Popular Posts

Tuesday, April 12, 2011

Улс төр дэх орон зайн тулаан

Сүүлийн үед улс төрийн менежментийн ухаанд орон зайн тухай ойлголтыг ихэд чухалд авч үзэх боллоо. Товчхондоо мэргэжлийн улс төрийн менежментийн гол зорилго нь улс төрийн орон зайд өөрийгөө хадгалах, улмаар тэлэх, бусдыгаа буланд шахсанаар өөрийн бодлогыг сонгогчдоор хүлээн зөвшөөрүүлэх, дэмжигчдээ нэгтгэн нөлөөлөх урлаг байх тухай барууны их сургуулиудад ид хэлэлцэж байна.
            Сүүлийн үед монголын улс төрд болж буй үйл явцыг хөндлөнгөөс ажиглах тусам манайд мэргэжлийн улс төрийн алсан хараа, менежментийн хүчтэй бодлого илт дутагдаж улс төрчид тулга тойрсон хувийн хэрүүлээс хэтэрхээ байж, улс төрийн намууд менежментийн хурц дутагдалд  улам бүр орж  байгаа нь ажиглагдах боллоо. Шулуухан хэлэхэд монголын залуу үед хоёр том намын менежмент, алсын хараа илт гологдож байна.
           
МАН
            Монголын ууган улс төрийн намын хувьд одоо ч гэсэн хамгийн нөлөө бүхий нам мөн боловч аажмаар задрах үйл явц энэ том намд явагдаж байна. Өөрийнхөө бүхий л түүхэн үеийн турш төрийн бүтэц, санхүүжилтээр оршин тогтнож улс төрийн орон зайд монополчилж  ирсэн энэ нам бол үнэн хэрэг дээрээ хагас төр-хагас нам юм.  1990 оноос ардчилсан сонгуульд тэгш гараанаас бусад намуудтай өрсөлдөх болсоноор энэ намд шийдэж чадахгүй нэг асуудал гарч ирсэн нь үнэт зүйлийн эрэл хайгуул юм. Коммунист үзэл суртлаасаа татгалзсаны дараа нагаржунайн онол, социал демократ онол, одоо нийгмийн ардчилал хэмээх нео социал демократ онол маягийн зүйлийг ]үнэндээ ийм онол байдаг эсэхийг мэддэг нэг ч профессортой тааралдаагүй л байна]авахаар шийдсэн нь зарим хэсэгт нь таалагдалгүй хуваагдаж байх шиг байна. Цаашдаа ч энэ асуудал энэ намын гол проблем хэвээр үлдэнэ.
Одоо энэ намын менежмент төрийн албан дээр суурилсан энерцээрээ л шааригдаж байгаа болохоос компаничилсан намын батлах тараалт, туг лоозон барьж жагссан шантаажчид нөгөө шантаачиддаа эсэргүүцсэн гээд нөгөө л хуучны арга хэлбэрээр менежмент хийгдсээр. Орон зайгаа алгуурхан алдсаар хоёрдугаар байр луу эрчимтэй явж байгааг төрөл бүрийн социологийн судалгаанууд нотлоод л байна даа.

АН
МАХН-өөс үндсэндээ хуулбарласан хуучин бүтэц, шинэлэг сэтгэлгээ хоёрын байнгын дотоод зөрчил энэ намыг үргэлж хоёрдугаар байранд хадсаар ирсэн билээ. Сүүлийн хэдэн жилийн МАН МАХН-ын будилаан, 7 сарын 1, хотын дундаж ангийн өсөлт гээд энэ намыг эхний байранд оруулах нийгмийн нөхцөл хангалттай бүрдээд байгаа, рейтинг нь ч анх удаа МАН-ын өмнө гараад дажгүй яваа. Гэхдээ намын менежмент байхгүй, ёстой буянаараа л явж байгаа гэхэд болно.
Өнөөдөр судлаачид Н.Энхбаярын нам байгуулагдсанаар МАН-д хэрхэн гай болж санал хувааж байгааг шүүмжлэн олонтоо бичиж байна. Үнэн хэрэг дээрээ Н.Энхбаяраас болж хамгийн их “хохирч” буй нам бол АН юм.  МАН-ын одоогийн байдал нь АН-ын үндэсний хамгийн том болох боломжийг олгосон боловч тэд энэ боломжоо Засгийн Газарт орох саналаар стратегич С.Баярт худалдчихсан юм.  Хэрвээ хүчтэй сөрөг хүчин байсан бол МАН-аас залхаж дэмжихээ больж буй сонгогчдын дэмжлэгийг өөртөө наах, ингэснээр хамгийн том нам болох, 2012 онд найдвартай ялах боломж АН-д байлаа. Харамсалтай нь энэ орон зайг хоосон үлдээснээс тэнд одоо Н.Энхбаяр тоглож байна. Улс төрд байх ёстой орон зайн дээрээ байж чадаагүй, хоосон орон зайг түрүүлж нөхөх чадвар ямар чухлыг 2012 оны парламентын сонгуулиар АН мэдрэх болов уу даа.  Тэд ялах боломжоо алдаж ойролцоо суудал авсанаар дахин МАН-тай наймаалцах  сонин нөхцөл гарах магадлалтай өндөртэй. Тэр үед сөрөг хүчин байсан бол ялах байлаа гэсэн харуусал, хэрүүл үг энэ намыг нэг хэсэгтээ бужигнулаад авах биз.

Одоо бол МАНАН өөрийн хууль бус гэрлэлтийн  “хүсээгүй хүүхэд” болох Н.Энхаярыг бүгд л бутач хэмээн хоуюлаа гадуурхаж байна. Цагтаа  тэгж гадуурхагдсан Боданчар мунхаг чинь хожмоо ямар овгийг үндэслэснийг түүх хэлээд өгнө. Харин би дараагийн удаа залуустайгаа монголын байгалын баялаг монгол улс төрд хэрхэн задрал авчирж буй тухай санал бодлоо соилцохоор шийдчихсэн байгаа.

Аноми Монгол /Хөх Монгол биш шүү/

Би өөрийгөө монголын түүхийн онц сонирхолтой үед амьдарч байна гэж боддог. Учир нь одоогийн монголчуудын хийж буй хуучин коммунист нийгмээс ардчилсан нийгэм уруу шилжих шилжилт нь улс төр, нийгэм эдийн засаг, үнэт зүйлсийн давхар давхар шилжилт хийгдсэнээр үйл явдлууд маш хурдтай өрнөж буй. Бидэнтэй хамт коммунист лагерт харъяалагдаж байсан Зүүн европын улсууд ардчилалыг сэргээн тогтоосон бол монголчуудад түүхэн туршлага байхгүй, ардчилсан нийгмийг шинээр тогтоож байна. 
Тийм ч учраас 1990 оны ардчилсан хувьсгалын дараа иргэд, олон нийтийн хувьд ардчилсан нийгмийн тухай зөв ойлголт, системтэй мэдлэг байхгүй улмаас улс төрийн намуудад итгэл алдрах, хуучин нийгмээ эргэн хүсэх, ардчиллыг үгүйсгэх үзэл монголын нийгэмд сүүлийн жилүүдэд асар хурдтай тархаж байна. Гэтэл унаж байгаа нэр хүндээ аврах, сонгогчдын итгэлийг авахын тулд улс төрийн намууд баруун, зүүн гэж ялгаварлалгүй сонгогчдод бэлэн мөнгө амлах аргыг сонгож сонгуульд өрсөлдөцгөөж байгаа нь монголын шинэ ардчилалд маш том аюулыг дагуулж байгаа юм. Тиймээс энэ бүх асуудлыг “түгээлтийн улс төр” болох одоогийн арга замаар бус системийн шинэ түвшинд бодлогын өөр хэлбэрээр шийдэх ёстой гэж би боддог.


Нэрт социологич Э.Дюркгейм нийгмийн нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд шилжих үед хуучин хууль тогтоомжууд үйлчилж чадахаа больж шинээр гарсан хуулийн зохицуулалт эхлэл төдий байгаа тэр үеийг аноми гэж нэрлэжээ. Мөн судлаачдын үзэж буйгаар аноми гэдэг нь нэг системээс нөгөөд шилжих трансформацитай давхцан эрх зүй, ёс суртахууны нэгэнт тогтсон хэм хэмжээ нь дүйцэхээ болин түүний оронд шинээр гарч ирж буй харилцаануудыг зохицуулах бодит хэм хэмжээ хараахан үгүйн улмаас бий болсон, зохицуулалтгүй хоосон орон зай юм. Ийнхүү аноми төлөв гэсэн ойлголтыг дурдахын учир нь судлаачдын болон миний өөрийн хийсэн судалгаануудаас харахад өнөөгийн шилжилтийн үед амьдарч буй монголын иргэдийн хууль, шударга ёсонд итгэх итгэл өдрөөс өдөрт алдагдаж, ёс суртахууны хэм хэмжээг өөрийнхөөрөө тогтоохыг дэмжиж байгаа нь илт ажиглагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод, Булган, Ховд аймгуудын дунд хийсэн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 64 хувь нь “Тэртэй тэргүй дээгүүрээ хууль биелүүлдэггүй юм чинь би хуулийг хааяа зөрчих нь ичмээр зүйл биш” хэмээн хариулсан бол 59 хувь нь “Хууль тогтоогчид нь сайн хууль гаргаж чадахгүй байгаа учраас энэ хуулийг заавал мөрдөх албагүй” хэмээн хариулсан юм. Тэр ч бүү хэл сүүлийн үед зарим улстөрчид хувьсгал хийх, эрх мэдлийн хуваарилалтийг хүчээр өөрчлөхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уриалах болсон нь дээрх дүгнэлтийг бататгаж байгаа хэрэг билээ. 

Нийгмийн энэхүү аюултай сэтгэхүй нь Монголын нийгэм дэх үнэт зүйлс болоод хэм хэмжээ, хариуцлагын тогтолцоог бүхэлд нь сулруулан, бүх нийтийг хамарсан “хаос” төлөв байдлыг үүсгэхийн сацуу гэмт хэрэг, гаж үзэгдэл огцом өсдөг зүй тогтлын дагуу үндэсний аюулгүй байдал, төрийн тогтвортой, тасралтгүй байдалд шууд эрсдэл үүсгэж болзошгүй харагдаж байгаа юм.

Харамсалтай нь Сү.Батболдын засгийн газар аноми төлөвийг арилгахын тулд яаралтай нийгмийн суурь өөрчлөлтүүд болох боловсролын шинэчлэл, хуулийн тогтолцооны өөрчлөлтөд онцгой их анхаарахын оронд уул уурхайн яамны хэмжээнд л үйл ажиллагаагаа чиглүүлж нэг тийшээ далбийгаад нийгмийн тэнцвэрийг алдагдуулахад бэлэн байдалд авчирч байх шиг байна. 
Үнэндээ ерөнхий сайд хүн юу хийх ёстой, ямар зарчим дээо тулгуурлаж ажиллах ёстой талаар одоогийн ерөнхий сайдад ямар ч зөв ойлголт алга. Магадгүй мэргэжлийн улс төрчийн гэхээсээ бизенесмен хүний тархиар л энэ төрийг удирдаж, алсыг харах менежментийн онолоо намынхаа үзэл сурталаар орлуулж болно хэмээн сэтгэж байгаа нь монголын нийгмийн аноми төлвийг улам бүр дэвэргэж байгаа нь харамсалтай байна. 

Ийм буруу төрийн бодлого, хаос байдалд байгаа нийгэмд уул уурхайгаас цутгах асар их мөнгө орж ирэх юм бол хоёр мянган жилийн түүхтэй энэ улсыг хэдхэн жилийн дотор сүйрүүлэх болно. Шударга ёс гэсэн үг уул уурхай, улс төрийн нам гэдэг нь лиценз зөвшөөрөл, хууль гэдэг нь олгигарх, эрх чөлөө гэдэг үг бэлэн мөнгө гэсэн үгүүдэд зайгаа тавьж өгнө. Магадгүй ХХ зууны хамгийн агуу ерөнхий сайд ч байж болох А.Амар нэгэнтээ “улс гэрийг буруу байгуулах нь өвлийн хүйтэнд мөсөн дээр дан гэр барьж суух мэт” гэсэн утгатай үг хэлсэн байдаг. Монголын нийгмин аноми төлөвийг уул уурхайн их мөнгө орж ирэхээс өмнө засахгүй бол монголчууд өөрөө өөрийгөө дахин дахин хувилахаас биш хөгжилгүй болсон “маркезийн 100 жилийн ганцаардал” шиг сөнөж буй нийгэм болоход хэдхэн жил дутуу байна. 


Нэг Сталины хоёр Монгол улс байгуулах төсөл

Тун удахгүй хавар болгоноор аугаа их эх орны дайны ялалтын 66 жилийн тэгш ой хэмээн бөөн баяр хөөр болно. Манайхан ч сурсан зангаараа дагаад л намирч оройд нь телевизүүдээр  зөвлөлтийн үеийн үзэл сурталжсан баахан кино хөврөх нь мэдээж. Уг нь шууд утгаараа бол оросуудын хувьд л эх орноо хамгаалсан гэсэн утгатай болохоос манай эх орны дайн биш л дээ. Ялалтын баяр бол Өрнийн болон зөвлөлтийн цэргийн эвсэл германы социалист нацизмыг ялсан дайн бөгөөд харин түүнд монголууд бүхий л чадлаараа хөрш орноо дэмжсэн гэдэг нь бол түүхэн үнэн юм.

Харин тухайн үеийн монголчуудын ойлголтоор манай аугаа их орны дайн бодитоор 1945 оны 8 сарын аравны өдөр Монголчууд Японд дайн зарласнаар эхэлсэн юм. Монголын Засгийн Газар дайн зарласан шалтгаанаа "Монгол овогтон нэгэн гэр улс болж… оршин суухыг хүсэж ирсэнийг үндэслэж” хэмээн шулуухан тайлбарласан байдаг. Тодруулбал, өвөрмонголыг чөлөөлөх замаар эх орноо түүхэн хилээр нь нэгтгэх ариун дайнд тэд морджээ.

Японы милитаризм ялагдах нь тодорхой болчихсон 1945 онд монголчуудын ариун дайн ялалтаар өндөрлөх нь бүгдэд илт байв. Сүүлийн гурван зуун жилийн турш нийт монголчуудын мөрөөдөл байсан Нэгдсэн Монгол улс дэлхийн газрын зураг дээр дахин мэндлэх ёстой. Энэ бол монголчуудын сонголт. Түүхийг бүтээх үйл явц нь үргэлж сонголтыг шаарддаг боловч бодит түүх болж чадах эсэх нь үйл явдлыг удирдаж буй хүчний сонголттой хэр зэрэг давхцаж байгаагаас хамаардаг байна. Нармай монголыг байгуулах гэсэн монголчуудын хүсэл үйл явдлыг удирдагчын хүсэлтэй давхцжээ.

Юуны өмнө Сталин Гадаад монголын тусгаар тогтнолыг их гүрнүүдээр төдийгүй хөрш хятадуудаар хүлээн зөвшөөрүүлэх замаар БНМАУ хэмээх буферын үүрэгтэй нэгэн шинэ Монгол улсыг амжилттай байгуулаад байсан юм. Жолоодогчын төлөвлөж байсан дэлхийн хувьсгалын төв ЗХУ-аас Хятадаар дамжин латин Америк хүрэх тухай түүний хувьсгалт романтизм нь үнэн хэрэг дээрээ дараагийн дэлхийн III дайны тухай мөн өөрийн гол өрсөлдөгч АНУ-г унагах алсын стратеги бүхийн агуу төлөвлөгөө байв. Дэлхийн III дайн эхлэхэд өөрийн улсын аюулгүй байдлаа буфер бүсүүдээр халхлах зорилтын хүрээнд монголчуудын тусгаар тогтнолын төлөө шаргуу тэмцжээ.

Хөгшин террорист 1939 онд монголын нутаг дэвсгэр дээр Япончуудтай нүдэлдсэн шигээ Америкчуудтай мөн байлдана гэж тооцсон хэрэг. Тийм ч учраас Гадаад Монголын статусквогийн талаар ДИУ-ын төлөөлөгчидтэй уулзахдаа "стратегийн үүднээс авч үзэхэд аль нэг цэрэгжсэн их гүрэн Гадаад Монголоос ЗХУ-г довтолж Сибирийн төмөр замыг таслах юм бол ЗХУ өнгөрөх нь тэр " гэж хэлээд Япон Хятад аль аль нь Монголыг эзлэх хүчгүй учир эл санаагаа АНУ-тай холбон тайлбарласан байна.

Дэлхийн хувьсгалыг ялуулахын тулд Японы Квантуны армийг бут цохих нэрийн доор Америкаас өрсөн хятадаар дамжин азид аль болох гүн нэвтэрч тэнд аль болох олон буфер социалист БНУ-уудыг байгуулах хэрэгтэй гэж үзэв. Яг энэ зорилгынхоо хүрээнд дахин нэг шинэ Нармай монгол улс байгуулахыг тэр хүсжээ.

1945 оны VIII сарын эхээр маршал Х.Чойбалсанг Кремлд Сталин дуудаж уулзав. Уулзалтанд Сталин санамсаргүй маягаар Гадаад болон Дотоод Монголын удирдагч болох Х.Чойбалсангийн төлөө хундага өргөсөн нь Японыг чөлөөлөх дайнд ЗХУ Нармай Монголын хөдөлгөөнийг дэмжиж байгаа гэсэн ойлголтыг төрүүлсэн учраас тэрээр эх орондоо буцаж ирээд "Монгол овогтон нэгэн гэр улс болж… оршин суухыг хүсэж ирсэнийг үндэслэж” Японд дайн зарласан байна.

Сталин Хятадуудтай Гадаад Монголын тусгаар тогтнолын талаар уулзахдаа "Монголчууд Гадаад, Дотоод Монголыг нэгтгэхийг маш их хүсэж байгаа юм" хэмээн сүрдүүлсэн зэргээс үзэхэд түүнд Хятадуудтай хэл амаа олохгүй АНУ-д алдсан тохиолдолд Нэгдсэн Монгол улсыг байгуулах замаар Америкуудын эсрэг тулах гэсэн хэрэг ажээ. Ийнхүү монголчуудын элэг нэгт ахан дүүгээ нэгтгэж хуучин түүхэн газар нутгаа эргүүлэн авч Нармай Монгол байгуулагдах бодит бололцоо бүрдэв.

Гэвч дараа дараагийн хэрэг явдалаар Хятадад Америкчууд нэвтрээгүйгээр үл барам иргэний дайнд ХКН ялж 600 сая хүнийг удирдах эрх олж авсанаар Азид социализмын алтан үе ирлээ. Одоо Сталинд нармай монголчууд хэрэггүй учраас нэгдэх хүсэлтэй өвөрмөнгол ноёдыг Улаанбаатарт урин авчирж буудаж алсан бол үзэл санааны удирдагч Х.Чойбалсанг нь Москвад “эмчилж” цааш харуулав. Түүнд монголчууд БНМАУ буюу гадаад Монголын хэмжээнд л тусгаар тогтнох хуучин төсөл нь ашигтай болжээ.

Харин дэлхийн хувьсгалын төлөө Америкчуудтай тэмцэх агуу үүргийг Сталин коммунист хятадуудад үүрүүлж “ирээдүйн дэлхийн хувьсгалын төв хятад болно. Ах нь дүүгээ залгамжилна” хэмээн айлджээ. Түүний бодит илрэл болж шинэ дайн монголын нутагт биш Солонгосын хойг, Вьетнам, зүүн өмнөд азийн улсуудын газар нутаг дээр дэгдсэн билээ.



Тэмүүжин, Хүрэлсүх, Батзандан гурав

Орчин үеийн улс төрийн менежментийн ухаанд /урлагт/ сонгогчдын зорилтот бүлгийг тооцохдоо нэг үеийнхэн буюу generation гэх ойлголтыг заавал авч үзэх тухай заадаг болоод эхэлжээ. Үе үеийнхэн өөрийн зовлон жаргалтай бас өөрийн хэл яриатай хамгийн гол нь өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг ажээ. Өнөөдөр америк залуучуудын дийлэнхийн хувьд америкийн ардчилсан намыг хамгийн ихээр дэмждэг. Уул нь логикийн хувьд америкийн “улаантанууд” болсон зүүний үзэлтэй Ардчилсан Намыг биш эрх чөлөөг тунхаглагч барууны либерал үзлийн туг болсон Бүгд Найрамдахчуудыг илүүтэй дэмжих ёстой биш гэж үү.
            Монголд ч гэсэн нийгмийн идэвхтэй залуучууд “хөхөмдөг” Ардчилсан Намыг биш “час ягаан” МАН-ын батлахыг баяр ёслолын байдалтайгаар авч буй тухай хэвлэлийн захиалгат мэдээ тасардаггүйн шалтгаан нь юундаа байна вэ. Нийгмийн Ардчилсан Залуучуудын Холбоонд энэ үеийн ихэнх залуучууд дургүй мөртлөө бүгд тэдний хөөрцөг лидерүүдийг  танидаг харин тэд Ардчилсан Залуучуудын Холбоо гэж байдаг гэдгийг төдийлөн мэддэггүй, жаран лидерүүдийг нь нийгэм анзаардаггүйн нууц нь юу вэ. Энэ бүхний хариулт нь X үеийнхний улс төрийг  харах өнцөгт байгаа юм.
            1950 иад оны дундуур барууны судлаачид дэлхийн II дайны төсгөл үеийнхнээс өөр сэтгэлгээтэй, асуудлыг өөрийнхөөрөө шийдэхийг эрмэлздэг, аливаад тодорхой бус хандлагатай, эх орон, нийтийн үйлс гэхээсээ хувь хүний үзэл бодлоо чухалчилдаг хүүхдүүд олноор төрж байгааг олж тогтоож Х үеийнхэн буюу тодорхой бус үеийнхэн хэмээжээ. Өнөөдөр Х үеийнхэн буюу 13 дахь үеийнхнийг ерөнхийд нь 1965-1982 гэсэн хүрээнд хамааруулж байгаа бөгөөд гол нь уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм уруу шилжих шилжилтийг Х үеийнхэн туулах ёстой гэнэ Дэлхийн дайн, эдийн засгийн их хямрал гэгчийг туулсан өмнөх үеийнхнийгээ бодвол аж үйлдвэржилт, сансар судлал, мэдээллийн  асар хурдацтай хөгжлийн ачаар дэлхийг хавтгай болгож чадсан энэ үеийнхэн соёл урлаг, спорт, бизнес санхүүгийн салбарт олноороо тодорч байгаа бол эдүгээ улс төрд бөөнөөрөө “төрөх нас нь ирлээ” гэдгийг америкийн профессорууд ид хэлэлцэж бас сурталдаж байна.
Тэд аливаа хатуу үзэл сурталд баригдах дургүй байдаг бөгөөд юуны өмнө өөрт ашигтай гэж үзсэн хувилбарыг хамгийн түрүүнд шүүрч ашигладаг прагматик сэтгэхүйтэй. Америкийн Х үеийнхний бодлоор улс төрийн нам баруун зүүн гэдгээрээ ялгарахаасаа илүүтэйгээр залуучуудыг хэрхэн дэмжиж тэдэнд ажиллах таатай орчин нөхцөл, өсөж хөгжих боломжийг хэрхэн хангаж өгч байна вэ гэдэг нь чухал гэдгийг ч тэд ил илэрхийлдэг. Америкийн “социалист нам” болох  Ардчилсан нам нь залуучуудыг илүү дэмжиж байгаа учраас саналаа өгдөг гэдгээ ч нуугаад байдаггүй.
 Монголын нөхцөлд ч энэ тайлбар үнэний хувьтай.  Монголын Х үеийнхэн улс төрийн сонголт хийхдээ намуудыг пракматикаар харж байна. Намуудын ялгаа нь хөхөмдөг, ягаан өнгөөр эсвэл туйлширсан үзэл сурталдаа бус залуу үеийг хэрхэн дэмжиж байна вэ, өөрийн орон зайд “квот”-ын хэмжээгээ залуучуудад хэрхэн нээж өгч чадаж байна гэдэг дээр Х үеийнхэн сонголтоо хийцгээж байна. Монголын улс төрийн барометр төвийнхний хийсэн судалгааны дүнгээр НАМЗХ-ны явуулдаг хөөрцөглөсөн олон компанит ажлууд залуучуудад таалагддаггүй ч анхааралд нь өртдөг гэсэн  бол АЗХ-оос тоймтой юм хийдэггүй учраас сайн муу алинаар ч танигдаагүй, залуучууд үнэлгээ өгч мэдэхгүй байна хэмээн дүгнэжээ. Орчин үеийн улс төрийн менежмент 1990 оны хүйтэн өвлийн жагсаал цуглаанаас илүү өөр прагматик шийдэл шаардаад байгааг ардчилсан намынхан хүлээн зөвшөөрөх  бас өрсөлдөгчөөсөө суралцахгүй бол стратегийн ялагдал ойрхон л харагдаад байна даа.
Энэ үеийнхэн цаг нь ирэхлээр улс орноо нуруун дээрээ үүрч явах л болно. Үүнд мэдээж хүн бүхэн санаатай болон санамсаргүйгээр оролцоно. Бас цаг нь ирэхлээр дараа үедээ үлдээгээд явах болно. Гагцхүү яг өнөөдөр Х үеийнхнийг төлөөлж “хаврын яргуй” \зарим улс төрч-сэтгүүлчдийн ярьдаг яргуйн хувьсгал гээчийг хэлээгүй болно\ болж буй гурван өөр менежменттэй, гурван өөр залуу лидерүүдийг улс төрийн менежментийн талаас нь үнэлж дүгнэх нь мэргэжлийн хүний хобби учраас хөндөхгүй байж чадсангүй.

Х.Тэмүүжин
Ардчилсан намыг дэмжигч залуучуудын хувьд МУИС-ийн Хуулийн Сургуулийн багш байсан энэ залуу яалт ч үгүй Х үеийнхний улс төрийн идеал болж хүлээн зөвшөөрөгддөг. Парламентийн залуу гишүүн гэдэг утгаараа бус либеритари үзлийг тунхагладаг гэдэг утгаараа бүр биш харин эрх зүйн шинэчлэлийг улс суурьтай шүүмжилж юу хийх ёстой вэ гэдгийг нарийн тодорхойлж бас хүлээн зөвшөөрүүлж чаддаг нь түүний улс төрийн хамгийн том капитал, гэрлийн хурдаар улс төрд байр сууриа эзэлсэн нууц нь юм.  Манайдаа л гайгүй судалгаа хийчихдэг Сант Марал сангийн судалгаагаар түүний нэр нийслэлийнхний хувьд үндэсний шилдэг 10 улс төрчдийн нэгээр аль хэдийнээ нэрлэгдэх болсон нь  хууль эрх зүйн шинэчлэл, шударга ёсны асуудал сонгогчдод хэр их таалагдаж байгаагийн сонгодог жишээ юм.
Харин түүний менежментийн гол алдаа нь улс төрчийн гэхээсээ соён гэгээрүүлэгчийн байр суурин дээр байж улс төрийн гал тогоонд өдөр тутмын “гурил зуурах” ажилтай зууралдалгүй онолдож суудаг ганц бие цагаан гартан болж харагддагт юм. Их хурлын гишүүн болсоноосоо хойш тойргийнхоо намынхантай тулж ажиллахгүй зугтаад алга болсон түүнд намынхан нь ҮЗХ-оос хасаж дүн тавьсан билээ. Онолдох нь түүний хувь хүний таашаал мэт боловч нэгэнт улс төрчийн замналыг сонгосон бол багаар ажиллаж сурах нь л түүнийг олон сонгуульд ялж жинхэнэ лидер болох эсэхийг шийдэх бизээ. Учир нь улс төр бол эрдэмтэй ухаантнуудын гэхээсээ сайн зохион байгуулагчийн л амжилттай ажиллах талбар билээ. Мэдээж ухаантнуудад нийгмийг гэгээрүүлэх илүү дээд эрэмбийн ажлын байр бий.

У.Хүрэлсүх
Ардын намын хатуухан генесек энэ залуу нам дотроо Х үеийнхнийг бүтнээр төлөөлж чадах төдийгүй тэднийг өөртэйгөө хамт өсгөн бойжуулж буй загалмайлсан эцэг улс төрчийн статуст хэдийнээ хүрч чадсан. Чухам түүний идэвхтэй зүтгэл, шантрашгүй хичээлээр нам дотроо залуучуудыг хүлээн зөвшөөрүүлж чадсан төдийгүй бүхэл бүтэн үеийг намын удирдах аппаратанд гаргаж ирж хуучны ужигарсан улаантнуудыг яагааруулж чадсан том менежер юм. Нэгэн цагт Н.Энхбаяр л нагаржунайн намыг социал демокрит намаар сольж ийм шинэчлэлийг хийж байсан билээ. Энэ бүхэн нь түүнд бүхэл бүтэн багтай болох боломжийг олгосон бөгөөд түүнийг хэчнээн тэнэг үйлдэл хийж байсан ч  шүтэж амьдардаг залуучуудын нэг үе бий. Учир нь тэр бол залуучуудыг зүгээр ч нэг дэмждэггүй хүний ёсоор ар гэрийнхэнтэй нь хүртэл дажгүй харьцчихдаг, хэцүү үед тусалчихдаг жинхэнэ эр хүн гэсэн үнэлгээг тогтоож чадсан.
 Гэвч ирээдүйд түүний улс төрийн ногоон гэрлийг улаан болгож мэдэх зан чанар, муйхар менежментийн арга барилууд ч өөрт нь хангалттай байдаг. Үнэндээ нийгмийн болон намынхаа боловсролтой хэсэгт гологддог сул тал нь нийт үндэсний хэмжээний бус нэг байгууллагын үнэт зүйлсд хязгаарлагдчихсан үйл ажиллагаа, сэтгэхүй нь юм. Ямар сайндаа монголын түүхэнд тодорсон бүх сайн үйл явдлууд, тэр дундаа 1206 онд Их Монгол улсыг байгуулахад ардын намын ахмад гишүүн Есүхэйн Чингис  удирдсаныг МАН-ын генесек Хүрэлсүх олж тогтоожээ гэсэн онигоо залуусын дунд мессенжэрээр тарахав дээ.  Манай нам л мундаг, бид л хамгийн шилдэг нь, бидэнтэй таарахгүй байгаа нь муу хүмүүс гэсэн итгэл үнэмшил, сурталчилгаа нь залуу генесекийн намдаа хэчнээн хайртайг яруу тодоор илэрхийлж болох боловч праматик сэтгэхүйтэй, туйширсан үзэлд дургүй энэ үеийнхнийг үргээх л арга болох болов уу даа. Учир нь аливаа нэгэн бүлгийн соёл, итгэл үнэмшилийг бусдаас дээгүүр тавьж ялгаварлан гадуурхдаг үзэл фашизм, коммунизмд л байдагийг интернэтийн эриний Х үеийнхэн хамгийн сайн таньж чадах ажээ.
 Батзандан
            Х үеийнхний хамгийн мундаг нь биш ч гэсэн хамгийн алдартай дүр бол яах аргагүй Батзандан билээ. Тэр хэрээрээ нийгмийг хоёр хувааж асар олон залуучууд дэмждэгийн адил бас асар олон залуучууд шууд дургүйцлээ илэрхийлдэг харизматик лидер юм.  Улс төр судлаачид түүнийг дүгнэхдээ иргэдийн эрх ашигийг хамгаалахаар иргэд өөрсдөө нэгдсэн иргэний нийгмийн байгууллагын үндэс суурийг тавилцаж монголын улс төрийн орчины салшгүй нэг хэсэг болгож чадсан  хэмээн үнэлдэг. Энэ бол улс төрийн том менежмент төдийгүй том баялаг юм. Яагаад баялаг вэ гэвэл  түүнийг насан туршид нь дагалдах нэр бол иргэний нийгмийн Батзандан гэсэн оноосон нэр. Тэр тоолонд иргэний нийгмийн үйл ажиллагаанл ямар нэгэн хэмжээгээр оролцдог эсвэл тэдний үйл ажиллагааг улс төрд хүлээн зөвшөөрдөг ямар ч сонгогч түүний нэрийг байнга дугуйлах болно гэсэн үг юм. Аливаа зүйлийн анхдагч, манлайлагч байх нь хамгийн ашигтай гэдгийн тэр залууст харуулж төдийгүй одоо ч өөрийн орон зайгаа алдаагүй байна. Учир нь УИХ-ын ихэнх гишүүдийн үйл ажиллагаа байтугай нэрийг нь ч залуучуудын дийлэнх нь мэдэхгүй бол дэмждэг ч үзэн яддаг ч байсан хамаагүй монгол залуу хүн бүр түүнийг танина. Энэ бол улс төрийн хамгийн том капитал билээ.
            Мэдээж түүний улс төрийн үйл ажиллагаанд олон алдаа ажиглагддаг. Аливаа асуудлын шийдлийг олж ойлголцохоосоо илүүтэй микрофоны өмнө ярихийгаа шийдэл гэж хардаг, нийгмийн шинэчлэлийг танхимын бус гудамжны улс төрөөр шийдэхийг шаарддаг, үйл ажиллагааг эхлүүлчихээд удирдаж хянаж чаддаггүй зэрэг нь нийгмийн олонх болсон  дундаж ангид  хариуцлагагүй шоучин гэж харагддаг нь үндэсний хэмжээний лидер гэж хүлээн зөвшөөрөгдөхөд менежментээ шинэчлэх хэрэгтэй байгааг сануулдаг.
            Х үеийнхэн эдгээр “трояны гурвалсан морьд-ыг дэмждэг ч байсан үгүй ч байсан үл шалтгаалаад 2012 оны УИХ-ын сонгуульд нэрийг нь дугуйлах болно. Учир нь өөр бусад олон зуун үл таних бурхадийг дугуйлснаас өөрийн үеэ төлөөлж байгаа “танидаг чөтгөр”өө сонгогчид нь дугуйлчихдаг”  гэдгийг туршлагатай менежерүүд сануулдаг болой. Яг л Жамух өөрийн талын хөгшчүүдээс зугтаж нөхөр мэт дайсан болох үеийн нөхөр Тэмүүжинээ илүү дэмжсэн мэт өөрийн үеийн лидерүүдээ муу хэлж байгаад л бид сонгочих ажээ. Харин улс төрийн намуудын хувьд Х үеийнхэнийг хэрхэн дэмжиж хэрхэн хамтарч ажиллахаас дараагийн стратегийн ялалт ялагдал шалтгаална. Бараг хорин жилийг хамарсан энэ үеийнхний дэмжлэгийг алдсан нам лав гурван удаагийн сонгуульд олонх болохгүй, засгийн эрх барихгүй байх эрсдэл байна. 
 Монголын Х үеийнхэн нийтээрээ дахиад хоёр сонгуулийн дараачаас улс төрд олонх болно. Тэр бол хэн хэн лидер болж хүлээн зөвшөөрөгдөж чадах вэ?  Мэдээж яг одоо залуус би мэдэхгүй  ээ л гэж хариулах байх. Зөв хариулт нь Та өөрөө ч юм бил үү. Цаг ирвээс… хэмээн Богд хааны  алдартай афоризм судар номонд  бичигдчихсэн байна шүү дээ залуус аа.
 О.Чулуунбилэг

Үндэсний шуудан сонин 04/04 дугаар №80/1104/