Popular Posts

Wednesday, February 6, 2013

О.ЧУЛУУНБИЛЭГ: АРДЫН НАМД ОДОО С.БАЯР ШИГ СТРАТЕГИЧ Л ХЭРЭГТЭЙ


“Сонгуулийн ялалтын стратеги” номын зохиогч, Ардчилсан намын олон нийт хариуцсан Нарийн бичгийн дарга О.Чулуунбилэгийг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа. Тэрбээр Жорж Вашингтоны их сургуульд улс төрийн менежер мэргэжлээр суралцаж буй бөгөөд бидний ярилцлага энэ сэдвээр өрнөсөн юм.

-Улстөрчид олонд танигдахын тулд дор бүрнээ л байгаа, бай­гаагаараа ял­гарахыг оролдох болж. Энэ дундаас менежмент талаа­саа хамгийн амжилттай яваа улстөрчөөр та хэнийг нэрлэх вэ. Нэгэнт ярилцлагын сэдвээ өөрийн тань мэргэжилд тулгуурлаж тодор­хойлсон учраас энэ өнцгөөс эхлүүлбэл сонир­холтой болж болох юм?
-Манайд улстөрчийн эц­сийн зорилго нь албан тушаал дээр очих гэсэн коммунист маягийн ойлголтоор хэрэгжиж ирсэн. Гэтэл орчин үед улс төр гэдэг ойлголт өөрчлөгдөж байна.Нийгэмд тулгарч буй тодорхой асуудлуудыг шийдэх төслөө бэлдээд олон нийтэд танилцуулж, албан тушаалд хүрээд төслөө ажил хэрэг болгож, үр дүнг нь үзэх буюу илүү мэргэших хэлбэрээр улс төрийн амьдралыг эхлүүлэх хэлбэр рүү явж байна. Тэгэхээр өөрийгөө олонд таниулахдаа “Би ийм юм хийнэ” гэдэг бэлэн төслийг олонд дэлгэсэн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг амжилттай яваа улстөрчөөр нэрлэж болох юм. Бүх зүйл нь төлөвлөгөөнийх нь дагуу явж байгаа учраас амжилтад хүрэх нь хүмүүст мэдрэгдэж, тэр хэрээр олны дэмжлэг авч чадсан. Түүнчлэн өнөөдөр хэн залуу үетэй ойлголцож чадна, тэр л нэр хүндтэй байна. Хууль зүйн сайд гэхэд УИХ-ын дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дарга З.Энхболдтой бараг нэг үеийнхэн. Гэтэл УИХ-ын даргыг хөгшин гэж хараад байгаа хэрнээ иргэд Х.Тэмүүжинг Ардчилсан намын залуу улстөрч гэж хардаг. Учир нь тэр залуучуудтай ойлголцож чадаад байгаа байхгүй юу. Магадгүй давуу тал нь багш байсантай нь холбоотой байх.
-Тэгвэл Ардын намд хэн нэр хүндтэй байна вэ?
-Өдөр тутам харьцдаггүй болохоор юу хийж, хэлж байгааг нь мэдэхгүй юм. Гэхдээ Ардын намын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатарыг би хувьдаа мэргэшсэн улс төр рүү илүү явах чадвартай гэж хардаг.
-УИХ-ын дарга З.Энхболд, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хоёрын харьцуулалтын тухайд тод­руулахгүй юу. З.Энхболд дар­гатай жишиж, нэр цохвол Ерөнхий сайд, Ерөнхийлөгч тэргүүтэй олон хүн хамрагдаж таараа. Энэ хүмүүс улс төрд 20 жилийн турш явсан учраас үеэсээ илүү настай харагдаад байна уу. Аль эсвэл тэднээс шинэчлэл харагдахаа бай­чихав уу?
-Олон талтай. Улс төрд 20 жил болчихоор хүмүүсийн хүлээж авах сэтгэхүй бодит насаар нь биш улс төрд амьдарч байгаа амьдралаар нь харж байгаа юм. Х.Тэмүүжин сайд мэдээж сүүлд орж ирсэн. Харин З.Энхболд, С.Баярцогт, Ч.Сайхан­билэг гэх мэт лидерүүд дөнгөж хорь гаруйхан наснаасаа улс төрд хөл тавьсан болохоор олон сонгогчид аль хэзээний л байсан “хөгшин улс­төрч” гэж боддог тал байна. Үүнийг улс төрийн менежментэд “сонгогчдын уйдалт” гэж нэрлэдэг. Харин шинэчлэлийн тухайд улстөрч гэхээр л хүний адаг, бөгс долоогч, намгүйгээр амьдарч чадахгүй хам­гийн арчаагүй нь намд элсдэг гэсэн ойлголт нийгмийн дундаж ангийн сэтгэхүйд тогтчихлоо. Үүний шалтгаан нь 50-иас дээш насны улстөрчид хийх ёстой ажлаа хийж, асуудлыг шийдэж, нийгмийн менежментийг хийж чадахгүй бай­гаатай холбоотой. Тэд шинэ чөлөөт нийгмийн асуудлыг хуучин нийгмийн захиргааны аргаар шийдэх гээд байдаг сул талтай. 
-Тэгвэл Ардчилсан нам яг өнөөд­рийн үүссэн нөхцөл байдалтай уялдуулаад менежментийн шинэч­лэл хийх хэрэгтэй юу?
-Улс төрийн нам үргэлж шинэч­лэгдэж байх ёстой. Ямар онцлогтой шинэчлэл вэ гэдэг нь тухайн цаг үеийн шаардлагаар тавигддаг. Өнөөд­рийн Ардчилсан намын гол шинэч­лэл бол миний хувийн бодлоор хүний нөөцийн хүчирхэг армитай болох. Нөгөөтэйгүүр шинэ үе гарч ирэх хэрэгцээ ч бий. Засгийн эрхийг бүх төвшинд барьж үзээгүй учраас боловсон хүчин талаасаа бэлтгэгдсэн хүмүүс ховор. Дараагийн дөрвөн жилдээ бид үүнийгээ хийх ёстой.
-Тэднийг хаанаас олох уу. Ги­шүүд нэмж элсүүлэх, аль эс­вэл олон фракцийнхаа хүчийг ашиглаж ”Хүн олж ир” гэдэг тушаал буулгах уу?
-Боловсон хүчний бодлогоо хүний нөөцийн бодлого руу шилжүүлэх ёстой. Зөвхөн манай Ардчилсан нам ч бус, бүх нам зөвхөн боловсон хүч­ний бодлоготой. Боловсон хүчний бодлого, хүний нөөцийн бодлого гэдэг хоёр тусдаа өөр ойлголт. Боловсон хүчний бодлогыг дарга томилдог. “Энэ гайгүй залуу байна. Үүнийг тэнд тавья. Энэ хүн арван жилийн дараа улс төрд чанагдсан боловсон хүчин болох боломжтой юм байна” гэсэн стратеги. Жишээ нь Ардын нам залуусаа янз бүрийн албан тушаал дээр тавих замаар тэднийгээ туршлагажуулдаг. Ийм боловсон хүчний бодлого нэг талаараа сайн ч цаашаа хөгжихгүй.
-Яагаад?
-Энэ бол даргын үзэмжээс л хамаардаг стратеги. Хүний нөөцийн бодлого гэхээр чиний давуу тал, авъяасыг зүлгүүрдэж байгаад ажил хийлгэх бодлого юм. Тийм учраас бид энэ талаар байнга ярилцлага, уулзалт хийж байгаа. Эхний ээл­жинд массын намаас бодлогын намын хэлбэрт шилжих ёстой юм байна гэдэг ойлголтод нэгдэж чадсан. Харин бодлогын нам руу шилжүүлэхэд ямар ч намын хажууд бодлогын хүрээлэн гэж байх ёстой. Намын одоогийн дүрэмд бодлогын хүрээлэнгийн бүтцийг хүлээн зөв­шөөрөх бололцоо байхгүй. Иймд үүнийгээ намынхаа шинэчлэлийн хүрээнд намын дүрмийн өөрчлөл­тийн төсөлд суулгах хэрэгтэй. Хэр­вээ тэгж батлагдвал мөнгөгүй мөртлөө боловсролтой, тодорхой сал­баруудаар мэргэшсэн залуу хүмүүс гараад ирэх боломж бүрдэнэ.
-УИХ-ын сонгуулийн үр дүнгээс хамаараад агентлагийн дарга, дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын албанд залуус гарч чадлаа. Үүний зэрэгцээ  УИХ-ын гишүүн байсан, дэд сайд байсан хүмүүс ч дээрх албадад томилогдсон. Энэ нь шинэ үеийнхний сонирхол, сэтгэл ханамжид саад болсон тал байна уу?
-Тэгж харах хүмүүс байгаа байх. Гэхдээ туршлагыг худалдаж авдаггүй учраас тэр хүмүүсийн туршлага зайлшгүй хэрэгтэй болох байх. Үе солигдоно гэдэг цаг хугацааны л асуудал. Тэртээ тэргүй “X generation” буюу 20-48 насныхан хүч түрээд гараад ирэх цаг ойрхон бай­гаа. Үүнийг механикаар гаргаж ирэх хэрэггүй юм шиг санагддаг. Харин үе нь ирэхэд бэлтгэгдсэн хүний нөөц хэр байна вэ гэдэг нь л бидний өнөөдрийн хийх ажил.
-Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна. Ардчилсан намын тэр­гүүлж байгаа засгийн үйл ажиллагааг харахад “Хаана, бооно” гэх нь их болж. Энэ нь танай намын нэр хүндэд нөлөөлж байгааг үгүйсгэх хэрэггүй болов уу. Ийм эгзэгтэй үед шүү дээ?
-Намын нэр хүнд унаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Нэр хүнд унахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт маш их хүлээлт байсан. Ийм өндөр хүлээлтийн дараа унадаг нь жам. Яагаад гэхээр өндөр хүлээлтээс бодит ажил нь их өөр. Цаг хугацаа, мөнгө төгрөг гээд олон зүйлд шахагдана. Тэгэхээр энэ удаагийн уналтыг жам ёсны уналт гэж ойлгож болно. Хоёрдугаарт “Хаана, бооно” гэж ярьсан нь одоо мөрдөгдөж буй хууль, дүрмийн хүрээнд яригдаж байгаа зүйл. Сайт, телевизүүдийг хаана гэж яриагүй. Зөвхөн стандартын тухай асуудал юм. Замбараагүй байсан нийгэмд стандартыг мөрдүүлэх гээд ирэхээр эсэргүүцэлтэй тулгарах нь зөв. Энэ бас жам ёсны зүйл. Тэгэхдээ нэг дутагдал байгаа. Энэ нь ч бидний буруу. Аливаа нэг шийдвэр гаргахынхаа өмнө танин мэдүүлэхгүйгээр гэнэт нэг өдөр огцом шийдэх арга хэлбэрт хүмүүс дургүйцдэг.
-Энэ өөрийн тань үүрэг биш үү. Холбогчийн үүрэг гэсэн үг л дээ?
-Тийм. Намын Хэрэг эрхлэх газар болон засаг, нийслэлийн удирдлагын хооронд мэдээллийн уялдаа холбоо сул байгаа. Жишээ нь буруу талдаа рультэй машиныг хориглох тухай мэдээллийг би хувьдаа сайтаас л анх олж уншсан.
-Хэдийгээр улстөрчдийн дунд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ерөн­хийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгчөө дэмжинэ” гэж зар­ласан ч гэлээ “Засаглал хооронд зөрчил гарчихлаа” гэх яриа газар авах болж. Магадгүй өөрийн тань “Уялдаа холбоогүй” гэдэг үг ч үүнийг гэрчилж болох юм?
-Ажил ярьж байгаа учраас маргаж мэтгэлцэх, загнах зандрах явдал байх ёстой. Зарим хүнд улстөржиж байгаа юм шиг харагдаж байгаа ч эцсийн үр дүн нь иргэдэд хэрэгтэй. Өмнө нь хөшигний цаана тохирчихоод нэг дуугаар, нэг хоолойгоор ганцхан шийдвэр л танилцуулсан “сур­талчилгаа” хийдэг байсан. Нөгөөтэйгүүр аливаа асуудлыг ний­тээрээ хэлэлцэж шийдвэрлэдэг соёл манайд суугаагүй байна. Жи­шээ нь буруу талдаа рультэй машинийг яах вэ гэсэн санал асуулга явуулахад олон хүн шууд тийм шийдвэр гарсан байна гэж ойлгоод жадлан эсэргүүцсэн шүү дээ. Хотын удирлага болохоороо иргэдийн өгсөн санал асуулгын дүнд итгэхгүй дахин асуух гэж оролдоод Ерөнхийлөгчид зэмлүүллээ.
-Дараагийн асуултыг тавихаас өмнө Ардчилсан намд өнөөдрийн нөхцөлд намынх нь нэр хүнд чухал уу. Аль эсвэл Ерөнхийлөгчийн карьер илүү юу гэдгийг тодруулах хэ-рэг байна?
-Аль, аль нь чухал.
-Тэгвэл Ерөнхийлөгч Засгийн газрын нээлттэй хуралд орж, сай­дуудыг загнаснаараа гүйцэтгэх засаглалаа нэлээд эвгүй байдалд оруулчих шиг болсон. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийг угтуулан хувь хүний карьерийг өс­гөх хүлцэнгүй тохиролцоо гэх маягаар ойлгогдсон тал байгаа?
-Би үүнийг харин ч Засгийн газарт хэрэгтэй гэж харж байгаа.
-Иргэд “Ерөнхийлөгч Засгийн газрын гишүүдийг загначихсан. Өнгөрсөн Засгийн газарт бүх алдаагаа наачихаад өөрсдөө зүгээр суугаад байгаа нь үнэн. Ерөн­хийлөгч маш зөв хэллээ” гэсэн яриа одоо ч дуусахгүй үргэлжилж байхад уу?
-Засгийн газар иргэдэд хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Үүнд нь Ерөнхийлөгч харин ч хэрэг бол­сон. Засгийн газар хэзээ ингэж Ерөнхийлөгчтэйгээ нээлттэй хурал­даж, иргэдэд өөрсдийгөө шүүмжлэх эрх олгодог байлаа. Энэ утгаар нь хараад үзээрэй.
-Ярилцлагын эхэнд улстөрчийн хүлээн зөвшөөрөгдөх чадварын талаар дурьдсан. Тэгвэл өнөөгийн нөхцөлд Ардчилсан намд жинхэнэ утгаараа тэр хүн нь байна уу. Ер нь танай намын гол лидер нь өөрийн тань харж байгаагаар хэн бэ?
-Ардчилсан нам нэг лидерийн нам биш. Аливаа зүйл хувь хүн буюу лидерт тулахаараа сүйрдэг. Н.Энхбаярыг харж байгаа биз дээ.
-МАХН харин ч сэргээд байгаа юм биш үү. Ер нь МАХН-ын энэ сэргэлт зүй ёсны сэргэлт мөн үү?
-Мөн. Гэхдээ Монголын түүхэнд 4-5 жилийн мөчлөгтэй шинэ намууд гарч ирдэг. Үүний өмнө “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон буюу МАШСН гэж байсан. Нэг хэсэг мандаад л хэдхэн жилийн дараа эрч хүч нь суларчихсан. Ямар нам урт наслах вэ гэхээр үнэт зүйл ярьж, бодлого барьж байгаа нам л явдаг. Түүнээс биш хэн нэгэн лидер хүнийг түшиглэсэн нам цаашаа явахгүй. Харин салбар, салбартаа лидер төрүүлж чаддаг нам л цааш явна.
-Өөрийн тань хүндэлдэг улс­төрчийг сонирхвол Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг гэх мэтээр нэрлэнэ байх. Харин сонирхоод асуухад тэр хүмүүс дунд тань Н.Энхбаяр гэдэг нэр багтах уу?
-Авах гээхийн ухаанаар хандана. Менежмент талаас нь харахаар Монголын улс төрд маш том хоёр менежер байдаг. Нэг нь Н.Энхбаяр, нөгөө нь М.Энхсайхан. Та нар анзаардаг бол энэ хоёр хүн жижигхэн зүйлийг маш том асуудал болгон гаргаж ирж чаддаг. Байгалиас заяасан менежментийн авъяас энэ хоёр хүнд байдаг. Харин хувь хүнийх нь итгэл үнэмшил, гаргаж байгаа ёс суртахуун нь ерөөсөө таалагддаггүй. Нэг нь авлигын сүлжээг торлож, нөгөөх нь гадаадын нэг орны төлөөлөгч шиг л байдаг.
-Улс төрд “Мөнгөтэй болон улстөрчдийн хүүхдүүд орж ирлээ” гэсэн шүүмжлэл гарах болж. Энэ тийм буруу үзэгдэл үү?

-Байж болшгүй зүйл биш. Дэлхийн улс төрийн намууд ингэж л явдаг. Гэхдээ манайд байгаа сөрөг тал нь ижилхэн гараанаас эхэлдэггүйд байгаа юм. Дээрээс нь тэд их давуу талуудтай. Тэднийг судлаад үзэхээр 1980-аад оны эхэн болон дунд үеийнхэн байгаа юм. Тэдэнд АНУ-д болон баруунд төгссөн боловсрол, эцэг эхийн өв хөрөнгө байна. Дээрээс нь мөнгө төгрөгтэй, царайлаг байна. Эхнэрүүд нь ч мөн адил гэсэн биз дээ (инээв).
-Эхнэрүүд нь мөн адил гэхээр. Ямар гэсэн үг вэ?
-Хар л даа. Бүгд л мисс эхнэртэй байгаа биз дээ. Найз нөхдийн асар хүчтэй сүлжээг бий болгож байна. Дээрээс нь хоорондоо гэр бүл болцгоох болсон. Энэ нь нийгмийн элит давхаргыг бий болгох нэг арга зам. Нийгмийн хуулиар л явж байгаа хэрэг. Иймд доод, дунд давхаргаас гарч ирж байгаа залуус улс төрд тэднийг ирээдүйн өрсөлдөгч гэж харах хэрэгтэй.
-Таны бичсэн “С.Баяр эргэж ирэх хэрэгтэй” гэсэн нийтлэлийг уншиж байсан. С.Баяр эргэн ирж байж энэ намын карьерийг өсгөхөөс өөрөөр өсөхгүй гэх маягийн утгатай санагдаж байна. Энэ гаргалгаа хэвээрээ юу?
-Би С.Баяр гээгүй. С.Баяр шиг гэсэн. Тэр хүнд авах маш том чанар бий. Тэр нь стратегич чанар. Үүнийг менежмент талаас нь харахад тэр бүр олон байдаггүй. Ардын нам энэ хэвээрээ шинэ стратегиа тодорхойлж чадахгүй бол дахиж гарч ирэхэд хэцүү болно. Өнгөрсөн хугацаанд тус нам хуучин коммунист арга барил, нөлөөллөө авч хаяж чадаагүй. Энэ хүртэл засгийн эрхэнд байхдаа хүчээр чирж ирсэн. Одоо засгаас буусан тохиолдолд хэцүү. Тэгэхээр үүнээс гарахын тулд стратегич хүн хэрэгтэй гэсэн үг. Тэр нь С.Баяр биш. Шинээр төрөх ёстой.
-Одоо шинээр төрнө гэж байх уу. Бүгд л хууччуул. Эс бол тэдний замналаар замнагчид байгаа шүү дээ?
-Би Ардын намыг хэзээ ч үгүйсгэдэггүй. Маш том нам. Гайтай зүйл ч их хийсэн. Гавьяатай зүйл ч их хийсэн. Ардын нам муу байх нь Монголын ардчилал, тусгаар тогтнолд муу. Дээрээс нь бидний өрсөлдөгч муу байвал бидэнд бас муу. Ерөнхийдөө өрсөлдөөн байж гэмээнэ сайжирч цааш явна.
-Ярилцлагын эхэнд та “Улс төрд орж ирэхдээ бэлэн төсөл бариад ирэх хэрэгтэй” гэсэн. Та тэгвэл ямар төсөл барьж улс төрд орж байна вэ. Судлаачийнхаа хувиар өөрийнхөө ирээдүйг тодорхойлж суугаа нь гарцаагүй?
-Надад сонгуулийн дараа олон санал ирсэн. Хүн болгон засаг руу явж байхад би нам руу явсан шалтгаан нь тодорхой төсөлтэй холбоотой. Үүнийгээ ч хийе гэж зорьж байна. Намуудын шинэчлэл эрчимтэй яригдаж байгаа энэ үед нэг их нөлөөлж чаддаггүй юм гэхэд “Дуугүй байхгүй байя” гэсэн зарчим баримталж байгаа.
-Би өөрийн тань талаар “Засгийн газарт ажиллах нь олонд танигдахгүй. Ирээдүйгээ бодвол намд ажиллаж олонд танигдсан нь дээр” гэсэн тухай яриа сонссон юм байна?
-Олонд гэдэг нь иргэдэд биш тухайн салбартаа л гэсэн үг. Миний ажиллаж байгаа салбар нь улс төрийн нам. Би энд ажилласнаар хүмүүстэй танилцаж ойлголцоод баг болоод явна гэсэн үг. Нам дотроо “Энд чинь нэг ийм залуу яваад байна шүү” гэж ярихаас биш ард түмэнд танигдаад дарга болно гэсэн үг биш. Угаасаа тийм шаардлага ч байхгүй.
-Өөрийг тань УИХ-ын дарга З.Энхболдын хүн гэх яриа байдаг?
-Би тэр хүнээс маш их зүйлийг сурсан.
-Яг юуг нь хийж байсан бэ. Туслах уу, зөвлөх үү?
-Бүгдийг нь хийсэн. Би бүр орон тооны бусаас нь эхлээд л.
-Цалингүй гэсэн үг үү?
-Тийм ээ.
-З.Энхболд гэдэг хүнд цалингүй зүтгэхийн ашиг нь юу байв?
-Хамтарч судалгаа хийдэг байсан. Гэхдээ судалгаа гэхээсээ илүүтэйгээр хажууд нь байж юм сурах нь чухал. Шөнийн 04:00 цагийн үед утасдаад “Одоо ийм юм хиймээр байна” гэнэ. Босоод л хийнэ. Тухайн үедээ өөрт хэцүү санагддаг байсан. Харин өнөөдөр бол би хүмүүсээ тэгж ачаалалтай ажиллахыг шаарддаг, “ааштай” болсон байна. Өнөөдөр намын нарийн бичгийн даргын хувиар намын дарга Н.Алтанхуяг гэдэг хүнтэй ажиллаж байна. Энэ хүнээс би хүнтэй яаж ойлголцох, асуудлыг эв зүйгээр шийдэх, нэгэнт гаргасан шийдвэрээ бусдаар яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гээд надад дутагдаж байсан олон зүйлийг мөн л суралцаад явж байгаа.
-Үндсэндээ З.Энхболд гэдэг хүний сул талыг Ерөнхий сайд Н.Алтанхуягаас нөхөж сураад байгаа юм аа даа?
-Ямар ч хүнд авах ч юм бий. Хаях ч юм бий. Би аль алинаас нь сурах ёстой юм аа сураад явж байгаа. Муу юмыг бол аваад яах вэ дээ. Хувь хүнийхээ хувьд надад хангалттай олон сул тал бий.

Г.Отгонжаргал

Friday, November 2, 2012

СОНГУУЛИЙН ЯЛАЛТЫН СТРАТЕГИ


Амгаланбаатарын ГАНБААТАР | Оросоогийн ЧУЛУУНБИЛЭГ




            Юуны өмнө энэхүү бэсрэг ном нь шинжлэх ухааны онолын хүрээнд бичигдээгүй болно. Мөн зохиогчид монголын улс төрийн орчны талаарх суурь судалгаа хийх зорилго агуулаагүй гэдгийг зориуд онцлож байна. Харин улс төр судлалын шинжлэх ухааны улс төрийн менежментийн салбар ухааны хүрээнд сонгуулийн технологийн тухай хялбаршуулсан сурах бичиг болгон хэвлүүлж байна.  
Улс төр судлал нь улс төрийн менежмент,  түүнд хэрэглэгдэж буй технологийг хөндлөнгөөс судалдаг. Энэхүү бодлогын анализууд нь сонгуулийн стратеги төлөвлөлтийн хүрээнд:·      удирдах аргачлал,·      мэргэжлийн ёс зүй,·      шилдэг шийдэл, техникийн шинэчлэл,·      үйл ажиллагааны цар хүрээний өөрчлөлт,·      шинэ мэдлэг,·      шийдвэр гаргагчдад нөлөөлөх арга зүй гээд олон зүйл дээр улс төрчид, улс төрийн технологичид, менежерүүд, зөвлөхүүдэд онолын гол чиглэл болж өгдөг билээ.Дээрх харилцааг үндэс болгож бид энэхүү номыг монголын улс төрийн менежер, сонгуулийн стратегич, улс төрийн олон нийтийн харилцааны зөвлөхүүд, иргэдийн санаачилга, хөдөлгөөн, төрийн бус байгууллагын удирдлагуудад зориулан гаргалаа.Номын агуулгын хувьд бүх түвшний сонгуулийн үед сонгуулийн менежментийг хэрхэн хийх технологийг улс төрийн менежерийн ажлын дарааллаар тодорхойлж гаргахыг хичээлээ. Мөн шийдвэр гаргагчдад нөлөөлөхийн тулд юуг анхаарах, зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх талаар товч оруулсан учраас номыг сонгуулиас бусад үед ч ашиглах боломжтой юм. Ингэснээр энэ номын уншигч хэн боловч сонгуулийн кампанит ажлын стратеги тактикийг боловсруулж, сонгуульд ажиллах боломжтой болж байгаа юм.Ø  Нэгдүгээр бүлэгт манайд шинээр буй болж байгаа Улс төрийн менежер хэмээх мэргэжлийн тухай ерөнхий ойлголт багтсан. Улс төрийн менежер нь улс төрийн менежментийг хэрхэн хийдэг, ялангуяа сонгуулийн үеэр үйл ажиллагааны ерөнхий хуваариа хэрхэн гаргах, ажил үүргээ  тодорхойлох болон мэргэжлийн  ёс зүйн талаар өгүүлэх болно.Ø  Хоёрдугаар бүлэгт тойргийн сонгогчдоо хэрхэн зөв тодорхойлох  талаар өгүүлсэн болно. Сонгогчдоо зөв тодорхойлох нь нэр дэвшигч, сонгуулийн менежер хоёрын эн түрүүнд хийх ёстой үндсэн ажил юм. Тойргийн сонгогчдоо зөв тодорхойлсон эсэхээс тухайн нэр дэвшигчийн ялалт, ялагдал шууд хамаарна.            Өмнөх сонгуулиудад нэр дэвшигчид тойргийн сонгогчдоо сайн судлаагүйгээс үүдэж буруу зөрүү ярих, худал хоосон амлах, сөрөг имиж тогтоох, дэмий зүйлд цаг, мөнгөө үрэх, хүмүүсийн үгэнд хэт автах, өөрийн багтайгаа болон намын гишүүд дэмжигчидтэйгээ ойлголцож чадахгүй байх, өөртөө хэт итгэх эсвэл эсрэгээр идэвхгүй болох зэрэг олон сөрөг үр дагавар ажиглагдаж байв. Үр дүнд нь тухайн нэр дэвшигч сонгогчдод таалагдаагүйгээр барахгүй сонгогчид уулзалт цуглаанд ирэхгүй цааргалах, намын гишүүд дэмжигчид нь нэр дэвшигчийн эсрэг ажиллах,  бүр хөөж туух явдал дээрээ тулж байсан гашуун туршлага бий.            Тэгэхээр энэ бүлэгт сонгуулийн менежер маань ялах стратегиэ боловсруулахдаа “Snapeshot” буюу яг тухайн үеийн улс төрийн дүр зургийг хэрхэн тодорхойлж сонгогчдоо ангилах аргачлал, судалгааг хэрхэн ашиглах, мэдээллийг яаж боловсруулах талаар өгүүлнэ.Сонгуулийн менежерийн дараагийн хийх зүйл бол өөрийн нэр дэвшигчийг ялалтад хүргэж чадах сонгогчдын бүлгийг олж илрүүлэх явдал юм. Энэ талаар наймдугаар бүлэгт өгүүлэх болно. Бүх сонгогчдод таалагдах гэж зүтгэх, тэднийг худалдан авах гэж оролдох, аль эсвэл олныг хамарсан асар их зардал, хүн хүч шаардсан кампанит ажил явуулснаар ялалтанд хүрнэ гэж боддог нь манай нэр дэвшигчид болон менежерүүдийн хамгийн том ноцтой алдаа юм. Чухамдаа Та, танд байгаа таны “хатуу санал” болох намын гишүүд,дэмжигчид дээр ямар сонгогчдын бүлэглэл байснаар ялах вэгэдгээ тооцох ёстой. Тэд хаана байдаг, юу хийдэг, мэдээлэл хэрхэнавдаг, насны бүлэглэл нь ямар вэ гээд маш олон зүйлийг нэгтгэжзорилтот сонгогчдоо тодорхойлдог. Тэгж чадвал ялалт таны гарторно. Гуравдугаар бүлэгт: штабаа хэрхэн байгуулах талаар зөвлөгөө зааварчилгааг тусгалаа. Хамгийн жижиг загвараар штабт зайлшгүй байх ёстой бүтэц, ажил үүргүүдийг мөн орууллаа. Ер нь штабын бүтэц ямар байх нь тухайн тойргийн онцлог, нэр дэвшигчийн санхүүгийн чадавх, намын бүтэц гурваас нь шууд шалтгаалдаг.            Сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн штабд гардаг нийтлэг алдаа нь үйл ажиллагааны давхардал, эрх мэдлийн буруу хуваарилалтаас үүддэг. Нэг ажлыг бөөнөөрөө овоорч хийдгээс бусад ажлууд орхигдон, хариуцах эзэнгүй болж улмаар кампанит ажил доголдож эхэлдэг. Ялангуяа нэр дэвшигч болон сонгуулийн менежерийг тойрсон идэвхтэй хүмүүсийн бөөгнөрөл үүсэж удирдлагын мэдээллийн болон хяналтын үүрэг саармагжсан тааруухан жишээ штаб бүхэнд тохиолдох гээд байдаг.Тухайлбал, сонгуулийн ид үед нэр дэвшигчийг 20-30 хүн сул дагаж явдаг бөгөөд тэд “Та ялж байна, энэ удаа найдвартай ялна, би тийм нууц зүйл мэдлээ, ингэсэн нь дээр, тийм зүйлд мөнгө зарцуулахгүй бол ялагдах нь” гэх мэт  зөвлөх байдлаар шийдвэрт оролцож эхэлдэг нь маш аюултай.     Ø  Штабаа байгуулсны дараа хийх ёстой ажлын тухай тус бүлгээс унших боломжтой. Энэ бүлэгт сурталчилгаагаа хэрхэн төлөвлөх тухай асуудлыг багтаасан. Үүнд,  мессеж, уриа үг, логог хэрхэн боловсруулах, сонгогчдын ямар бүлэгт чиглэх, түүнийг хэн, яаж тэдэнд хүргэх болон санал асуулга хийх аргачлалууд, тараах материалд анхаарах зүйлс, хэрхэн төлөвлөгөө гаргах болон сонин сэтгүүлийн бодлого ямар байх зэрэг сурталчилгааны стратеги боловсруулах ажлууд багтсан.Ø  Дөрөвдүгээр  бүлэгт, хэвлэмэл материалыг хэрхэн бэлдэх талаар зөвлөмж орсон. Бүлэгт  оршихуй эс оршихуй, зөв байрлал, хэвлэмэл сурталчилгааны хэлбэрүүд, самбар, сонин сэтгүүл, тараах материалуудын тус бүрийн зорилтот сонгогчид, хэлбэрүүдийн онцлог, давуу болон сул талууд, анхаарах зүйлс, зарим шилдэг шийдлүүдийн талаар өгүүлсэн болно. Сонгуулийн менежерүүд маань энэ бүлгээс хэвлэмэл материал бэлдэх арга зүйн мэдлэгтэй болох болно. Ø  Тавдугаар бүлэг нь харилцааны элемент буюу манайхны нэрлэж заншсанаар PR-ийн тухай өгүүлнэ. Энэ бүлэгт сайн PR мэргэжилтнийг ямар шалгуураар авахаас эхлээд хэвлэмэл материал, төлбөрт болон төлбөрт бус мэдээлэл, телевиз, радио, сонин, вэб сайт, хэвлэлийн ажилтан, харилцааны дотоод сувгууд, зэрэг мэдээллийн сүлжээ болон брэнд үүсгэх тухай өгүүлсэн.Номын  төгсгөл хэсэгт бүлгүүдэд өгүүлсэн сэдвийн хүрээнд ашиглаж болох схем, материал, харилцах хаяг зэргийг товч оруулсан бөгөөд гадаад орнуудын дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн Монголын сонгуулиудад амжилттай болон сөрөг үр дагавар авчирсан түүхэн жишээ, баримт хавсралтуудыг ч эндээс үзэх боломжтой юм. 


Tuesday, October 9, 2012

О.Чулуунбилэг: Засгийн газар бизнесменүүдийг гэнэдүүлэхгүй

АН-ын ОНХА-ны нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг АНУ-ын Жорж Вашингтоны их сургуульд 
Улс төрийн менежментийн чиглэлээр суралцдаг. 
Тэрээр монголын намууд төлөвшөөгүй, бодлогыг хувь хүмүүс боловсруулж байгаад шүүмжлэлтэй ханддаг.

Улс төрийн шийдвэр хувь хүний үзэмжээр гарч байна
Монголын улс төрийг АНУ-ынхтай харьцуулах боломжтой юу?
- Бараг боломжгүй. АНУ-д намууд хэдэн зуун жилийн түүх, хөгжилтэй. Манайд 20 жилийн л түүх бий.
Энэ утгаараа харьцуулахад төвөгтэй л дээ. Гэхдээ улс төрийн байгууллага гэдэг утгаараа тэднээс авах юм маш их байна.
Жишээлбэл?
- АНУ-ын намууд шийдвэр гаргахааас өмнө маш том судалгаа хийдэг.
Түүнийг нь Тинк-Танк гэдэг бодлогын хүрээлэнгүүд хийнэ.
Тэд асар их судалгаа, тооцоо хийнэ. Энэ хэрээрээ бодлого зөв гарч, хэрэгжих магадлал өндөр байдаг.
-Манайд шийдвэр яаж гаргадаг вэ?
-Одоохондоо манайд хувь улстөрчдийн идэвхи, санаачлага, төсөөлөл дээр тулгуурласан шийдвэр их гардаг.
 Энэ тал дээр Ерөнхий нарийн бичгийн дарга түлхүү анхаарал тавьж байгаа.
Шинэчлэлийн стратеги боловсруулж байна. Энэ хүрээнд хүний нөөц, санхүүжилт, бүтцийг боловсронгуй болгоно. Бүтэц, зохион байгуулалтын хүрээнд Тинк-Танк байгуулна. Энэ нь нам судлаачид, мэргэжилтнүүдтэй илүү түлхүү хамтарч ажиллана гэсэн үг.
 Тэднийг цуглуулж хэлэлцүүлэг хийнэ.
Гарсан үр дүнг улс төрийн намуудад танилцуулах замаар шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлнэ.
Орчин цагийн улс төрийн намууд ийм зарчмаар шийдвэр гаргаж байна.
-Одоо манайд энэ зарчмаар шийдвэр гаргаж байгаа нам байна уу?
-Байхгүй. Уг нь зөвхөн АН биш улс төрийн шийдвэр гаргадаг бүх себьектууд энэ зарчмаар шийдвэр гаргадаг болчихвол улс орны хөгжилд ч их үүрэг гүйцэтгэнэ.
МАН санал өгсөн сонгогчиддоо тайлан тавих ёстой
АН МАН-ыг хүчиндээд байгаа тухай гомдол тасрахгүй байна.
-Хууль зөрчөөд, хуралдаа суухгүй байгаа намыг сонгогчид нэг их таашаахгүй байх гэж бодож байна. Сонгогчидийн 40 хувийн саналыг авсан нам тэр хэмжээний хариуцлагатай байх ёстой. Намын бүлэг бүртгүүлэх хуулийн заалтыг яагаад зөрчсөнөө тэд сонгогчдынхоо өмнө тайлагнах ёстой. Тэд саналаа өгсөн сонгогчдынхоо өмнө хариуцлага хүлээх ёстой. Сонгогчид тэднийг эрх барьж байсан үе шигээ дураараа аашлаад, төрийг гацаагаад байгаарай гэж сонгоогүй биз дээ.
-Танай намын удирдлагуудыг хууль зөрчиж ах, дүү нараа ажилд авсан гэж байна.
-Ийм яриа сонгууль бүрийн дараа гардаг. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байх шиг байгаа юм. Сөрөг хүчин сонгуулийн сурталчилгааг ингэж хийдэггүй юм билээ. Бодлогын чанартай асуудал дэвшүүлдэг юм. Гэтэл МАН сөрөг хүчин гэдгээ мэдрэхгүй. Аар саар, жижиг асуудал хөндөж олны дургүй хүргээд байгаа юм. Хэн нэгэн албан тушаалтны ах дүү алба хашиж болохгүй гэсэн хууль одоохондоо монголд байхгүй. МАН эрх барьж байхдаа ийм хууль гаргасан бол бид мөрдөх л байсан. Гэхдээ тэд ийм хууль гаргаагүй. Ардчилсан улсад ийм хууль гарах боломжгүй. Тэрнийг МАН шиг сайн мэдэж байгаа нам байхгүй. Одоогийн төрийн албан хаагчдын 90 хувь нь энэ намын гишүүн байсан хүн байгаа гэсэн судалгаа бий. 2000 онд энэ нам АН-ын 15 мянган гишүүнийг төрийн албанаас зайлуулж байсан түүхтэй. Тухайн үед бид МАН-ыг АНУ-д төгссөн боловсон хүчнээ дэд сайд болгоход дэмжиж байсан.
-Хэн бэ?
-Ц.Мөнх-Оргил Харвард төгсөж ирээд Гадаад харилцааны дэд сайд болж байсан. Манай намыхан баяр хүргэж байсан. Залуу хүн. Баруунд өндөр боловсрол эзэмшсэн учраас Монголд ашигтай гэж үзэж байсан. Гэтэл өнөөдөр Харвардад сурч байсан биш. Багшилж байсан хүнийг дэд сайдаар тавьсан чинь МАН-ынхан боож үхэх гээд байх юм.
-Тэр мундаг хүн хэн бэ?
-Эрүүл мэндийн дэд сайд Амарсанаа. Токиогийн их сургууль төгссөн. Харвардад багшилж байгаад ирсэн. Манай нам орчин цагийн боловсролтой залуучуудыг илүү дэмжиж байна. Ер нь орчин цагийн боловсролтой залуус нам харгалзалгүй бие биенээ дэмжих хэрэгтэй. Энэ нь монголын хөгжилд хэрэгтэй шүү дээ. Ах дүүгээ ажлаар хангасан гэж шүүмжлээд байгаа юм. Тэрний оронд тэр хүн тийм шалгуураар тэнцэхгүй байна гээд баримт гаргаад ирвэл, тэд нарын гомдолгүйгээр бид өөрчлөнө. Энэ бол манай намын хатуу байр суурь. Хэн нэг нь ажлаа хийж чадахгүй бол хэний ах дүү, аль намынх байсан бидэнд хамаагүй. Ажлаас нь чөлөөлнө. Манай нам залуучууд ихтэй. Энэ хүмүүс төрд хоноцын сэтгэлгээгээр хандаж албан тушаалд байхдаа идэж уухыг урьтал болгоод байвал дараагийн олон сонгуульд орхгүй биз дээ. Тиймээс төрд алба хашиж байгаа манай намын гишүүд мөрийн хөтөлбөр, ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээнэ. Өр хэний ч, юуны ч өмнө хариуцлага хүлээхгүй. Намын удирдлага өөрийн намын гишүүд болон төрийн нийт албан хаагчдад ийм шалгуур тавьж байгаа. Ажлаа сайн хийгээд явж байгаа төрийн албан хаагч элдэв холбоо байгуулж, мэдэгдэл гаргах шаардлагагүй.
Шинэчлэлд хугацаа хэрэгтэй
-Нийслэлчүүд АН-аас багагүй зүйл хүртэж эхэллээ. Нийт орон даяараа хэзээ хүртэж эхлэх бол?
-Нийгэм шинэчлэлийг хүлээж байна. Шинэчлэл гэдэг бол байнга хийгдэж байх ёстой. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил зогсонги байдалд орсон. Нийгэм даяар шинэчлэл хийхэд цаг хугацаа орно. Сүүлийн үед манай намд хандаж байгаа иргэдийн ихэнх нь хэвлэлийн хуулийн хувь заяа ямар шатанд байна гэсэн асуулт байна. АН бол хэвлэлийн эрх чөлөөний хуулийн эцэг гэж болно. Энэ хууль батлагдахгүй олон жил болж байгаа. Одоо ардчилсан Засгийн газар энэ хуулийг батална. Хуулиас өмнө ч Засгийн газар олон арга хэмжээ авч байна. Иргэддээ төрийн ордныг нээж өгсөн. Засгийн газар өдөр шөнөгүй ажиллаж байна. Төрийн албан хаагчид ажлын өдрүүдэд дотоод ажил нэрээр хоёр хоног амардаг байсан. Үүнийг зогсоосон. Төсвийн эрхийг дарга нараас салгаж иргэд оролцох боломж олгосон гээд олон ажил хийж байна. Энэ бүхний үр шимийг иргэд хүртэнэ. Төр ил тод байх, хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг АН нийгмийн харилцааны хамгийн чухал асуудал гэж үздэг. Өмнө байнга хоёр, гуравдугаар зэрэглэлд явж ирсэн.
-АН АНУ-ын намуудтай ямар харьцаатай байдаг вэ?
-АНУ-ын БНН /Бүгд найрамдах нам/-тай илүү харилцаатай. Туршлага, мэдээлэл солилцоно. Болвсон хүчин солилцоно. Ялангуяа боловсон хүчин бэлтгэх асуудал дээр их анхаарч байгаа. Зөвхөн манай нам явцууралгүй. Монгол залуусыг АНУ-ын нэр хүндтэй сургуульд суралцуулах талаар томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа.
-Залуус гадаадад бүү хэл дотоодод суралцахад хүн байгаа шүү дээ?
-Намуудын ялгаа энд харагдаад байна л даа. Бид залуусыг чанартай ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлж байна. Боломжийн цалинтай залуус байраа авах, гадаадад сурах нь тэдний сонголт. Бүгдийг нь оюутан болгох, эсвэл байраар ханган гэдэг нь төрийн бодлого байх ёсгүй. Тэдэнд өөрийн хүсэл, чадлаар сонголт хийх боломж өгнө. Тэр нь ажлын байр. Залууст 20 мянган төгрөг өгөх шаардлага МАН тавьж байна. Хөл, гар нь эрүүл залуус сарын 20 мянган төгрөгөөр амьдрахгүй биз дээ. Тэрний оронд өндөр цалинтай залуу хос ганц хоёр жил ажиллаад гадаадад сурах, эсвэл орон авах мөнгөө хийчихдэг болбол хэн 20 мянган төгрөг нэхээд явах вэ дээ.
Засгийн газар нам тэжээдэг байсан
-Залуус нам, компани дагахгүй бол дээшээ гарахгүй гэдэг болчихож.
-Төр нь ард түмэндээ биш эрх баригч намдаа үйлчилдэг болчихоор тэгээд байгаа юм. Тийм учраас АН ард түмэндээ илүү эрх, илүү чанартай ажлын байр бий болгох гэж Хөдөлмөрийн яам байгуулсан. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар ард түмнийхээ төлөө гэхээс илүү намдаа илүү үйлчилсэн. Түүнийхээ хариуд эрх баригч байхаа больсон. Өнөөдөр тийм байдал давтагдахгүй. Залуучууд хөдөлмөрлөх, компани байгуулах эрх эдэлнэ. Эрх чөлөөтэй бол манай залуучуудын хийх бүтээх чадал боловсрол хангалттай. Гадаадад гарсан монгол бүр мөнгө хийгээд байдаг. Дотооддоо л хүн биш болчихдог. Гэтэл манай нэг хүнд ноогдох баялаг хангалттай их. Бизнесийн эрх чөлөө нийтэд биш, нэг хэсэгт үйлчлээд ирэхээр л эрх баригч намыг дагахаас өөр аргагүй болчихож байгаа юм. Удахгүй өөр болно. Залуус улс төргүйгээр сайхан амьдрах боломжтой болно.
-Намыг төрөөс зайлуулна гэсэн үг үү?
-Эрх баригч нам сонгогчдын саналыг авсан мөрийн хөтөлбөрөө л хэрэгжүүлнэ. Намаа, намын гишүүдээ төрийн нэрээр тордоод байж болохгүй. МАН дэндүү нүсэр бүтэцтэй нам. Энэ нам оршин тогнохын тулд төрөөс дутуугүй зардал гарна. Энэ мөнгөө босгохын тулд гишүүдээ төрд байршуулна. Төрийн зардал нэмэгдэх тусам намынх нь зардал өсөөд байна. Сайн анзаарсан бол байсхийгээд л МАН-ын гишүүд өмч хөрөнгөний асуудалтай холбогддог. МАН дандаа муу хүн ордоггүй. Тогтолцоо, бүтэц нь гишүүнээ эвдээд байгаа юм.
-Танай нам юугаараа ялгаатай юм?
-Төрийг цомхон чадварлаг байлгана.
-Яамд, сайдын тоог нэмж үү?
-Тийм ойлголт нийгэмд тараагаад байгаа юм. Төсвийн тогтвортой байдлын хуулиар төрийн зардал нэмэх эрх хэн ч байхгүй. Өмнөхөөс төрийн зардал нэмэгдээгүй. Төрийн алба үйлчилгээ муутай гэдэг. Үнэн хэрэгтээ манай төрийн жирийн албан хаагчийн ачаалал маш өндөр. Хийхгүй юм гэж байхгүй. Цалин бага, цаг урт, байнга өндөр нервтэй. Хүний чадал хязгаартай байдаг байхгүй. Ямар ч өндөр чадвартай хүнд хязгаар байдаг. Ийм нөхцөлд чанартай сайн үйлчилгээ нэхэх нь утгагүй. Түүний оронд ТББ, хувь хүн хийчих ажлыг заавал төр хийгээд байх шаардлага байхгүй. Манай нам энэ чиглэл рүү явж байгаа. Төрийн албан хаагчийн ачаалал хөнгөрөхөөс гадна, мэргэжлийн байгууллагууд үйлчилгээ үзүүлнэ.
-Сүүлийн үед залуус намд ихээр элсэж байгаа мэдээ гарч байна.
-Нам уг нь бодлоготой л байх ёстой. Олон гишүүнтэй гэдэг нь коммунист үзэл суртал. Одоо бол хошин шог. Манай сонгогчдын 25 хүрэхгүй хувь нь намын харьяалалтай. 75 хувь нь нам сонирхохгүй байхад олон гишүүн элссэн тухай МАН суртал хийж байгаа юм. Иргэдэд аль нэг намын бодлого чухал болохоос хэдэн гишүүнтэй байх нь сонин биш. Нам олон гишүүнтэй байх тусмаа идэх уух нь нэмэгдэж төрийг бузарладаг гэдэг. Би бол нам гишүүнчлэлгүй байх нь зөв гэж боддог. Мэргэжил боловсролдоо сайн бол төр чамайг хөлсөлнө.
-Өндөр мэрэгжилтнүүд нам, засагт шургахгүйгээр мэргэжлийн ажлаа хийж болно гэсэн үг үү?
-Тийм. Төр ийм ажил байна гэж зарлана. Та очоод ингэж хийнэ гээд төсөл өгөөд л ажилтай болж болно гэсэн үг. Ганцхан шалгуур мэргэжил боловсрол. Өмнө нь мэргэжлийн ажлаа хийхийн тулд заавал нам дагаж, яаманд шургалах шаардлагатай байсан. Одоо мэргэжлээрээ компани, бусадтай нийлээд ТББ байгуулаад төрөөс захиалга авч болно.
-Бизнесменүүд Засгийн газар гэнэт шийдвэр гаргадаг гэж гомдоллодог.
-Намаа тэжээх сонирхолд хөтлөгдөөд тийм шийдвэр гаргадаг байсан. Засагт ойр бизнесменүүддээ мэдээллээ өгнө. Шийдвэрийн үр шимийг эрх баригч нам дагасан хэдхэн бизнесмен хүртэнэ. Олонх нь хохироод үлдэнэ. Нам Е нам гэдэг хөтөлбөр хэрэгжүүлнэ. Цахим хэлбэрт орно. Эндээс иргэд аль намаас үл хамааран Засгийн газрын бодлогыг урьдчилан харж болно. Шинэ Засгийн газар гэнэт мэргэн жараахай царайлсан шийдвэр гаргахгүй. Шийдвэрт хамрагдах хүрээнийхэнтэй санал солилцох, хэлэлцүүлэг явуулах журмаар эцсийн шийдвэр гаргана. Өөрөөр хэлбэл Засгийн газар бизнесменүүдийг гэнэтийн шийдвэр гаргаж хохироохгүй.
Х.Баттөгс

Tuesday, April 3, 2012

Митт Ромнигийн сонгуулийн сурталчилгааны “ухаалаг” тактик


2012 он нь монголчуудын төдийгүй дэлхий нийтийн хувьд ч сонгуулийн жил юм. Учир нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгогчид уруу довтлох  улс төрчдийн үй олон сурталчилгаа, залхмаар хэрүүл мэтгэлцээний их довтолгоонд энэ жил Монгол, Орос, Франц, Египет, Америк, Венесуэл, Мексик, Хятад, Кени зэрэг арваад орны  сонгогчид орж байна.
Даяаршлын үр шимээр улс төрөөс хамааралгүй амьдарч чадах чадвартай иргэд нийгмийн олонхийг бүрдүүлэх болсон энэ цагт сонгогчдод таалагдах сонгуулийн шинэ стратегийг олж хэрэгжүүлэх гэж улс төрчид, тэдний сонгуулийн штабынхан толгойгоо шааж суугаа талаар судлаачид бичих боллоо. Тэгвэл сонгуулийн менежментийн талаар тэргүүлэх технологитой гэгдэг Америкийн улс төрчид ямархуу сонгуулийн стратеги боловсруулсан талаар Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнигийн кампанит ажлаар жишээ аван товч сонирхуулж байна.
Америкчууд 45 дахь ерөнхийлөгчөөрөө хэнийг сонгох хүсэлтэй байгаа талаар алдарт Галлапийн судалгааны агентлагаас санал асуулга явуулжээ. Тэдний судалгаагаар америкчуудын 46 хувь нь л ерөнхийлөгч Обамаг дэмжинэ гэсэн бол өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшихээр өрсөлдөж буй Митт Ромниг 50 хувь нь дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. Галлапийн судалгаа бол мэргэжлийн хувьд хамгийн нэр хүндтэй судалгаа бөгөөд 1948 онд Харри Трумен дээр алдсаныг эс тооцвол 1936 оноос хойш өнөөг хүртэл Америкийн бүх ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг урьдчилан зөв тооцож ирснээрээ алдартай юм.
Ингэж Митт Ромни амжилттай ажиллаж чадаж байгаагийн үндсэн шалтгаан нь түүний сонгуулийн менежерүүд бүх сонгогчдод таалагдах сурталчилгаа хийх биш Америкийн нийгмийн гол давхраануудад тус бүрт нь чиглэсэн стратегийг сайн хэрэгжүүлж, сонгогчдын хүлээлтийг буй болгож чадсанд ажээ. Менежерүүд нь түүний сонгуулийн стратегийг боловсруулахдаа хоёр нийгмийн давхарга уруу чиглэнэ гэж тооцсон байна.
Эмэгтэй Бүгд найрамдахчуудын “хайрыг татах”  стратеги
Өнөөдөр Ромни Обаматай өрсөлдөхийн тулд эхлээд намынхаа сунгаандаа Бүгд найрамдах намынхантайгаа хүч үзэж байна. Бүгд найрамдахчуудын олонхын санал авахын тулд гэртээ байдаг төдийгүй гэр бүлийн үнэт зүйлс болох ариун хайр, олон хүүхэд, шашинлаг байдал, жинхэнэ эр хүн зэргийг түлхүү шалгуураа болгодог гэртээ суудаг эмэгтэйчүүдийн саналыг авахаар төлөвлөж ажилласан гэнэ. Ийм эмэгтэй сонгогчдын 70 хувь нь Митт Ромниг гоё үстэй, гэр бүлдээ үнэнч, халамжтай гэсэн зан чанартай учраас сонгож байгаагаа илэрхийлжээ. Холливудын кинонууд дээр л секс имижтэй гардаг болохоос Америкийн эмэгтэй сонгогчид гэр бүлийн уламжлалт зан харилцаа, шашны итгэл үнэмшил, үнэнч байдлыг хамгийн өндөр хувьтай улс төрийн шалгуур болгож хардаг юм. 
Эдийн засгийн чиг баримжаатай сонгогчдод таалагдах стратеги
Социологичдын бүгд санал нэгтэй хүлээн зөвшөөрснөөр Америкийн сонгогчид бол эдийн засгийн чиг баримжаатай сонгогчид юм. Олонх америк сонгогчдын улс төрийг харах эхний өнцөг нь өөрийнх нь эдийн засгийн амьдралд сайнаар болон муугаар нөлөөлж байгаа эсэх дээр л сонголтоо хийдэг. Жорж Вашингтоны их сургуулийн профессор Давид Канторын хийсэн статистик судалгаагаар Америкийн нийт хар арьст сонгогчдын 95 хувь, испани гаралтай сонгогчдын 67 хувь нь Обамагийн төлөө саналаа “дугуйлжээ”. Одоо болж буй их хямралаар ажилгүй болж байгаа америкчуудын олонх нь цагаанууд биш харууд, испаниуд байгаа болохоор тэдэнтэй тулж ажиллах ёстойгоо хашир Ромни сайн мэднэ.
Ромнигийн Обамагийн эсрэг хийсэн дайралтуудын 80 хувь нь ажилгүйдэл нэмэгдсэн, элдэв төрлийн халамж, тэтгэлэг нь эдийн засгийг сулруулахын хэрээр тэд сая саяараа ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна гэж хүчтэй шүүмжилж байна.  Ингэснээр богино хугацаанд нийгмийн дундаж давхаргаас доош ажилчин анги буюу blue collar гэх хөх захтнуудын дэмжлэгийг ихээр аваад байна.
Улс төр үл сонирхогчдыг өөртөө татах стратеги
Коммунизмын дараах дэлхийн эдийн засгийн хямрал нь ардчилсан орнуудын улс төрчдөд шинэ шалгуурыг авчирч байгаа нь энэхүү хямралыг шийдэх менежментийн шийдэл нь юу вэ гэдгийг олон нийтэд санал болгох ёстой гэсэн сонгогчдын тулгалт юм. Харамсалтай нь одоогоор аль ч орны улс төрчид ийм мэргэн шийдлийг гаргаж чадаагүй байгааг нотлох  Обамагийн нэр хүндийн уналт төдийгүй Европын холбооны мухардал, Итали, Орос, Грекийн хямрал гээд хангалттай баримтууд бий. Монголын улс төрчдийн хувьд энэ шийдлээ сонгогч бүрт бэлэн мөнгө өгөх муйхар аргаар худалдан авах технологи хэрэглэж байгаа билээ.
Чухам сонгогчдын ийм шалгуур дээр Ромни өөрийгөө асуудлыг шийддэг улс төрч хэмээн сурталчилж байгаа бөгөөд түүнийхээ баримт хэмээн 2002 оны Солт лейкийн өвлийн олимпийг маш амжилттай зохион байгуулж чадсанаа Америкийн сонгогчдод эргэн дурсахыг санал болгосоор байна. Түүний энэ сурталчилгаа улс төрчдийн унхиагүй байдлаас болж улс төрд итгэл алдарсан, сонгуулийн идэвхгүй болсон хэсгийн итгэлийг эргэн олж, сонгуулийн кампанит ажлаа ялалтанд хүргэх стратеги юм. Мэдээж энэ хэсгийнхэн Обамад дургүй болсон бөгөөд нийт сонгогчдын 72 хувь нь Обама change хийж чадахгүй хэмээн Галлапийн судалгаанд хариулсан гэнэ.
Өнгөрсөн долоо хоногт улс төр сонирхогчдод зориулан нэгэн реклам хийхээр штабын ажилтнууд хэсэг сонгогчдод үзүүлжээ. Реклам эхлэхдээ “Танилц, АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч “ухаалаг ”  Митт Ромни” гэсэн үгтэй байсан бөгөөд реклам үзсэн сонгогчдын 20 хувь нь Ромниг өмнө нь Америкийн ерөнхийлөгч байсныг санаж байна гэсэн сонирхолтой хариултыг өгчээ. Сонгуулийн зөв менежментийн сонгодог жишээ биш гэж үү.
О.Чулуунбилэг