан үзэл сурталдаа бус залуу үеийг хэрхэн дэмжиж байна вэ, өөрийн орон зайд “квот”-ын хэмжээгээ залуучуудад хэрхэн нээж өгч чадаж байна гэдэг дээр Х үеийнхэн сонголтоо хийцгээж байна. Монголын улс төрийн барометр төвийнхний хийсэн судалгааны дүнгээр НАМЗХ-ны явуулдаг хөөрцөглөсөн олон компанит ажлууд залуучуудад таалагддаггүй ч анхааралд нь өртдөг гэсэн бол АЗХ-оос тоймтой юм хийдэггүй учраас сайн муу алинаар ч танигдаагүй, залуучууд үнэлгээ өгч мэдэхгүй байна хэмээн дүгнэжээ. Орчин үеийн улс төрийн менежмент 1990 оны хүйтэн өвлийн жагсаал цуглаанаас илүү өөр прагматик шийдэл шаардаад байгааг ардчилсан намынхан хүлээн зөвшөөрөх бас өрсөлдөгчөөсөө суралцахгүй бол стратегийн ялагдал ойрхон л харагдаад байна даа.
Энэ үеийнхэн цаг нь ирэхлээр улс орноо нуруун дээрээ үүрч явах л болно. Үүнд мэдээж хүн бүхэн санаатай болон санамсаргүйгээр оролцоно. Бас цаг нь ирэхлээр дараа үедээ үлдээгээд явах болно. Гагцхүү яг өнөөдөр Х үеийнхнийг төлөөлж “хаврын яргуй” \зарим улс төрч-сэтгүүлчдийн ярьдаг яргуйн хувьсгал гээчийг хэлээгүй болно\ болж буй гурван өөр менежменттэй, гурван өөр залуу лидерүүдийг улс төрийн менежментийн талаас нь үнэлж дүгнэх нь мэргэжлийн хүний хобби учраас хөндөхгүй байж чадсангүй.
Х.Тэмүүжин
Ардчилсан намыг дэмжигч залуучуудын хувьд МУИС-ийн Хуулийн Сургуулийн багш байсан энэ залуу яалт ч үгүй Х үеийнхний улс төрийн идеал болж хүлээн зөвшөөрөгддөг. Парламентийн залуу гишүүн гэдэг утгаараа бус либеритари үзлийг тунхагладаг гэдэг утгаараа бүр биш харин эрх зүйн шинэчлэлийг улс суурьтай шүүмжилж юу хийх ёстой вэ гэдгийг нарийн тодорхойлж бас хүлээн зөвшөөрүүлж чаддаг нь түүний улс төрийн хамгийн том капитал, гэрлийн хурдаар улс төрд байр сууриа эзэлсэн нууц нь юм. Манайдаа л гайгүй судалгаа хийчихдэг Сант Марал сангийн судалгаагаар түүний нэр нийслэлийнхний хувьд үндэсний шилдэг 10 улс төрчдийн нэгээр аль хэдийнээ нэрлэгдэх болсон нь хууль эрх зүйн шинэчлэл, шударга ёсны асуудал сонгогчдод хэр их таалагдаж байгаагийн сонгодог жишээ юм.
Харин түүний менежментийн гол алдаа нь улс төрчийн гэхээсээ соён гэгээрүүлэгчийн байр суурин дээр байж улс төрийн гал тогоонд өдөр тутмын “гурил зуурах” ажилтай зууралдалгүй онолдож суудаг ганц бие цагаан гартан болж харагддагт юм. Их хурлын гишүүн болсоноосоо хойш тойргийнхоо намынхантай тулж ажиллахгүй зугтаад алга болсон түүнд намынхан нь ҮЗХ-оос хасаж дүн тавьсан билээ. Онолдох нь түүний хувь хүний таашаал мэт боловч нэгэнт улс төрчийн замналыг сонгосон бол багаар ажиллаж сурах нь л түүнийг олон сонгуульд ялж жинхэнэ лидер болох эсэхийг шийдэх бизээ. Учир нь улс төр бол эрдэмтэй ухаантнуудын гэхээсээ сайн зохион байгуулагчийн л амжилттай ажиллах талбар билээ. Мэдээж ухаантнуудад нийгмийг гэгээрүүлэх илүү дээд эрэмбийн ажлын байр бий.
У.Хүрэлсүх
Ардын намын хатуухан генесек энэ залуу нам дотроо Х үеийнхнийг бүтнээр төлөөлж чадах төдийгүй тэднийг өөртэйгөө хамт өсгөн бойжуулж буй загалмайлсан эцэг улс төрчийн статуст хэдийнээ хүрч чадсан. Чухам түүний идэвхтэй зүтгэл, шантрашгүй хичээлээр нам дотроо залуучуудыг хүлээн зөвшөөрүүлж чадсан төдийгүй бүхэл бүтэн үеийг намын удирдах аппаратанд гаргаж ирж хуучны ужигарсан улаантнуудыг яагааруулж чадсан том менежер юм. Нэгэн цагт Н.Энхбаяр л нагаржунайн намыг социал демокрит намаар сольж ийм шинэчлэлийг хийж байсан билээ. Энэ бүхэн нь түүнд бүхэл бүтэн багтай болох боломжийг олгосон бөгөөд түүнийг хэчнээн тэнэг үйлдэл хийж байсан ч шүтэж амьдардаг залуучуудын нэг үе бий. Учир нь тэр бол залуучуудыг зүгээр ч нэг дэмждэггүй хүний ёсоор ар гэрийнхэнтэй нь хүртэл дажгүй харьцчихдаг, хэцүү үед тусалчихдаг жинхэнэ эр хүн гэсэн үнэлгээг тогтоож чадсан.
Гэвч ирээдүйд түүний улс төрийн ногоон гэрлийг улаан болгож мэдэх зан чанар, муйхар менежментийн арга барилууд ч өөрт нь хангалттай байдаг. Үнэндээ нийгмийн болон намынхаа боловсролтой хэсэгт гологддог сул тал нь нийт үндэсний хэмжээний бус нэг байгууллагын үнэт зүйлсд хязгаарлагдчихсан үйл ажиллагаа, сэтгэхүй нь юм. Ямар сайндаа монголын түүхэнд тодорсон бүх сайн үйл явдлууд, тэр дундаа 1206 онд Их Монгол улсыг байгуулахад ардын намын ахмад гишүүн Есүхэйн Чингис удирдсаныг МАН-ын генесек Хүрэлсүх олж тогтоожээ гэсэн онигоо залуусын дунд мессенжэрээр тарахав дээ. Манай нам л мундаг, бид л хамгийн шилдэг нь, бидэнтэй таарахгүй байгаа нь муу хүмүүс гэсэн итгэл үнэмшил, сурталчилгаа нь залуу генесекийн намдаа хэчнээн хайртайг яруу тодоор илэрхийлж болох боловч праматик сэтгэхүйтэй, туйширсан үзэлд дургүй энэ үеийнхнийг үргээх л арга болох болов уу даа. Учир нь аливаа нэгэн бүлгийн соёл, итгэл үнэмшилийг бусдаас дээгүүр тавьж ялгаварлан гадуурхдаг үзэл фашизм, коммунизмд л байдагийг интернэтийн эриний Х үеийнхэн хамгийн сайн таньж чадах ажээ.
Батзандан
Х үеийнхний хамгийн мундаг нь биш ч гэсэн хамгийн алдартай дүр бол яах аргагүй Батзандан билээ. Тэр хэрээрээ нийгмийг хоёр хувааж асар олон залуучууд дэмждэгийн адил бас асар олон залуучууд шууд дургүйцлээ илэрхийлдэг харизматик лидер юм. Улс төр судлаачид түүнийг дүгнэхдээ иргэдийн эрх ашигийг хамгаалахаар иргэд өөрсдөө нэгдсэн иргэний нийгмийн байгууллагын үндэс суурийг тавилцаж монголын улс төрийн орчины салшгүй нэг хэсэг болгож чадсан хэмээн үнэлдэг. Энэ бол улс төрийн том менежмент төдийгүй том баялаг юм. Яагаад баялаг вэ гэвэл түүнийг насан туршид нь дагалдах нэр бол иргэний нийгмийн Батзандан гэсэн оноосон нэр. Тэр тоолонд иргэний нийгмийн үйл ажиллагаанл ямар нэгэн хэмжээгээр оролцдог эсвэл тэдний үйл ажиллагааг улс төрд хүлээн зөвшөөрдөг ямар ч сонгогч түүний нэрийг байнга дугуйлах болно гэсэн үг юм. Аливаа зүйлийн анхдагч, манлайлагч байх нь хамгийн ашигтай гэдгийн тэр залууст харуулж төдийгүй одоо ч өөрийн орон зайгаа алдаагүй байна. Учир нь УИХ-ын ихэнх гишүүдийн үйл ажиллагаа байтугай нэрийг нь ч залуучуудын дийлэнх нь мэдэхгүй бол дэмждэг ч үзэн яддаг ч байсан хамаагүй монгол залуу хүн бүр түүнийг танина. Энэ бол улс төрийн хамгийн том капитал билээ.
Мэдээж түүний улс төрийн үйл ажиллагаанд олон алдаа ажиглагддаг. Аливаа асуудлын шийдлийг олж ойлголцохоосоо илүүтэй микрофоны өмнө ярихийгаа шийдэл гэж хардаг, нийгмийн шинэчлэлийг танхимын бус гудамжны улс төрөөр шийдэхийг шаарддаг, үйл ажиллагааг эхлүүлчихээд удирдаж хянаж чаддаггүй зэрэг нь нийгмийн олонх болсон дундаж ангид хариуцлагагүй шоучин гэж харагддаг нь үндэсний хэмжээний лидер гэж хүлээн зөвшөөрөгдөхөд менежментээ шинэчлэх хэрэгтэй байгааг сануулдаг.
Х үеийнхэн эдгээр “трояны гурвалсан морьд-ыг дэмждэг ч байсан үгүй ч байсан үл шалтгаалаад 2012 оны УИХ-ын сонгуульд нэрийг нь дугуйлах болно. Учир нь өөр бусад олон зуун үл таних бурхадийг дугуйлснаас өөрийн үеэ төлөөлж байгаа “танидаг чөтгөр”өө сонгогчид нь дугуйлчихдаг” гэдгийг туршлагатай менежерүүд сануулдаг болой. Яг л Жамух өөрийн талын хөгшчүүдээс зугтаж нөхөр мэт дайсан болох үеийн нөхөр Тэмүүжинээ илүү дэмжсэн мэт өөрийн үеийн лидерүүдээ муу хэлж байгаад л бид сонгочих ажээ. Харин улс төрийн намуудын хувьд Х үеийнхэнийг хэрхэн дэмжиж хэрхэн хамтарч ажиллахаас дараагийн стратегийн ялалт ялагдал шалтгаална. Бараг хорин жилийг хамарсан энэ үеийнхний дэмжлэгийг алдсан нам лав гурван удаагийн сонгуульд олонх болохгүй, засгийн эрх барихгүй байх эрсдэл байна.
Монголын Х үеийнхэн нийтээрээ дахиад хоёр сонгуулийн дараачаас улс төрд олонх болно. Тэр бол хэн хэн лидер болж хүлээн зөвшөөрөгдөж чадах вэ? Мэдээж яг одоо залуус би мэдэхгүй ээ л гэж хариулах байх. Зөв хариулт нь Та өөрөө ч юм бил үү. Цаг ирвээс… хэмээн Богд хааны алдартай афоризм судар номонд бичигдчихсэн байна шүү дээ залуус аа.
No comments:
Post a Comment