Popular Posts

Friday, January 27, 2012

С.Батболд боломжийг алдчихсан

АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Улс төрийн менежмэнтээр мэргэшиж буй, Ардчилсан залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа. 
-Улс төр дэх орон зайн тулааны талаар цувралаар бичиж байгаа хүний хувьд энэ орон зайд хэн давамгайлж байгаа тухай асуултаар яриагаа эхлэх үү?


-Монголын улс төрийн орон зайд хамтарсан Засгийн газар тарах хүртэл С.Баяр гэдэг хүний стратегийн тоглолт явагдаж байсан. Одоогоор дараагийн стратегич нь хэн байхыг мэдэх боломжгүй байна. Бүх талаараа боломж нь байсан боловч Сү.Батболд  боломжийг алдчихлаа. Одоо намаа бүрэн бүтэн сонгуульд авч орвол л их юм болсон. С.Баярын үлдээсэн орон зайг нөхөж чадахгүй “жижигдэж” байна. Тэгэхээр хоосон зай улам тэлж энэ орон зайд тоглох гэсэн улстөрчдийн популист хандлага сонгууль хүртэл улам бүр хүчээ авах нь гарцаагүй. Мэдээж сонгуулийн дараа ялсан нам нь дүрмээ зохиогоод стратегээ гаргаад явах ёстой.
Өнөөдрийн хувьд Ардчилсан Нам С.Баярын “Үхлийн тэврэлт”-ээс салж сөрөг хүчний байр суурин дээрээ ирсэн байгаа нь ардчиллын суурь зарчим болсон олонх нь засаглаж цөөнх нь хянах ёстой гэсэн стандарт зарчим дээр ирж байгаа нь иргэдэд л ашигтай. Учир нь, “хамтрахаараа хөгжиж байна”, “бүх зүйл болж байна” гэж хоосон статистик тоо хэлээд зогсч байдгаа больж сөрөг хүчин нь иргэдийн амьдралд эдийн засгийн өсөлт наалдахгүй байгааг парламентын танхимд зохион байгуулалттай илэрхийлэх нь шийдвэр гаргагчдын бодлогод нөлөөлж чадах юм. 

-АН-ын салсан нь цаг үеэ олсон уу, эсвэл арай оройтсон уу?

-Улс төрийн менежментэд “Үхлийн тэврэлт” гэдэг ойлголт байдаг. Ардчилсан нам С.Баярын үхлийн тэврэлтээс салах ёстой гэсэн саналыг би энэ намын гишүүний хувьд үргэлж хэлж, бичиж ирсэн. “Үхлийн тэврэлт” нь нэгд, Ардчилсан намыг гишүүд дэмжигчдээс нь салгаж дотор нь сөргөлдүүлэх, хоёрт, МАН-ын алдсаар буй орон зайг нөхөж Монголын тэргүүлэгч нам болж хүчирхэгжих боломжийг алдагдуулж байсан. Одоо салсан болохоор эрт үү, орой юу гэдэг нь тийм ч чухал биш. Салж байгаа нь байх ёстой байр суурин дээрээ ирж буй нь хамгийн чухал. 

-С.Батболд яах ёстой байсан гэж. Яг яагаад, ямар боломжийг алдсан гэж?

-С.Баяр гэдэг хүн Н.Энхбаярын ч хийж чадаагүй улс төрийн намуудын хамгийн том нэгдлийг удирдах боломжийг С.Батболдод өгчихөөд явчихсан. С.Батболд зохион байгуулалттай сөрөг хүчингүй, төсвийн асар их мөнгөний нөөцтэй өмнөх ямар ч Ерөнхий сайдад олдоогүй ажил хийх агуу боломжтой Засгийн газрыг удирдаж байгаа атлаа өнөөдөр хийсэн тоймтой нэг ч ажил байхгүй хамаг юмаа тараачихаад сууж байна. Ийм унхиагүй, сул байвал удахгүй намаа тараана биз. Үүнээс нь айсан С.Баяр ахиад л гэнэт гараад ирэхгүй бол МАН тун хүнд байдалд байна.

-Гуравдагч хүчнийхэн орон зайн тоглолтод оролцож чадаж байна уу?

-Харамсалтай нь Монголд бодитой ямар ч улс төрийн том гуравдагч хүчин алга. Зүгээр хэсэг хэсэг жижиг намын удирдагч нарын хувийн тоглолт байна. Хоёр том нам нэгдсэн байхад улс төр хийх, нийгмийн дэмжлэгийг авах боломж байсан. Гэвч тэд хийж чадсангүй. Магадгүй удирдагчид нь хүсээгүй байх.

 -Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хүчтэй байх болов уу, ИЗ-НН гуравдагч хүчний орон зайд хүчтэй байх уу?

-Хувь улстөрчийнхөө хувьд Н.Энхбаяр, М.Энхсайхан нар хүчтэй, үндэсний хэмжээнд дэмжигчидтэй удирдагчид. Энэ сонгуульд төвөггүй УИХ-ын гишүүд болж чадна. Тэр хоёрын намуудын одоогийн баримталж буй стратеги бол нэг нь МАН-аас, нөгөө нь Ардчилсан намаас санал зулгаах. Өөрөөр хэлбэл, эрх баригч хоёр намд итгэлгүй хандаж байгаа 40 хувийг өөртөө татах гэж оролдож буй юм. Гэвч тэдний ярьж буй зүйлүүд сонгогчдын саналыг тийм өндрөөр татаж чадахгүй болов уу. Үүнтэй ч холбоотой сонгуулийн дараа, бага санал авсан тэд нийгмийг элдэв үймээнд уриалан дуудах вий гэдгээс л илүүтэй болгоомжилж байна. 

ИЗН-ын хувьд би нэг л саналтай байдаг. Тэд салсан модондоо эргэж иртлээ өөрийнхөө байх ёстой орон зайг ололгүй салж нийлсээр л явах болно. Тэд үзэл бодол нэгтэй, Зориг агсны байгуулсан Ардчилсан Намд эргэн ирж байж л өөрийн үнэт зүйлээ дэлгэрүүлж чадна, хүчирхэг болно.
 
-“АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хүмүүс гадаад бодлого, эдийн засаг, шашин, миграци гэсэн үндсэн хэдэн сэдэв дээр эргэлддэг. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сард болох сонгуульд ерөөсөө л эдийн засаг буюу тэр дундаа ажилгүйдэл, төсвийн алдагдлын талаар яригдах бололтой. Харин Монголд” гэж нэгэн блогч бичсэн байна билээ. Миний бодлоор Тавантолгойн хувьцаа, Оюутолгой гэсээр л сонгуульд орох нь. Гэр бүл салалт, ажилгүйдэл гээд өөр зүйл ярих боломж байхгүй байгаа бололтой?


-Сонгуулийн менежментийн онолоор ямар ч нам сонгуульд орохын өмнө сонгогчдын дунд том суурь судалгаануудыг хийх ёстой. Тэндээс сонгогчдын хамгийн их тулгамдаж буй асуудлуудын жагсаалтыг гаргаж мөрийн хөтөлбөртөө хэрхэн шийдэх талаар санал боловсруулдаг. Америкчуудын хувьд гадаад бодлого, шашин, миграци, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдал, ажил эрхлэлт гэсэн хэдэн сэдэв хүн бүрт хамааралтай гэж үздэг учраас ямар ч үед бүх нэр дэвшигчид хөндөж байж сонгогчдоосоо санал авахаар уралддаг. Харин эдгээр сэдэв дотроосоо тухайн үед сонгогчдын хамгийн их санаа тавьж буй асуудал дээр төвлөрч маргаан мэтгэлцээн үүсдэг уламжлалтай. Есдүгээр сарын 11-ны халдлагын дараа АНУ-ын нийгмийн гол сэдэв аюулгүй байдал байсан бол 2008 оноос хойш эдийн засгийн бууралт, ажилгүйдэл хамгийн чухал сэдэв болсон. Одоо тэр сэдэв дээр өрсөлдөгчид нь Обамаг хүчтэй шүүмжилж нийгмээс оноо авч чадаж байгаа. Обама ч ажилгүйдлийн эсрэг том хууль батлуулах гээд сенат дээр гацчихсан байгааг уншигчид мэдэж байгаа байх.

Манай УИХ-ын ээлжит сонгуулийн сэдвийн хувьд ч намууд бас судалгаан дээрээ үндэслэж гаргаж ирэх нь тодорхой. Тавантолгой, Оуютолгой, долдугаар сарын 1-ийг хүссэн ч эс хүссэн ч яригдана. Дээрээс нь нэмж шударга ёс, хуулийн хэрэгжилт, намуудын шинэчлэл их яригдах болов уу. Гэр бүл салалт их байгаа нь үнэн, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй нь үнэн ч бусад асуудлууд шигээ нийтийг хамарч чадахгүй учраас гол хэсэгт яригдаж чадахгүй л дээ. 

-Сонгуулийн хууль батлагдсанаар улс төрийн намуудын стратеги хэрхэн өөрчлөгдөж байна?


-Шинэ хууль улс төрийн намууд, улстөрчдөд маш их халтай хатуу хууль болсон. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх сонирхол байна уу, үгүй юу эсвэл Үндсэн хуулийн Цэц дээр унагаад хуучнаараа явах нь уу гэдэг нь одоохондоо судлаачдад илүү сонирхолтой харагдаж байгаа. 
Энэ шинэ хууль үйлчилж эхэлснээр улстөрчид, намуудын сонгуулийн уламжлалт стратегийг бүхэлд нь өөрчлөх шаардлага үүснэ. Урьдын адил бэлэн мөнгө болон бусад зүйл тараадаг, урлаг соёлын үзүүлэх тоглолт зохион байгуулдаг, хувийн хөрөнгөөрөө сонгогчдын саналыг худалдан авдаг нь ямар ч боломжгүй болж нэр дэвших эрхээ хасуулна. Бас дээр нь пропорциональ 28 тойрог байгаа зэргийг харгалзан үзвэл намын бүтэц дээрээ суурилсан стратеги руу орох болов уу. Учир нь, намын үйл ажиллагааг нэр дэвшигчийнх шиг ихээр хориглож хязгаарлаагүй байгаа шүү дээ.  
Нөгөө талаар сонгогчдод нэр дэвшигчдийг хянах их боломж, эрхийг нээж өгсөн байгаа. Жишээ нь, нэр дэвшигч чамд мөнгө өгвөл чи түүнийг баримтжуулж Сонгуулийн ерөнхий хороонд өгөөд 10 дахин нугалж авах урамшууллыг суулгаж өгсөн байгаа. Мөн дэмжихгүй нэр дэвшигчийнхээ мөнгө тарааж буй, бусдад блэн мөнгө амлаж буй, санхүүжүүлж буй, урлаг соёлын сурталчилгаа хийж буйг баримтжуулаад нэрийг нь татуулах, гишүүнээс эргүүлэн татах боломж бүрэн байгаа. Тэгэхээр залуучууд маань улстөрчдэд маш их шүүмжлэлтэй ханддаг. Одоо шинэ хуулиар шүүмжлээд зогсохгүй тэднийг таслан зогсоох боломжийг ашиглах хэрэгтэй. Үгүй бол дараагийн дөрвөн жил дахиад шүүмжилсэн хэвээр л байх болно. Үр дүнгүй шүүмжлэл бол зүгээр л коммент шүү дээ.

-Гэхдээ л “сонгогчдын саналыг авах нь чухал уу, саналыг тоолох нь чухал юм уу” гэх асуудал бүрэн шийдэгдсэн болов уу. Энэ хоёрын сүүлийнх дээр нь ач холбогдол өгч байж ялалтад хүрээд байх шиг?

-Ардчилсан улсад мэдээж сонгогчдын саналыг авах нь чухал. Зөв шударга тоолж чаддаг байх нь ардчилсан нийгмийн нэг том дархлаа. Сонгогчид яаж санал өгөх нь чухал биш, түүнийг хэрхэн тоолох нь чухал гэдэг бохир технологи Сталины үед коммунист Орост бий болсон. Коммунизм нурсаны дараа ч ардчилал сул хөгжсөн орнуудад, ялангуяа Орос, Монгол, Төв Азийн улсуудад сайн хөгжсөн. Харин манай сонгуулийн шинэ хууль, санал авах машин зэрэг нь энэ бохир технологийн эсрэг сайн ажиллана байх гэж найдаж байгаа. Ядаж тийм л зорилгоор энэ Сонгуулийн хууль гарсан. Харин хэр хэрэгжүүлэх эсэх дээр залуучууд, иргэд ч хяналт тавьж шаардлага тавихгүй бол улстөрчид бол аль болохоор мөрдөхгүйг л бодно шүү дээ.

-Энэ сонгуульд “мөнгөний амлалт” юу болж зүсээ хувиргах бол?

-Шинэ хуулиараа бол нэр дэвшигчид өөрсдийгөө хорлоё л гэвэл амлалт ярих байх. Тэгээд тэсэхгүй нь амлаад хөөгдөнө л биз дээ  /инээв/

-“Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулийг нэг өдөр хийхгүй байх нь зөв” гэх санаа улстөрчдөд улам дэмжлэг авч байх байна аа? 

-Судлаачийн хувьд нэг өдөр хийх нь зөв гэж боддог. Монголын улс төрийн намууд нь хатуу гишүүнчлэлтэй учраас сонгуулийн үед нийгмийн бүх төвшинд улстөрждөг, нийгмийг хуваадаг эмзэг талтай. Сонгууль олон явагдах нь нийгмийг бужигнуулах төдийгүй эдийн засагт ч хохиролтой. Онолын хувьд сонгуулийн өмнө бүх хөрөнгө оруулалт хүлээлтийн байдалд орж царцдаг. Мөн иргэдийн хувьд ч сонгуулийн үеэр улс төрийн намууд нийгэм рүү ихээхэн хэмжээний мөнгө оруулдаг учраас сонгууль бүрийн дараа инфляци өсдөг. Тиймээс нэг өдөр нэг удаа хийх нь зөв гэж бодож байна. 

-Би олон хүнээс сонсч байсан. Ийм цөөхөн хүн амтай, энэ сайхан газар нутагтай, баялагтай, боловсролын түвшин өндөртэй улс байж яагаад хөгжихгүй байна аа гэж. Мөн энэ бүхний буруутанг мэдээж улстөрчдөд өгдөг. Үүнтэй санал нийлэх үү?

-Би нэг жишээ хэлье. Америк маягийн социализм хэмээн эх орныхоо татвар төлөгчдөдөө адлуулдаг Аляскаас ирсэн оюутан хичээл дээр зовлонгоо тоочиж байсан юм. Түүнийхээр бол сүүлийн арав гаруй жилд аль ч намаас ямар ч мундаг улстөрч гараад Аляскийн сонгогчдод огт таалагдахаа больсон аж. Байгалийн асар их баялагтай учраас жил бүр ард түмэндээ хишиг түгээдэг түүнийгээ хэрхэн нэмэх талаар улстөрчид нь уралдаж амлаад сонгуульд ялдаг боловч сонгогчид нь үргэлж мөнхийн улстөрчдөө муулаастай. Шалтгаан нь баялагтай ард түмний огцом баяжна гэсэн хүлээлт түүнийг нь гүйцэлдүүлж эс чадах улстөрчдийнх нь бодит байдлын хоорондын зөрүүнээс үүдэлтэй улс төр нийгмийн сэтгэл зүйн хямрал гэгч зүйл ажээ. Энэ хямралыг хэрхэн хурдан даван туулах өөрчлөлтийн менежмент нь аляскчуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж бие дааж хөгжих боломжийг нь дэмжих төдийгүй түгээлтийн улс төрөөс татгалзсан шинэчлэл хийснээр улстөрчдийн нэр хүнд сэргэнэ хэмээн улс төрийн менежментийн мэргэжилтнүүд зөвлөсөн байдаг. Харин өнөөдөр монгол орон хувь хүний эрх чөлөөн дээр суурилсан ардчилсан бүгд найрамдах улсаас байгалийн баялаг эзэмшигч цөөн улс төр эдийн засгийн монополь, олигархиудаар удирдуулсан “нүүрсний бүгд найрамдах улс” руу маш хурдтай шилжиж байна. Гэтэл хүмүүс асуудлыг шийдэх биш харин бүр дампууруулахад оролцож байгаа улстөрчдийг л шүүмжилж байна.

-Аляскаас ирсэн оюутан гэснээс Монголын сонгогчдын боловсрол ямар түвшинд байгаа бол?
-Оросын юмуу, Хятадын сонгогчийн хажууд Монголын сонгогч үнэхээр өндөр мэдлэгтэй, бие даасан, ардчилсан гэдгийг би нүдээрээ харж байсан. Гэхдээ жигд сайн биш, савлагаа ихтэй байгаа нь боловсролын түвшин сайн ч үзэл бодол нь төлөвшөөгүй, бухимдалтай байгааг илтгэдэг. Ерөнхийд нь бол дундаж түвшинд гэж үнэлж болно. Харин залуучуудын хувьд хэрийн нэр дэвшигчээс илүүтэй мэдлэгтэй болчихсон. Тэгээд тэдний шалгуурт нийцэхгүй болохоор шоолоод суугаад байдаг. Үнэндээ шүүмжлэх шоолох нь нэг хэрэг. Тийм муу нэр дэвшигчийг иргэдийг удирдах эрх олгохгүй байхын тулд тэмцэх нь илүү чухал юм. 

-Муусайн юмнуудыг хэрэлдэж байгааг нь харж сууснаас солонгос сериалаа үзэж байсан нь дээр гэж үзэх хэсэг ч олон байна. 

-Олон шалтгаан байгаа гэж хардаг. Ерөөсөө ардчилсан орнуудад сонгогчдын санал өгөх хувь байнга буурсаар ирсэн. Учир нь, даяаршил, эдийн засгийн либералчилал нь заавал төрөөс хамааралгүйгээр амьдрах боломжийг буй болгож байна. Ингэснээр нам улс төрийг сонирхдог, ач холбогдол өгдөг, цаг гаргадаг хэсэг багассаар байна. Дотоод шалтгаан гэвэл өнөөдөр манай улс төр, улстөрчид сонгогчдын өмнө тулгамдаж буй асуудлуудад шийдэл гаргаж зөв менежмент хийж чадахгүй болохоор хүмүүс хэн байсан ч ямар ялгаагүй гэсэн байдлаар хандаж байна. Үүнээс гарах хамгийн зөв зам бол улс төрийн намын шинэчлэл.  Шинэчлэлийн хүрээнд бүтцийн, хүний нөөцийн, санхүүжилтийн гээд гурван том шинэчлэлийг хийх хэрэгтэй.  

-Засгийн газрын сайдуудын томилгоог улстөр судлаач хүний хувьд юу гэж харж байна даа?
-МАН 45 суудалтай олонхийг бүрдүүлж буй улс төрийн хүчний хувьд Засгийн газраа УИХ-аар батлуулаад шууд ажилдаа орох байх. Тэр нь ч иргэдийн амьдралд тулгарч буй үнийн өсөлт, банкны зээлийн хомсдол, инфляцийн нэмэгдэл гээд олон асуудлыг шийдэхэд нэхэж шаардаж ажиллуулах Засгийн газартай байх гэдэг утгаараа маш чухал. 
Гэхдээ сайдуудын томилгоог харж байхад “Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах хэрэгтэй байж дээ” гэсэн бодол төрсөн. Ихэнх нь тухайн салбартаа нарийн мэргэшээгүй, эсвэл эзэмшсэн боловсрол нь социализмийн үеийн хоцрогдсон, салбар сургуулиа ч төгсөж чадаагүй хаячихсан нөхдүүд тэр салбараа удирдана гэхээр санаанд буухгүй байгаа. Гэхдээ судлаачдын хувьд хамгийн сонирхолтой томилгоо бол Тэргүүн шадар сайдад очиж буй МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх. 
Сонгууль болохын өмнөхөн удирдаж буй намаа орхиод эрх дарх багатай билэгдлийн шахуу Тэргүүн шадар сайдын суудалд очих шалтгаан юу байв гэдэг нь маш сонирхолтой байна. Гэхдээ нэг л зүйл ойлгомжтой байгаа нь  намынхаа ялах эсэхийг толгойгоороо хариуцна гэж байсан энэ улстөрч хариуцлагаас зугтсанаар нэгдүгээр эгнээний улстөрч болох дахин боломжгүй болж байгаа юм. Ядаж л сонгогчдын зүгээс хүлээн зөвшөөрөгдөхгүй болж байна.

-“Нэгдүгээр эгнээний улстөрч болох боломжгүй болж байна” гэдгээ тодруулаач. У.Хүрэлсүх харин ч өөрөө хүсээд хийж буй алхам нь юм биш үү?

-МАН-ын генсек У.Хүрэлсүх 2012 оны сонгуульд намаа ялалтад хүргэвэл УИХ-ын дарга болохоос эхлээд дуртай албан тушаалдаа очих, бүх томилгоог гардах, яваандаа намын дарга болох боломж байна. Энэ бол түүнийг Монголын хамгийн нөлөө бүхий улстөрчдийн эгнээнд аваачих боломж. Харин одоо генсекийн албан тушаалаа өгөөд нэг сайдын алба уруу очиж байвал энэ боломж үгүй болно. Хэчнээн мундаг далдаас удирддаг байсан ч гэсэн нүүрний эгнээнд байгаа ялагч л бүгдийг авдаг улс төрийн бичигдээгүй хуультайг бид бүгд мэднэ шүү дээ

-МАХН гэх нэрээ МАН-д алдсаныхаа дараа энэ шийдвэрээс болж манай нам сонгуульд ялагдвал би улс төрийн хариуцлага хүлээнэ гэж байсан билүү, У.Хүрэлсүх чинь?

-У.Хүрэлсүх “удирдагч хүн бие сайтай байх ёстой гээд спортоор хичээллэдэг” гэж телевизийн нэвтрүүлгээр ярьсан тухай твиттерчид ярьж байсан. Удирдагч хүн хамгийн гол нь тархи сайтай байх ёстой. Түүний тархинаас гарах үг, үйлдэл бүхэн олон нийтийн, иргэдийн хувь заяанд нөлөөлдөг, шийдвэртэй холбоотой болохоор тэр. Түүний энэ үгийг бүгд л мэддэг, хэвлэлүүд ч хөндөөд эхэлсэн байна билээ. Ярьснаас буцталаа шийдвэр гаргаж буйн цаад шалтгаан нь өөрөөс нь шалтгаалаагүй ч байж бас болно. Цаг хугацаа бүгдийг харуулах биз дээ. 

-У.Хүрэлсүхийн оронд хэн генсек хийх бол. Ер нь ямар хүн?



-Мэдэхгүй ээ /инээв/. Би энэ талаар бол жирийн л нэг иргэний хэмжээндээ мэдээлэлтэй шүү дээ. Яах вэ, сонгуульд МАН-ын дэмжлэг сул байгаа, дотоодын фракцуудын зөрчил нэмэгдэж байгаа үед С.Баяр шиг л хүн тэдэнд хэрэгтэй байгаа нь бол тодорхой.

Б.ЭНХМАНДАХ

Friday, January 13, 2012

Солонгосын хойгийн геополитик ба Монгол

Солонгосын хойгийн геополитик ба Монгол
Ким III хэмээх гуч хүрээгүй жаахан залуу дэлхийн сүүлчийн сталинч, гэр бүлийн удирдлагатай “ардчилсан” социалист улсыг толгойлох болсон нь бүс нутгийн оны “онцлох” үйл явдал боллоо. Зүүн хойд Ази нь дэлхийн хүйтэн дайны харилцаа бүхий сүүлчийн бүс нутаг төдийгүй гол хөндүүр газар нь Хойд Солонгос учраас онцлохоос өөр аргагүй юм. Энэ бүс нутагт Монгол улс ч бас хамаарах тул болж буй үйл явдал бидний хувь заяанд ч эерэг сөрөг ямар нэг байдлаар нөлөөлөх нь мэдээж. Тиймээс Зүүн хойд Азийн геополитикийн тоглолтод Монгол шиг жижиг улс том үүрэгтэй оролцохгүй боловч өрнөлийг нь зөв ойлгож, өөрийн хэмжээнд идэвхи гаргаж гэмээнэ үндэсний эрх ашгаа хамгаалж чадах юм.

ХХ зуун Зүүн Хойд Азийн бүс нутагт үлдээсэн өвөөс бид нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Өнөө болтол маргаантай байгаа нутгуудыг дайруулан шугам татаад үзвэл их л сонин дүр зураг гарч ирнэ. Хоккайдо болон Курилын арлууд, Солонгосын хойг, Өмнөд Хятадын тэнгис дэх жижиг арлууд эцэст нь Тайванийн арлыг дайруулан хагас дугуй хэлбэрийг зурж болно. Энэ санааг анх сэдэгчийн нэг буюу идэвхтэй дэмжигч нь Стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтан О.Машбат байв. Тэр үүнийг үл хувирах газар зүйн хүчин зүйл учраас энд их гүрнүүдийн зөрчил үргэлж байна гэжээ. Энэ хагас дугуйд сүүлчийн зуун жил их гүрнүүд нөлөөгөө тогтоохын төлөө тэмцэж ирсэн бөгөөд энэ тэмцэл өнөө ч ач холбогдлоо алдаагүйгээр барахгүй идэвхжих шинжтэй болж ирлээ. Хагас дугуйд хэн ноёрхоно, тэр Rimlаndэд ноёрхох илүү боломжтой. Энэ нь Rimlаnd-ийг байнга хянаж байх төдийгүй түүнийг тойруулан бүслэх БҮСЛҮҮР юм.

Солонгосын хойгийн геостраги

Солонгосын хойг нь геостратегийн хувьд далайгаас Евро-Азийн эх газар уруу нэвтрэх гудам хэлбэрийн байрлалтай учир өрнөдийн геополитикчид Rimland буюу эх газрын эрэг хэмээн онцгой ач холбогдол өгдөг. АНУ-ын геполитикч Н.Спикмен “Хэн Rimlаndэд давамгайлж чадна, тэр дэлхийн хувь заяаг атгана” хэмээсэн онол дэвшүүлсэн. Харин  япончууд “Хятадыг эзлэн авахаас юуны өмнө Манжуур-Монголыг эзлэн авах хэрэгтэй, дэлхийг эзлэн авах гэвээс юуны өмнө Хятадыг эзлэн авах хэрэгтэй гэсэн төдийгүй “Манжуур Монголын талаарх идэвхтэй бодлого”, “Эх газрын бодлого ба Манжуур Монголын төмөр зам” гэсэн дэд гарчгууд бүхий меморандумыг гаргаж байлаа. Харин Манжуурыг эзлэхийн тулд Солонгосын хойгоор нэвтрэх хэрэгтэй билээ. Эдгээр үзэл баримтлалын дагуу Дэлхийн II дайны Японы түрэмгийлэл, дайны дараах АНУ-ын Зүүн Хойд Азид цөмийн зэвсэг бүхий цэргийн баазаа байрлуулсан, Япон, Өмнөд Солонгосын хурдтай хөгжил тодорхойлогдоно. Цаашдаа ч барууныхны Евро-Азид хяналтаа тогтоох, эдийн засаг, эрчим хүч, байгалийн баялгийн асар их нөөц уруу нэвтрэх сонирхол хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Дэлхийн II дайны төгсгөлөөр Ялтын гэрээгээр ялагч гүрнүүд ашиг сонирхлын бүсээ тохироход хамгийн том олзыг Иосиф Сталин авч чаджээ. Тэрээр Дорнод Европод нөлөөгөө тогтоохоос гадна гол сонирхол нь Ази тив байлаа. Учир нь, жолоодогчийн төлөвлөж байсан дэлхийн хувьсгалын төв ЗХУ-аас Хятадаар дамжин Солонгос, Япон, Латин Америк хүрэх тухай түүний хувьсгалт романтизм нь үнэн хэрэг дээрээ дараагийн дэлхийн III дайны тухай, мөн өөрийн гол өрсөлдөгч АНУ-ыг унагах алсын стратеги бүхий агуу төлөвлөгөө байв.

Тийм ч учраас Гадаад Монголын статус-квогийн талаар дэлхийн их гүрнүүдийн төлөөлөгчидтэй уулзахдаа "стратегийн үүднээс авч үзэхэд аль нэг цэрэгжсэн их гүрэн Гадаад Монголоос ЗХУ-ыг довтолж Сибирийн төмөр замыг таслах юм бол ЗХУ өнгөрөх нь тэр " гэж хэлээд Япон, Хятад аль аль нь Монголыг эзлэх хүчгүй учир эл санаагаа АНУ-тай холбон тайлбарласан байна. Дэлхийн хувьсгалыг ялуулахын тулд Японы Квантуны армийг бут цохих нэрийн доор АНУ-аас өрсөн Хятадаар дамжин Азид аль болох гүн нэвтэрч тэнд аль болох олон буфер социалист БНУ-уудыг байгуулах хэрэгтэй гэж үзэж  байв.

Чухам энэ сонирхлын хүрээнд Сталин Нармай Монголоос БНМАУ, Солонгосын хойгоос БНАСАУ гэсэн хоёр буферийг бий болгосон бөгөөд эдгээрийн үүрэг нь Евро-Азиас Өрнөдийн эсрэг тулсан тэнхлэгийн хүрээнд Япон, Тайванийн хоолой, Солонгосын хойгтой эсрэгцсэн түшиц газрын үүргийг давхар үүрэх болжээ. 

1950-1953 оны Солонгосын дайны үед БНМАУ нь НҮБ-д гишүүнээр элсэхээр идэвхтэй хөөцөлдөж байлаа. Хачирхалтай нь НҮБ-д элсэх гурав дахь өргөдөл гаргахдаа Солонгосын дайнд оролцож буй НҮБ-ын цэргийг гарахыг шаардаж, Хойд Солонгосоос өмнөд уруу хийсэн цэргийн интервенцийг Солонгосын ард түмний баатарлаг тэмцэл хэмээн нэрлэж байжээ. Тэр ч бүү хэл монголчууд Хойд Солонгост төрийн өндөр албаны хүнээ айлчлуулж, 18.476.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний зүйлс, хувцас хунар, 43.900 агт морь, 173.000 бог мал бэлэг болгон өгсөн төдийгүй солонгос хүүхдүүдийг нутагтаа авчирч өсгөж байсан юм. 1953 онд Солонгосын цэргийн 288 хүнийг Монголын одон медалиар шагнасны дотор Сүхбаатарын одонгоор 16 хүнийг шагнажээ. Мөн зарим эх сурвалжийн мэдээнд итгэх юм бол ЗХУ‑аас Умард Солонгост нийлүүлсэнг танк, нисэг онгоц, их буунуудыг Монгол мэргэжилтэн ажиллуулж байсан тухай ч бичсэн байх юм.

Ийнхүү өнөөгийн Солонгосын хойгийн хуваагдал хийгээд, хурцадмал харилцаа нь хүйтэн дайны өв төдийгүй АНУ, Хятад, Япон, Орос гэх их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчилдөөнөөс үүссэн “статускво” юм. Тиймээс Умард Солонгосыг сая гаруй цэрэгтэй, цөмийн хошуутай болохоор АНУ, Өмнөд Солонгос довтлохгүй байгаа юм биш. Харин                            Хятад, Оросын эрх ашиг хөндөгдөж том дайн гарч болох учраас л энэ ядуу, жижиг, солиотой дэгдэм одоог хүртэл оршин тогтнож байна. Товчхондоо, монголчууд шиг их гүрнүүдийн хүчний тэнцвэр дээр л аюулгүй байдал, статусаа хангаж байдаг ажээ.

Ким III-ын шинэ династи бүс нутагт юуг өөрчлөх вэ

Сөрөг төсөөлөл

Бодитоор харвал юуг ч өөрчлөхгүй. Учир нь, Солонгосын коммунизм бол гэр бүлийн хамтын удирдлагатай коммунизм бөгөөд дарангуйлагч үхлээ гэхэд гэр бүлийн бусад гишүүн засаглалд хангалттай хүчтэй байсаар байдаг. Мөн Кимүүд үеэс үед дамжин өөрийн засаглалыг хүүдээ аажмаар системтэйгээр шилжүүлдэг уламжлалтай. Өнөөдөр олон судлаач, улстөрчдийн найдаж байгаа шиг залуу, баруунд боловсрол эзэмшсэн гэх Ким III гэнэт улс орноо өөрчлөхөөр шийдлээ гэхэд бусад нь түүнийг дор нь өөрчилж дараагийн гэр бүлийн гишүүнийг сонгох чадвартай бүтэц юм. Ким Чин Ирийг амьд байхад түүний ууган хүү Ким Чен Нам бэлтгэгдэж байсан боловч барууны чөлөөт амьдрал, соёлыг шүтсэн хэргээр 2001 хөөгдөж Макаод амьдрах болсон түүхтэй. Тэр ч бүү хэл түүнийг хөнөөх төлөвлөгөөг эцэг нь боловсруулсан байсан боловч гадаадад нэр хүнд нь унахаас сэрэмжлэн больсон гэдэг.

Олонх мэргэжилтэн, дипломатчдын хүлээн зөвшөөрч байгаагаар өнөөдөр залуу удирдагч Ким Чен Ун өөрийн засаглалаа бэхжүүлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй тул бүс нутгийн хэмжээний дайн дэгдээхгүй. Хойд Солонгосын 27 сая иргэнийг 600.000 орчим цэрэг улс төр, бизнесийн элитүүд удирддаг тул Ким III эхний ажил нь тэдэнтэй ойлголцох явдал юм. Энэ улс төр, цэрэг, эдийн засгийн олигархи бүтэц нь төрийн хахууль дээр өөрийн суурийг олж авдаг бөгөөд иргэдийгээ бодвол гар утас, интернэт, чөлөөт радиогоор хангагдсан байна.

Ким III энэ ажлаа аль хэдийнэ эхэлсэн бөгөөд хуурай замын цэрэг, армийн гол хүчинд өөртөө үнэнч офицерүүдийг томилж эхэлсэн байна. Харин усан флот, агаарын хүчний хувьд сэлгээ их хийгээгүй нь боловсон хүчний хомсдол, эх газрын армийг бодвол харьцангуй хүч султайг тооцсон гэж “Дипломат” сэтгүүлд бичжээ.

Харин иргэдийн хувьд ямар нэгэн бослого хөдөлгөөн өрнүүлэх бараг боломжгүй гэнэ. Учир нь зохион байгуулалттай хүчин байхгүйн дээр хүний эрх, эрх чөлөө, ардчиллын тухай системтэй ойлголт байхгүй тул ямар нэгэн “хувьсгал”-ын тухай яриа одоохондоо бодит байдал биш хүсэл мөрөөдөл төдий юм.

Гадаад орчин нөхцөлийн хувьд Умард Солонгосын гол түшиц болсон Хятад улсын уламжлалт бодлого үргэлжилж тэднийг АНУ болон холбоотнуудынх нь эсрэг бамбай бүс болгох сонирхолтой хэвээрээ байгаа болохоор Ким III-ыг ч эцэг шиг нь дэмжих бололтой.

Өөдрөг төсөөлөл

Зүүн Хойд Азийн хэлэлцээрт оролцогч улсуудын нийтлэг сонирхол Солонгосын хойгт дайн, үймээн самууныг хүсэхгүй байгаа нь Умард Солонгосын талаарх өөдрөг төсөөлөл бий болоход хүргэж байгаа юм. Хэрвээ ямар нэгэн дайн, Умардын дотор засгийн эрхийн төлөө тэмцэл, хувсгал гарлаа гэхэд Япон, АНУ цөмийн аюулаас, Өмнөд Солонгос дүрвэгчид, эмх замбараагүй байдлаас, Хятад улс хилийн дагуух солонгос гаралтай иргэдийн үймээн, дүрвэгсдээс илүү болгоомжилж байна. Хамгийн гол нь энэ бүгдийг дагаж үүсэх дэлхийн эдийн засгийн хямралыг хүсэхгүй байна.

Өнөөдөр Умард Солонгосийн иргэд дарамт шахалттай ч гэсэн жам ёсоор капиталист харилцаанд шилжиж байна. Ялангуяа Хятадтай залгаа дүүргүүдээр хар захууд олноороо ажиллаж эхэлсэн бөгөөд манай 1990-ээд оных шиг ганзагын наймаачид нууцаар бараа зөөдөг ажээ. Ингэж хөлжсөн наймаачид төрийн албан тушаалтнуудыг хахуульдах замаар алт, мөнгөний уурхайн эзэд болон хувирч байна. 

Хойд Солонгосын дүрвэгчийн гэрчилж буйгаар “Бөөний худалдаа эрхэлж, зах дээр наймаа хийхээс гадна гэр бүлээрээ гутал, унадаг дугуйны хаймер үйлдвэрлэж байна. Бас хувийн үсчний газар, эмийн сан, иллэг хийдэг газрууд бий. Албан ёсны бус ч хувийн шатахуун түгээгүүрүүд бас байдаг. Хүмүүс Хятадаас нууцаар шатахуун оруулж ирээд гэрт байрлуулсан торхноосоо бусаддаа зардаг учраас албан ёсны бус гээд байгаа юм. Мөн хувиараа барилга барьдаг, ачаа тээвэрлэдэг хүмүүс бий” ажээ.

Эдгээр өөрчлөлт нь яваандаа Хойд Солонгосыг Хятад маягийн улс төр, эдийн засгийн хоёр системтэй улс болгон өөрчлөх боломжтойг харуулж буй бөгөөд барууны боловсролтой гэгдэх Ким III-ын хувьд хийж чадах түүхэн гавъяа нь энэ ч байж болох. Эхний ээлжинд Хятадтай хиллэдэг дүүргүүдэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, хамтарсан уул уурхайн, үйлдвэрлэлүүд хөгжүүлэх гэсэн төлөвлөгөөнөөс эхэлж болох юм.

Монголчуудын хувьд Умард Солонгостой харьцангуй боломжийн харилцаагаа ашиглаад боомтуудад хөрөнгө оруулалт хийн газар худалдаж авбал бусад улстай Умард Солонгосын бүтээгдэхүүнийг худалдаалах, яваандаа өөрийн болон Сибирийн их баялгийг далайгаар зөөх шинэ хонгилыг үүсгэж болох юм. Хэдийгээр бүтэх хүртлээ түмэн бэрхшээл тохиолдох боловч бүтээж чадвал бидэнд гадаад далайтай холбогдох хамгийн чухал геоэдийн засгийн гарц байх болно. Харин гэр бүлийн засаглалын хувьд цааш тогтвортой үргэлжилж ахиад хэдэн жилийг үдэж Зүүн Хойд Азийн бүс нутгийн хэлэлцээрт эргэн нэгдэх, цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах зэрэг бусад оронтой тоглох гол хөзөр нь байсаар байх болов уу.