Улс төрийн менежментийн ухаанд орчин үеийн улс төрийн үндсэн
технологийг өөрчлөлтийг санал болгох болон шийдэл гаргах гэсэн хоёр үндсэн хэсэгт хувааж намууд болон улс төрчид дүрэм болгон мөрддөг болжээ. Эрх баригчдийн шийдэж чадахгүй байгаа мөртлөө иргэдийн амьжиргаанд хамгийн их тулгамдаж буй асуудлыг зөв тодорхойлж өөрчлөх гарцыг олон нийтэд санал болгох нь улс төрийн зах зээлийн эхний дүрэм юм. Зөв тодорхойлно гэдэг нь судалгаан дээр үндэслэж тодорхойлсон боломжит хувилбаруудыг мөрийн хөтөлбөрийн хүрээнд сонгогчдод санал болгож буй гэсэн утгыг агуулдаг.
Нэгэнт тухайн улс төрийн хүчин, улс төрчид дийлэнх сонгогчдын саналыг шударгаар авч ялсан бол хоёр дахь дүрмийг амжилттай хэрэгжүүлэхийг төлөвшсөн улс төрийн орчин шаарддаг. Чамд бэрхшээлийг боломж болгон өөрчилнө гэсэн төлөвлөгөө байна бас түүнийгээ гүйцэтгэж чадах төрийн эрх мэдэл бүхий мандатыг бид олголоо. Одоо шийдэл чинь хаана байна гэх сонгогчдын асуултанд хариулахын тулд Хойд Солонгос, Кубээс бусад орны эрх барьж буй улс төрийн хүчнүүд тодорхой түвшнүүдэд өөр өөрийн менежментийн стратегийг боловсруулж иргэдийн нүдэнд харагдаж амьдралд мэдрэгдэх бодит төслүүдийг хэрэгжүүлдэг билээ. Харин Монголын улс төр дэх эрх баригчдын маань менежментыг шийдэл ямархуу түвшинд байгааг ярилцвал сонирхох залуус мэдээж байгаа байх, тийм үү?
Бүр том “7 сарын 1”
Бид нийтээрээ Монгол Улсын үндсэн хуулинд байдаг шиг нас хүйс шашин шүтлэг үл ялгаварлан ардчилсан нийгмийн тухай туршлагагүй. Учир нь 1990 оноос өмнө хэн маань ч ардчилсан нийгэмд амьдарч байсангүй. Ардчиллын эхэн үеийн улс төрчдийн болон намуудын мөрийн хөтөлбөр, ярьж байсан амалтуудыг сөхөн уншвал юун Амбий Бооёогийн тоглолтууд. Улс төрчид ч гэсэн хүн юм болохоор адилхан л ойлголт муутай байсан байлгүй гэж болох ч хорин жил өнгөрөхөд сонгууль болгоноор тэдний найруулж буй хошин шогийн тоглолтууд бүр ч төгөлдөршөөр л байна.
Иргэд эхэндээ тэднийг шоолж инээж байсан бол одоо залхаж бухимдах болов. Учир нь хорин жилийн хугацаанд иргэдийн ардчилалын тухай мэдлэг харьцангуй сайжирсан бол улс төрчдийн туршлага ч мэдлэг ч хорин жилийнхээ өмнөхөөрөө байгаа учир өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй байна. Өдөр тутам олонх иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлын шийдэлийн үзүүр нь хөвөрсөөр улс төрчдийн гаргаж буй буруу шийдвэртэй эсвэл шийдвэр гаргаж чадахгүй байгаа эс үйлдэлтэй холбогддог ажээ. Улс төрийнхний энэ менежментийн хоцрогдол нь нийгмийн суурь өөрчлөлтүүд болох боловсролын шинэчлэл, хууль эрх зүйн тогтолцооны өөрчлөлт, нийгмийн дундаж давхаргын өсөлт зэргийг удирдан явуулах биш харин ч чөдөрлөж эхэлснээр монголын нийгэм бүхэлдээ аноми буюу эмх замбараагүй төлөв уруу гулсаж эхлэж байгааг судлаачид анхааруулсаар байна.
Судлаачдын үзэж буйгаар аноми гэдэг нь нэг системээс нөгөөд шилжих трансформацитай давхцан эрх зүй, ёс суртахууны нэгэнт тогтсон хэм хэмжээ нь дүйцэхээ болин түүний оронд шинээр гарч ирж буй харилцаануудыг зохицуулах бодит хэм хэмжээ хараахан үгүйн улмаас бий болсон, зохицуулалтгүй хоосон орон зай юм. Ийнхүү аноми төлөв гэсэн ойлголтыг дурдахын учир нь судлаачдын болон миний өөрийн хийсэн судалгаануудаас харахад өнөөгийн шилжилтийн үед амьдарч буй монголын иргэдийн хууль, шударга ёсонд итгэх итгэл өдрөөс өдөрт алдагдаж, ёс суртахууны хэм хэмжээг өөрийнхөөрөө тогтоохыг дэмжиж байгаа нь илт ажиглагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Дорнод, Булган, Ховд аймгуудын дунд хийсэн санал асуулгад оролцсон нийт иргэдийн 64 хувь нь “Тэртэй тэргүй дээгүүрээ хууль биелүүлдэггүй юм чинь би хуулийг хааяа зөрчих нь ичмээр зүйл биш” хэмээн хариулсан бол 59 хувь нь “Хууль тогтоогчид нь сайн хууль гаргаж чадахгүй байгаа учраас энэ хуулийг заавал мөрдөх албагүй” хэмээн хариулсан юм.
Эрх баригчдийн явуулж буй менежмент иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй эсвэл нийгэмд үлгэр жишээ болж чадахгүй болохоор тэд төрийн засаглах чадварыг үл хүлээн зөвшөөрч өөрсдөө асуудлаа шийдэх гэж оролдож эхэлдэг. Монгол дахь хувьсгал хийх тухай хөдөлгөөнүүдийн сүрдүүлэг, луйварчдыг буудахыг уриалсан интернэтийн сэтгэгдэлүүд, уул уурхайн баялаг гадаадынханд луйвардуулсан гэх гомдол, чингистэй холбож хэн нэгний зохиосон монголын төрийг аврах номлол, төрийн ордныг нум сумаар харвах зэргийн цаад шалтгааных нь “загалмайлсан эцэг” нь манай эрх баригчдын буруу менежмент билээ. Тэр ч утгаараа манай төр болон МАН нь 7 сарын 1 –ны хохирогч нь бус “төрсөн эцэг” нь юм шүү дээ.
Хамгийн харамсалтай нь манай эрх баригчид зөв шийдэл, алсыг харсан зохицуулалт нийгэмдээ хийж чадахгүй байгаагийн улмаас энэ аноми төлөв өдөр тутмын амьдралд үл анзарагдам жижиг боловч сансарын хар нүх шиг монголын нийгмийг сорж байна. Яг л 7 сарын нэгний хэрэг шиг үйл ажиллагаа нь нэг өдрийнх боловч үр нөлөө нэг үеийнхэнд нөлөөлсөн шиг.
Өнөөгийн эрх баригчдын мухардлаас гарах технологи
Асуудлууд нь шийдэлгүй овоорч төрийн засаглах чадвар сул байгааг ганц ард түмэн ойлгоод эрх баригчид ойлгохгүй юмуу санаа зовохгүй байгаа огт биш юм. Тэд зүгээр л асуудлыг яаж шийдэхээ мэдэхгүй байгаа юм. Мэдэхгүй болохоороо хамгийн энгийн аргаар буюу уул уурхайн баялгаа урьдчилж зараад ч болтугай иргэддээ бэлэн мөнгө тарааж гал унтраах нь монголын улс төрчдийн мухардлаас гарах технологи нь ажээ. Олигархиуд сонгогчдод компанийнхаа мөнгийг тарааж сонгогдчхоод одоо төрин санг бүх иргэдэд тарааснаар дахин ялна гэж тооцож байх шиг. Гэвч шүүхийн системийг шударга болгох, боловсролыг шинэчлэл хийх, байгалв орчноо хамгаалах зэрэг нийтэд хамааралтай суурь асуудлуудыг мөнгөөр шийдэж чадахгүй улам ужигруулж байгаа нь ямар үр дүнд хүрч байгааг бид судалгаанаас харсан.
Монголчуудад засгийн газар нь уул уурхайн яам шиг ерөнхий сайд С.Батболд түүний сайд шиг харагддаг болтолоо “өдөр шөнөгүй ажилласан” ч эрх баригчдын нэр хүнд улам унаж хүмүүс илүү бухимдалтай болсон нь тэднийг улам л менежментийн мухардалд аваачиж байна. Сүүлийн үеийн мэдээлэл авахнээ, одоо эрх баригчид маань энэ мухардлаасаа гарахын тулд бүр их мөнгө тарааж “мухардахаар” шийдсэн гэнэ. Төсөвийн ажилтнуудын цалинг нэг дахин нэмж, ахмадуудад нэг сая төгрөг тарааж өгөх шилдэг менежмент боловсруулсан сурагтай.
Тодруулбал, өнөөгийн засгийн газар дахин нэг удаа сонгогчдыг худалдан аваад сонгууль хүртэл тэсээд зугтаж монголын төрийг хар нүхтэй нь хаях ёс зүйгүй аашлах бололтой.
Эрх баригчдад найдах хэрэггүй боллоо. Нийгмийн эмх замбараагүй байдлын босгон дээр байгаа эх орноо, устаж мэдэх нялх ардчилалаа, тусгаар тогтнолоо хадгалахын тулд бидэнд түгээлтийн улс төрөөс бодлогын өөр хэлбэр, шилдэг шийдэл хэрэгтэй байна. Харамсалтай нь 1990 оны талбайн улс төрийн технологитой эсвэл хятад маягийн “ард улс” менежменттэй хагас социалист хагас олгирхи улс төрчид энэ зүйлийг хийж чадахгүй.
Одоо тэгэхээр залуусаа дараагийн сонгуульд улс төрчдөд тавих шаардлагаа тодорхой болгочихий. Хамгийн нийтлэг шалгуур нь бүгдийг мэддэг биш тодорхой салбарт мэргэшсэн, хувийн төсөөллөөрөө иргэдийнхээ асуудлыг төсөөлдөг биш суурь судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргадаг, нийгмийн шинэчлэлд тууштай шаардсан, уул уурхайтай сонирхлын зөрчилгүй улс төрчийг л нам харгалзахгүй дэмжинэ гэдгээ эртнээс зарлачихвал яасынм бэ. Мэдээж цаашаа ямар шалгуур тавих нь хувь хүн таны эрх шүү дээ.